Кибер хамгааллын тухайд Израилаас сурч болох 7 чухал зүйл

Хуучирсан мэдээ: 2023.03.07-нд нийтлэгдсэн

Кибер хамгааллын тухайд Израилаас сурч болох 7 чухал зүйл

Нүдэнд харагдахгүйгээр цахим талбарт өрнөж буй кибер халдлагууд дэлхийн нийтийг түгшээсэн томоохон асуудлуудын нэг болсон. Техник технологи хөгжихийн хэрээр эрсдэл нь үлэмж томорсоор буй "кибер дайн" жижиг, том улс хэмээн ялгахгүй нөлөө тусгалаа үзүүлж, ихээхэн хохирол учруулсаар байгаа. Ердөө 9.3 сая хүн амтай ч кибер аюулгүй байдлын технологиор дэлхийд тэргүүлэгчдийн хэдийнэ нэг болсон Израилаас бид юу сурч болох вэ, тэдний давуу талууд юундаа байна вэ?

ТОМ ЗОРИЛГО 

Монголоос 2.7 дахин их хүн амтай Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Бид таван жилийн дотор кибер хамгааллын салбарт дэлхийн топ 5 улсын нэг болно” хэмээн 2011 онд зарлаж байв. “Ерөнхий сайд Биньямин Нетаньяху 2010 онд тагнуул болон кибер аюулгүй байдлыг чиглэлээр ажилладаг “8200” цэргийн нэгжээр зочилсныхоо дараа жил нь дээрх мэдэгдлээ зарласан. Кибер халдлага хэрхэн идэвхжиж, аюул занал нь томорч буйг бүрэн ойлгохын зэргэцээ энэ салбарыг хөгжүүлэх нь Израил шиг жижиг оронд томоохон боломжуудыг авчирч чадна гэдгийг харж чадсан” хэмээн Габи Портной хэлсэн. Өдгөө тус улс кибер хамгааллын инновацийн төв орон болж, хамгийн шилдэг технологи, үйлчилгээг нэвтрүүлэхээс гадна дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийг бэлдэж чадсан. Израилд зөвхөн кибер хамгааллын чиглэлээр ажилладаг 450 компани байдаг нь 10 тэрбум ам.долларын экспортын орлого олдог байна.

ШУУРХАЙ УТАС 119

119 бол Израилийн иргэдийн кибер халдлага мэдээллэх шуурхай утас. Америкийн 911-ийг урвуулсан дугаар бүхий энэ үйлчилгээг Кибер онцгой байдлын багийн (CERT) шууд удирдлага дор 2019 онд байгуулсан нь дэлхийд ийм төрлийн үйлчилгээ нэвтрүүлсэн анхны орон болжээ. 2022 онд энэ дугаарт ирсэн иргэдийн дуудлагын тусламжтайгаар 9108 онц ноцтой халдлагыг илрүүлж чадсан байна. Нийт дуудлагын 15 орчим хувийг “цагаан хакер”-ууд эзэлдэг бөгөөд төрийн байгууллага болон томоохон компаниудын цахим хуудас, системд нэвтэрч болзошгүй эрсдэл, кибер хамгааллын сул талуудыг нь илрүүлэн тусалдаг аж. Тэдний дунд жилийн турш уралдаан зарлаж, илрүүлсэн “эмзэг цэг”-үүдийн тоогоор жагсаалт гаргаж, шагнадаг тухай Израилийн Үндэсний кибер асуудал хариуцсан газрын дарга Габи Портной хэлж байлаа.

БЕЕР ШЕБА ДАХЬ “КИБЕР ЦЭРГҮҮД” 

Академик судалгааны төв, кибер аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг компаниуд, Кибер онцгой байдлын баг (Cyber emergency response team) тэргүүтэй төрийн байгууллагууд, цэргийн технологийн ангийнхан 200 метр алхаад хүрэх зайд байрладаг Беер Шебаг Израилийн “кибер технологийн нийслэл”-ээр зарласан нь томоохон алхам болжээ. Негевийн цөлд байрлах энэ хот нэгэн цагт хүнгүй шахам орхигдож байсан бол “Cyberseason”, “CyberArk” хэмээх дэлхийн хоёр том кибер компани судалгаа хөгжүүлэлтийн төвөө ийш нүүлгэснээр IBM, “Dell”, “Amazon”, “Cisco”, “Microsoft”, “Google” тэргүүтэй дэлхийн томчуудыг араасаа дагуулсан. Өдгөө энэ хотод 80 гаруй технологийн компани нүүж ирээд буй.

Израилийн 18 нас хүрсэн бүх хүн эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй цэргийн алба заавал хаах ёстой байдаг. Жил бүрийн шинэхэн цэргүүдээс 1500-г нь “Basmach Maslul Alpha” цэргийн сургуульд сонгон элсүүлдэг. Энэ суралцах хугацаандаа “кибер цэрэг” болж бэлтгэгддэг хэдий ч албаа хаасны дараа ихэнх нь шууд кибер технологийн компаниудад ажилд ордог бол цөөнгүй хувь нь цэргийн салбартаа кибер аюулгүй байдлын чиглэлээр үргэлжлүүлэн ажилладаг аж. Энэ сургуулийг кибер лаборатори болон энэ чиглэлийн компаниудын хотхонд байгуулсан учраас практик хичээл түлхүү орж, “кибер цэргүүд” бодит кэйсүүдээс суралцдаг.

ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ЭХЛЭН БЭЛДЭХ НЬ 

Израил хүүхдүүд кибер аюулгүй байдлын талаар та бидний ихэнхээс илүү мэдлэгтэй байж мэднэ. Энд хүүхдүүдэд цэцэрлэгийн наснаас нь эхлээд технологийн анхан шатны мэдэгдэхүүнийг өгдөг бөгөөд дөрөвдүгээр ангиасаа эхэлж компьютерийн программ сурч, аравдугаар анги хүрэхдээ код бичих, наад захын кибер халдлагаас өөрийгөө болон ойр тойрныхноо хамгаалахуйц мэдлэгтэй болдог аж. Ахлал ангийн сурагчдаас сонгож кибер технологийн чиглэлд ирээдүйтэй, сонирхолтой хүүхдүүдэд зориулсан Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр бий бөгөөд тэд цэргийн алба хаахаас өмнө илүү мэргэших боломжтой.

Сонирхуулахад, Израил кибер хамгааллын чиглэлээр сурагч, оюутнууд бие даан докторын зэрэг хамгаалах боломжтой анхны улс болсон.

ТОО ЮУ ХЭЛЭХ ВЭ

Кибер хамгааллын чиглэлээр ажилладаг дэлхийн томоохон 500 компанийн 12 хувь нь Израилийнх. Энэ бол 32 хувийг эзэлдэг Сан Францискогийн дараа орох дэлхийн хоёр дахь том кластер болсон гэсэн үг.

2021 оны байдлаар кибер технологийн хөрөнгө оруулалтын 40 хувийг Израилийн компаниуд татсан бөгөөд кибер аюулгүй байдлын unicorn буюу тэрбум ам.долларын үнэлгээ давсан старт-апуудын гуравны нэгээс илүүг нь израил компаниуд эзэлж байна.

Өдгөө Израилийн экспортын 50 орчим хувийг өндөр технологи эзэлж буйн 15 хувь нь кибер хамгаалалтай холбоотой. 2021 онд энэ салбарын экспортын орлого 11 тэрбум ам.доллар байв. Энэ тоо жил ирэх бүр өсөх хүлээлттэй.

Мөн 2021 онд Израилийн кибер компаниуд 2,9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан нь АНУ-ын дараа хоёрдугаарт орохуйц дүн байв.

ОЛОН УЛСЫН КОМПАНИУДТАЙ ХАМТРАХ

Израилын кибер хамгааллын старт-апууд АНУ-ын фирмүүдтэй хамтрах, эсвэл бүр Nasdag дээр олон нийтэд нээлттэй компани болох нь энд энгийн үйл явдал болсон. 2014 оноос “Google”, “Microsoft” Израилийн компаниудыг сонирхож эхэлсэн гэх бөгөөд тус бүр 10 орчим израил компанийг худалдан авчээ. Технологийн акулуудын дээрх жишгийг “Apple”, “Qualcomm”, “Nvidia”, “Amazon”, “Intel” дагасан нь Израил хэдийнэ “гол цэг” болсныг батална.

            Өдгөө Израилд судалгаа, хөгжүүлэлтийн лаборатори байгуулаагүй олон улсын томоохон компани бараг үгүй.

CYBER ATTACKS & IRAN

“Дэлхийн бүхий л улсын адил Израилийг чиглэсэн кибер халдлага өдөр бүр болж буй. Гэхдээ бусдаас ялгаатай нь бидэнд Иран хэмээх гол дайсан бий. Илүү хорон, нарийн зохион байгуулалттай, засгийн газрынх нь оролцоотой кибер халдлагууд бидний гол асуудал” хэмээн Габи Портной ярьсан. 2022 онд Израилийн Үндэсний кибер асуудал хариуцсан газар 1000 гаруй томоохон кибер халдлагыг зогсоож чаджээ. Гэсэн хэдий ч эрсдэл арилсан гэсэн үг биш. Түүний хэлснээр 2022 онд Израил руу чиглэсэн кибер халдлага 137 хувь өссөн бөгөөд энэ дунд Иранаас чиглэлтэй нь хоёр дахин нэмэгджээ. Үүний хариуд 2011 онд агаарын довтолгооноос хамгаалах “төмөр дээвэр” (iron dome) системийг анхлан дэлхийд танилцуулж байсан Израил өдгөө “кибер дээвэр” (cyber dome) бүтээх том амбицаа зарласан.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж