“Үзэсгэлэнт болгогч” хэмээх туулай жилийн цагаан сарын засал номоо хийлгэх иргэдийн хөлд Гандантэгчэнлин хийд дарагдаж буй. Учир нь өнөөдөр /2023.03.07/ шинийн 15-ны билэгт сайн өдөр тохиож байна. Шинийн 15-ны өдрийг бурханы шашинт улс орнууд ихэд бэлгэшээн, сайн үйл бүхэн дэлгэрч, муу үйлийг тэвчих өдөр хэмээн үздэг. Тиймдээ ч иргэд шинийн 15-нд багтаж засал номоо хийлгэхийг чухалчилдаг билээ. Гэхдээ сүүлийн үед иргэд цахимаар хуралд даган баясах нь ихэссэн байна. Цахим айлтгал нь тухайн хүн өөрийн төрсөн он, жилээ хийснээр уншуулах боломжтой номын жагсаалт гарч ирдэг. Тодруулбал, тус сайт руу нэвтрэн өөрийн төрсөн он, жил, хүйсээ бичихэд жилийн засал ном нь гарч ирэх бөгөөд төлбөрөө шилжүүлснээр баталгаажих юм.
Үүний дараагаар бүртгүүлсэн хаягт нь мэдээлэл ирж, баталгаажих бөгөөд номыг уншсан даруйд мөн иргэн рүү хариу илгээдэг байна.
Уламжлалт ёсонд жилийн засал хийх, мөр гаргах гэдгийг тодорхой тусгаж өгсөн байдаг. Заавал хэдний өдрийн дотор заслаа хийлгэх хэрэгтэй гэж заагаагүй ч хаврын эхэн сардаа багтаж заслаа хийлгэх нь зүйтэй. Хүн бүр засал номоо хийлгэх ёстой. Шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр. Энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэж бэлэгшээдэг. Энэ жилийн хувьд халдварт өвчин, цар тахлын тархалтаас шалтгаалж цахимаар засал номоо уншуулах сүсэгтнүүд нэмэгдсэн байна. Цахимаар уншуулсан, биечлэн ирж хуралд даган баяссан ялгаагүй л сүсэгтэн олон тухайн жилийн заслаа хийлгэсэн гэсэн үг.
Жилийн засал гэдэг нь шинжлэх ухааны ойлголт. Таван махбодь буюу гал, шороо, төмөр, ус, мод зэргийн хоорондын шүтэн барилдлагаас үүсч байгаа зүйл. Жишээлбэл, жил орох гэдэг ойлголт бий. Тиймээс нийт туулай жилтнүүд жилийн засал хийлгэнэ.
Хэрэв туулай жилтэй эрэгтэй хүмүүс гал суудалд, эмэгтэй нь ус суудалд суусан бол “суудлын гүм” гэдэг засал хийлгэх аж.
Энэ ном нь тухайн жилд аваар осолгүй, хар, цагаан хэл ам, атаа, чөтөөгүй, өвчин зовлонгүй байхын тухайд хийгддэг засал. Түүнээс гадна 1987 онд төрсөн хар туулай, 1951 онд төрсөн төмөр туулай жилтнүүдэд дөрвөн ногоон мэнгэ голлож байгаа. Мэнгэ голлосон хүмүүс мөн тусгайлан засал хийлгэх нь зөв. Хоёрдугаарт, их, бага харш жилийн ойлголт.
Их хар жилийн заслыг тахиа жилтэй хүмүүс хийлгэнэ. Бага харш жилийн хувьд хулгана, морь жилтэй хүмүүс хийлгэхээр байна.
Харин хонь, гахай жилтнүүдийн ивээл жил гарч байгаа. Эдгээр жилтнүүдэд их ээлтэй буюу бодсон санасан зүйл нь биелж, ажил үйлс нь өөдрөг байна. Гэхдээ ивээл жил хэдий ч тусгайлсан заслыг мөн хийлгэх хэрэгтэй гэдгийг Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д.Цогтбаатар хэлсэн юм.
Холбоотой мэдээ