Европын хотууд болон бусад улсын байгальд суурилсан онцлох шийдлүүд, байгалийн баялаг, үнэ цэнийг харуулахыг зорьдог Urban Nature Atlas сайтад манай улсын Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн бүртгэгджээ.
Дэлхийн хотуудын өнцөг булан бүрт орших томоохон жишиг цэцэрлэгт хүрээлэнгээс дурьдвал: АНУ- Цэнтрал парк /341 га талбайг хамрах бөгөөд жилд 42 сая орчим жуулчин ирдэг/ БНСУ- Ханганг цэцэрлэгт хүрээлэн /12 цэцэрлэгт хүрээлэнгээс бүрддэг./ Япон – Шинжүкү Гё-Эн үндэсний цэцэрлэгт хүрээлэн /58,3 га талбайтай, 3 өөр улсын хэв маягийг харуулсан/.
Монгол улсын хот доторх хамгийн том ногоон байгууламж болсон Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн нь нийт 11 га талбайг хамардаг бөгөөд амралтын өдрүүдээр тус бүр 10,000-12,000 хүн зорин очдог.
Туул голын эрэг дагуух энэхүү хүрээлэнд 25 төрлийн 5000 гаруй мод, бут сөөгийг тарьж, дуут шувуудыг нутагшуулан, бүтээн байгуулалтаа байгалийн элс модоор хийсэн тул иргэд 4 улирлын турш энд ирж цэвэр агаарт тухлан алжаал ядаргаагаа тайлсаар байгаа тухай Urban nature Atlas сайт онцолсон байна.
Монгол улс дахь Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тив дэлхийн хаанаас ч уншиж танилцах боломжтой болж байна. Түүнчлэн уг сайтад дэлхийн хотуудын болон бусад улс орны ногоон байгууламжийн 1000 гаруй шилдэг жишээ нийтлэгджээ.
Urban nature atlas нь улс үндэстнүүдийн бие биенээсээ туршлага судлан хэрэгжүүлж болох өндөр ач холбогдолтой дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сайт юм.
Холбоотой мэдээ