Б.Ганхуяг, С.Батдөлийн хорих хугацааг сунгах эсэхийг шийднэ

Хуучирсан мэдээ: 2023.03.07-нд нийтлэгдсэн

Б.Ганхуяг, С.Батдөлийн хорих хугацааг сунгах эсэхийг шийднэ

Б.Ганхуяг, С.Батдөлийн хорих хугацааг сунгах эсэхийг шийднэ

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн шалгалтын ажил дуусаагүй байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн. Өдгөө "нүүрсний" эрүүгийн хэрэгт 50 гаруй хүнийг холбогдогчоор татаж цагдаагаас шалгаж буй. Эдгээр нэр холбогдсон хүмүүсээс дуулиантай саатуулагдсан, яллагдагчаар татагдсан зарим хүнийг цаашид үргэлжлүүлэн хорих эсэх асуудал олны анхаарлын төвд хэвээр байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, түүнтэй ойрын харилцаа холбоотой гэх "Эрдэнэс Тавантолгой"  компанийн захирал асан Б.Ганхуяг, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат нарын сүлжээ. Авлигатай тэмцэх газар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханаас гэрчийн мэдүүлэг авч, яллагдагчаар татсан талаар мэдэгдсэн. Гэхдээ шалгалтын ажил дуусаагүй учир тоймтой хариулт хэлээгүй.

Шүүхээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Х.Нурлатыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан цагдан хорих шийдвэр гаргасан. Түүнийг “Тавантолгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Яллагдагч Х.Нурлатыг шүүхээс эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, батлан даалтад гарган, суллах шийдвэрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд гаргажээ. Одоогоор дахин саатуулах эсэх шийдвэр  гараагүй байна.

Б.Ганхуягийг цагдан хорих хугацааг сунгах саналыг Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, нэгдүгээр сарын 3-нд шүүхээс түүнийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн билээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд түүнийг хорих хугацааг үргэлжлүүлэн нэг сараар сунгасан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо "хөрөнгө оруулалт" нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдсан.

С.БАТДӨЛИЙГ ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ СУНГАЖ МАГАДГҮЙ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг нэгдүгээр сарын 6-ны өдөр саатуулж, сулласан ч гурав хоногийн дараа сарын хугацаатай хорих шийдвэр гарсан. Тодруулбал, Нийслэлийн прокуророос С.Батдөлийг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны нэгдүгээр сарын 6-нд хүргүүлсэн байдаг. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нийслэлийн прокурор М.Энхбаатар, яллагдагч С.Батдөл, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан хянан хэлэлцээд, С.Батдөлийг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн юм.

Түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 9-нд дуусах байсан ч Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёрдугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, 8-нд хорих хугацааг дахин сунгасан.

Нийслэлийн прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих…” гэсэн заалтыг үндэслэн, яллагдагч С.Батдөлийг цагдан хорих хугацааг 30 хоногийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн юм.

С.Батдөлийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж, олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд, мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7,3 тэрбум  төгрөгийг мэдсээр байж ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж, байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан.

С.Батдөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэг /Татвараас зайлсхийх/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Ийнхүү тус хэргүүдийн шалгалтын ажил дуусаагүй бөгөөд гэрчүүдээс авсан мэдүүлэг, бусад нотлох баримт зэргээс шалтгаалж холбогдогчдын хүрээ тэлж байгааг АТГ-аас мэдэгдсэн. Тиймээс мөрдөн шалгалт явуулахад тодорхой хугацаа шаардлагатайг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж