Сурвалжлага: Иргэд галын аюултай бүсэд амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2023.03.07-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Иргэд галын аюултай бүсэд амьдарч байна

Сурвалжлага: Иргэд галын аюултай бүсэд амьдарч байна

Гэр хорооллын айлуудтай хаяа залгаа Шатахуун түгээх станцууд байрлана. Энэ дүр зураг Монголд ямар ч стандарт мөрддөггүйн жишээ. Дүрэм журам, стандарт гэгч зөвхөн цагаан цаасан дээр бичигддэг гэдгийг батална. Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэл хотод өглөө босоод ирэхэд л нэг ШТС барьчихсан байдаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа иргэд галын аюултай бүсэд амьдарч буй талаар хөндөж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 35 аж ахуйн нэгжийн 278 шатахуун түгэх станц үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр аж ахуй нэгжүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авдаг.

Монгол Улсад мөрдөгддөг стандартын дагуу ШТС-ууд газар доор савтай бол орон сууц болон нийтийн барилга байгууламжаас хааш хаашаагаа 25 метрийн зайтай. Харин газар дээр савтай бол 40-80 метрийн зайд байрлах стандартыг дагаж мөрддөг. Бодит амьдрал дээр зарим газар энэ норм, стандартаа мөрдөгдөхгүй байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа юм.

“Барилгын норм ба дүрмийн тухай хууль”-д зааснаар ШТС нь хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хот байгуулалт, төлөвлөлтийн бодлого шаардлагыг хангасан байршилд холбогдох норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байхаар төлөвлөдөг байна.

Дэнжийн мянгын гэр хорооллын зам дагуу ШТС-ууд ярайна. Зэргэлдээ айлын хашааны хаалга тулах нь энүүхэнд. Иргэн Г.Туул “Манай гэрийн үүдэнд шахам ШТС ажилладаг. Бага насны хүүхэд тоглоход ч гэсэн эрсдэлтэй байдаг. Тиймээс ШТС-ыг гэр хороолол болон орон сууц, барилга байгууламжаас аль болох хол барих хэрэгтэй гэж бодож байна" гэв.

Иргэн Ц.Мэндбилэгийн хувьд "Хотод стандарт гэж байдаг бол түүнийгээ зөрчсөн л юм хийгээд байна. Худалдаа үйлчилгээ, орон сууц, эмнэлгийн хажууд хүртэл шатахуун түгээгүүрийн газар байна. Тиймээс анхнаасаа заасан дүрэм журмаар нь л барих ёстой байх. Тэгэхээр аль болох ойр орчмын барилга байгууламжаас хол барих хэрэгтэй" талаар хэллээ.

Хотын захын гэр хорооллуудад байрлалтай шатахуун түгээгүүрийн газруудыг харахад хоорондоо зэргэлдээ баригдсан байв. Эдгээр станцууд нь гэнэтийн аюул осол болсон тохиолдолд хоорондоо гал авалцаж шатах эрсдэлтэй. Мөн зарим нь айлын хашаанаас 10 алхам хүрэхгүй газар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийтийн орон сууц, барилга байгууламж дунд баригдсан станцууд ч цөөнгүй харагдлаа.

Иргэн Ч.Батбаяр “Үүнийг төр л мэднэ. Төр яагаад ийм зөвшөөрөл өгөөд байгаа юм. Жишээлбэл, Туркийн газар хөдлөлт шиг гамшиг, осол аваар Монголд тэр дундаа нийслэлд болвол байшин барилга нурах, тэсэрч дэлбэрэх эрсдэл өндөр байна. Тиймээс стандартын шаардлага хангахгүй шатахуун түгээх станцууд байгаа нь буруу. Намайг бага байхад машинууд хүнээ буулгаж байгаад шатахуунаа авдаг байсан. Одоо бол хамаагүй болжээ. Зөвшөөрөл өгч байгаа төрийн бодлоготой л холбоотой асуудал байх” хэмээн бухимдав.

“Шатахуун түгээгүүрийн станцууд нийтийн орон сууц барилгын хажууд байх нь буруу, гэнэт дэлбэрэхэд эрсдэлтэй. Юу ч мэдэхгүй гэртээ байж байгаад эрсдэлд өртөх аюултай. Тиймээс тодорхой заасан стандарт, нормын хэмжээндээ л байх ёстой” гэдгийг иргэн Н.Сарангэрэл хэлж байв.

ШТС-ын байршилд тавигдах шаардлага:

  • Тухайн орон нутгийн салхины зонхилох чиглэлийг үндэслэн орон сууц, үйлдвэрлэлийн болон олон нийтийн барилга байгууламжийн салхины доод талд байрлуулах
  • ШТС-д ослын улмаас шатахуун асгарсан тохиолдолд ШТС-ын эзэмшлийн газраас гадагш тархахгүй байхаар төлөвлөх
  • Хувийн гарааш ба автомашины ил зогсоолоос 18-30 метрийн зайд
  • Орон сууц, олон нийтийн газар барилгаас 25-80 метрийн зайд
  • Ерөнхий сүлжээний төмөр замаас 25-30 метрийн зайд
  • Худалдааны ТҮЦ, мухлагуудаас 20-25 метрийн зайд
  • Хатуу түлшээр галладаг байрнаас 50-150 метрийн зайд барих ёстой аж.

Тэгвэл олон улсад энэхүү стандарт харилцан адилгүй мөрдөгддөг. Жишээлбэл, АНУ-д шинээр барьж байгаа ШТС-ыг сургууль, эмнэлгийн байгууламжаас 50 метрээс багагүй зайд барих шаардлагатай. Харин БНСУ-д одоо мөрдөж буй дүрэм журмын дагуу олон нийтийн барилга байгууламжаас 60 метрээс холгүй зайд ШТС барих ёстой аж.

Тэгвэл Африк тивийн хүн амын өндөр нягтшилтай орнуудын нэг болох Руандагийн Бүгд Найрамдах Улсад сургууль, сүм хийд, нийтийн номын сан, эмнэлэг, олон нийтийн үйлчилгээ гэх мэт газраас хамгийн багадаа 100 метрийн зайд ШТС барих нормыг мөрддөг байна.

                                                                                                                          Н.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж