Б.Бадрах: Монгол хүн өөрөө брэнд болох ёстой

Хуучирсан мэдээ: 2023.03.07-нд нийтлэгдсэн

Б.Бадрах: Монгол хүн өөрөө брэнд болох ёстой

Б.Бадрах: Монгол хүн өөрөө брэнд болох ёстой

Хүн бүр гадаад болон дотоодын үзэсгэлэнт сайхан байгалиар аялах дуртай байдаг. Аялал гэдэг дан ганц байгалийн сайхныг бишрэн харах бус тухайн газрын соёл, ёс заншлаас суралцаж хүмүүсийнх нь харилцаа болон хоолны соёлыг нь таних нэгээхэн арга билээ. Монгол уламжлалын хоол хүнс цагаан идээ, мах, монгол архи зэрэг байдаг ч гэлээ монголчууд өөрөө брэнд болж шинэ “Монгол хоол” зохиох хэрэгтэй гэж үздэг "Гастро" аяллыг Монголд хөгжүүлэхийн төлөө явж буй Б.Бадрах буюу олон хүний мэдэхээр Бамбуутай ярилцлаа.


-Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

– Намайг Батнасангийн Бадрах гэдэг. Хүмүүс Бамбуу гэдгээр минь сайн мэддэг. Миний бага нас ОХУ-ын Санкт-Петербургт өнгөрсөн. Өсвөр насандаа Монголдоо ирээд идэр насандаа баруун Европын орнуудаар байсан. Багаасаа л аялах дуртай хүүхэд байлаа. Ээжийгээ дагаад л Монгол орноороо аялдаг байсан. Тиймдээ ч байгальд хайртай, байгальтай ойрхон өссөн гэж боддог. Манай аав Монгол улсын иргэний нисэх хүчний Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч Р.Батнасан гэж хүн байдаг. Миний охин Б.Оюунзаяа Унгар улсад Дебрэцэн хотын Нисэхийн академид мэргэжлийн сургуульд сурч байгаа.

-Та ямар мэргэжилтэй вэ?

– Гадаад хэл, гадаад харилцааны мэргэжилтэй хүн. Бүр сэтгүүлчээр ч сурч байсан хоолны чиглэлийн мэргэжилтэй хүн биш шүү дээ. Байгалийн шалгарсан тэнэмэл генд байдаг гэдэг шиг тэнэж явах үедээ өөрөө хоол хийх шаардлагатай болно. Тэгээд л энэ гараа маань эхэлсэн дээ.

-Гастро-аялал гэж ямар аяллыг хэлж байна вэ?

-Гастро-аялал нь байгалийн сайханд амарч, амттай хоолыг хийх зэргээр жуулчдыг хоолоор татах арга юм л даа.

-Анх яагаад гастро-аяллыг Монголд хөгжүүлэх хэрэгтэй гэж бодсон бэ?

-Багадаа гадаад оронд өссөн, аялах дуртай байсан болохоор гадаад найзууд ихтэй. Найзууд маань ч монгол орноор аялах сонирхолтой байсан. Аялаад явж байхад байгалийн сайхан нь байсан ч хоол дутагдалтай юм байна гэдгийг анзаарсан. Аль хэдэн зуун жилийн өмнө л байсан бууз, хуушууртайгаа л байж байна. Бас монголчууд Монголд ирсэн л бол зөвхөн монгол хоол идэх ёстой гэсэн ташаа ойлголттой байдаг.

Тиймдээ ч айраг ууж чадахгүй хүнийг айраг уу гэж шахах тохиолдол ч харагддаг. Энэ нь амсуулах маягтай л явахаас биш соёлдоо орохгүй шүү дээ. Монгол хоолыг Европ хоолтой хослуулаад тухайн хүний онцлогт таарсан, эрүүл мэнд болон хоолыг мэдрэх таашаалыг бодолцон хийх нь зүйтэй.

Миний хувьд гадаад найзууд маань Монголд ирэх үед өөрөө аяллын хоол хийж өгдөг. Тэд ч монгол орон болоод хоол хүнсийг нь цааш түгээж, таниулдаг. Орон орны хүмүүсийн онцлог байдаг. Жишээлбэл, монголчууд далайн хавч, наймаалж зэргийг хараад зэвүүцдэг бол тэд ч бас манай малын гэдэс, толгой зэргээс зэвүүцэх зүйл байдаг. Үүнийг л өөрчлөхийн тулд хослуулж хийе гэж бодож л хоолны аялал руу орсон доо. Хүн амьд байх хугацаандаа байнга л хоол идэж байдаг шүү дээ.

-Энэ аялалд хэдэн жилийг зарцуулсан бэ?  

-Гастро-аялалыг Монголд эхлүүлээд 20 гаруй жил болж байна.

-Гастро-аяллыг хөгжүүлэх олонд таниулахын тулд юу хийж байна вэ?

-Гастро-аяллыг Монголд хөгжүүлэхийн тулд засаг төрийг хүлээх биш өөрөө нөлөөлөөд явж байгаа. Хувь хүн өөрөө нөлөөлөх нь балчир хүүхдүүдээс авхуулаад настан буурлуудад хүртэл нөлөөлөөд, таниулаад явах боломжтой. Хүмүүс намайг зорьж ирж байгаа нь миний хамгийн том амжилт. Харин залуучуудыг анзаарах нь ээ гоё ширээ засаад түүнийгээ сошиалд нийтлээд явж байгаа нь Монголд Гастро-аялал хөгжиж байгаагийн нэг жишээ.

Анх нөлөөлөл үзүүлэх гэж их ганцаарддаг байсан. Тиймдээ ч одоогоос фестиваль, эвэнтүүдээр очъё гэж бодоод явж эхэлсэн. Мөсний баярт Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын дарга Ж.Төмөрсүх ах маань урилга ирүүлсэн. Тэгээд мөсөн гэр дотор мөсөн таваг, ширээн дээр олон үндэсний хоолнуудаас тавьж үзүүлсэн. Хүмүүс мөсний баярын хамгийн шинэлэг зүйл байна гэж хүлээж авч байна.

-Энэхүү аяллыг эхлүүлэхэд хүндрэлтэй зүйл юу байв?

-Монгол хүнээ монгол хүн хүндэлж байж аливаа юм хөгжинө гэж үздэг. 13 жилийн өмнө Өмнөд Америкийн индианчуудыг өөрийн хөрөнгөөр Монголдоо авчирч Соёлын төв өргөөнд үнэ төлбөргүй тоглуулж байлаа. Тэр үед хошин шогийнхноос 500 мянган төгрөг, надаас зургаан сая төгрөгийн түрээс авч байсан. Тэр үед гомдож, шантраагүй. Би бууж өгөх дургүй хүн л дээ.

Ухаантай төрөөгүй ч гэсэн ухамсартай байхад Монгол Улс хөгжинө. Би хэзээ ч ашгийн төлөө ажиллаж байгаагүй. Сэтгэл байхад бүх зүйл болдог.

-Монголчуудын харилцаа хандлага хэр түвшинд байна гэж бодож байна вэ?

-Зах зээлийн нийгэм рүү шилжсэнээс хойш хүний харилцаа хандлага муудаад байгаа. Хүмүүсийн харилцааг анзаараад байхад юуны түрүүнд мөнгө л ярьдаг болсон байна. Зураг даруулахад, морь унахад шууд л мөнгө нэхдэг. Тэр хүн мөнгөгүй бол аялаад явахгүй шүү дээ. Жуулчид үнэхээр таалагдсан бол хэлэх үнээс нь ч илүү мөнгө өгдөг. Эхлээд үйлчилгээгээ үзүүлчхээд дараа нь ярих хэрэгтэй. Үнэгүй байсан ч яадаг юм. Дараа нь тэр хүн мартахгүй шүү дээ.

Монгол сайхан сэтгэхүйгээ авч үлдээгүй байна. Монгол хүн өөрөө брэнд байх ёстой.

Хятадад chinism гэдэг зүйл гарч ирсэн шиг монгол хүний тусч, цайлган сайхан сэтгэлийг бизнестэй уялдуулаад монголизм гэдэг зүйл гаргаж ирэх юм сан л гэж боддог доо. Даанч харамсалтай нь монголчууд аав, ээжийгээ бурхнаа гэж боддог шиг зах зээлийн дүрэм гээд мөнгийг бурхнаа болгодог болчихсон байна. Мөнгө гэдэг зүйл хэрэглээ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

-Гастро-аяллаас гадна өвлийн аяллыг эхлүүлээд явж байгаа гэсэн. Энэ талаараа дурдвал?

-Авсралийн нэг найз маань над руу яриад “Танай улсад өвөл болоод бүх зүйл нь хөлддөг гэсэн үү. Мөсний загасчлалыг үзмээр байна” гэдэг санал тавьсан. Тэгэхэд л манай улсын цас, мөс чинь өөрөө брэнд байсан юм байна гэдгийг ойлгосон. Монголын аялал жуулчлалын компаниуд зун ажлаад өвөл зогсчихдог. Тэгэхэд мөс өрөмдөөд нүх гаргаж байгааг харах зарим халуун орны хүний нүдэнд сонирхолтой харагддаг юм билээ.

-Монголын аялал жуулчлалын салбар хэрхэн хөгжиж байна гэж хардаг бол?

-Монгол орны аймгуудаар аялаад нутгийн брэнд хоолыг асуухад архи, ааруул, нутгийн цагаан шувуу зэрэг тодорхой хоол байдаггүй. Гэтэл аймгийн брэнд хоолнуудаа өөрсдөө хийх хэрэгтэй. Хүнсний материалуудыг ашиглаад монгол хоол гэж гаргаж ирэх ёстой болохоос биш олон жилийн өмнө орж ирсэн бууз(баози), хуушуур(ху), цуйван(чао бин) зэрэг чинь монгол хоол биш шүү дээ.

Аялагчид “Бамбуугийн монгол хоол”-ыг идэх гээд зорьж ирдэг. Тэгэхэд би энэ монгол хоол биш зөвхөн бууз, хуушуур л монгол хоол гэж хэлж чадахгүй шүү дээ.

YouTube, словарь хараагүй. Өөрөө зохиогоод бүгдийг нь хийчихдэг. Хөдөө байдаг гэдэг асуудал биш болчихсон байна. Бүх газар интернэттэй болж байна. Хамгийн гол нь хүний өөрийн хүмүүжил, хөгжил байх ёстой. Сошиалоос бүх зүйлийг сурах боломжтой болсон байна шүү дээ. Ирээдүйд guide хэрэггүй ч болж магадгүй.

-Хөх сувд-2023 мөсний баярт оролцсон сэтгэгдлээ хэлбэл?

-Өмнө мөсний баярын талаар буруу ойлголттой явдаг байжээ. Энэ жилийн мөсний баяр сайн зохион байгуулалттай болж байна. Бие засах газар, авто машины зохицуулалтыг маш сайн хийжээ. Залуучуудыг ажиглаад байхад монгол дээл хувцсаа сайхан өмсч, хог хаяхгүй, “Далай ээж” дээрээ бие засахгүй соёлтой болсон байна. Архигүй баярлаж болдог гэдгийг Хөвсгөлчүүд маань харуулж байна.

Гурван хоногийн өмнө намайг ирэхэд далай дээр хоосон тал л байсан. Тэгэхэд гуравхан хоногийн дотор мөсөн хотхон хийгээд, тайз чимэглэлийг маш хурдацтай сайн хийсэн байна. Үүнээс монголчууд аливаа зүйлийг сайн хийж чаддаг гэдэг нь харагдаж байна.

-Гастро-аяллыг хөгжүүлэхэд залуучууддаа хандаж үг хэлэхгүй юу?

-Залуучууддаа хандаж хэлэхэд хоол хийхэд заавал мундаг, тогоочийн зэрэгтэй байх шаардлагагүй. Би тогоочийн зэрэггүй. Гадаад харилцааны мэргэжилтэй хүн гэдгээ дахиад хэлье. Өөрөө юмыг сурч мэдээд хийж эхлэх хэрэгтэй. Аян зуух, модон таваг зэргээс авхуулаад бүх зүйлээ заримыг нь өөрөө зохиож, санаа авах зүйлээс нь санаа авч л явсан. Гол нь шантарч л болохгүй.

Хүмүүст зөвлөгөө өгөхдөө ур чадварын зөвлөгөө өгдөг л дөө. Тэгэхдээ хүн бүрд ур чадвар байгаа. Гол нь сэтгэж, сэтгэл гаргах л хэрэгтэй. Жижиг зүйлээс л эхэлж байж хүн өсч дэвжинэ. Бүх юм нь бэлэн зүйл дээр хүн хэзээ ч хөгжихгүй. Ядаж л шорлогын шор авч байгаад өөрөө махаа амтлаад, олон янзаар хийж үзэх л хэрэгтэй. Цаашлаад галаа яаж тааруулах, махны болц зэргийг мэддэг болно. Өөрийгөө бага багаар хөгжүүлээрэй.

Э.Хулан, Б.Нямхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж