Монголчууд сүүг цагаан сэтгэл, хүндлэлийн бэлгэдэл болгон идээний дээд хэмээн үзэж ирсэн уламжлалтай. Тиймдээ ч алс холын аян замын дөрөөг мялааж, тэнгэр бурханд ерөөлийн үгийг сүүний дээжтэй хамтатган өргөдөг билээ. Энэ тогтсон уламжлалаар овоо, шүтээнд ёсолдог байсан бол сүүлийн жилүүдэд нисэх онгоцны буудал дээр иргэд сүү өргөдөг заншилтай болов. Гадаадын бусад ямар ч улсад ийм үзэгдэл байдаггүй бөгөөд энэ нь нэг талаар монголчуудын соёлыг, нөгөө талаар бүдүүлэг байдлыг бусад орны хүмүүс гайхахад хүрч байна.
Тухайлбал, шинэ нисэх буудлын гадна талын хана цемент, шилэн хаалт руу сүү өргөж өнөөх нь нэг өдрийн дотор хэдийнэ дагширч, халтар болдог болжээ.
Учир нь хүмүүс гэр бүлээрээ аяга сүүг дээж болгон өргөх биш нэг, нэг литрээр нь сүү авч очиж, дуустал нь өргөж байгаа явдал. Цацах учиртай гэхэд түүний дараагаар хэн тухайн орчин, талбайг цэвэрлэх талаар хүмүүс огт боддоггүй нь харамсалтай. Орчин үеийн технологи, олон улсын стандартын дагуу барьсан нисэх онгоцны буудлыг гутааж байгаа нэг дүр зураг бол дээрх бүдүүлэг байдал.
СҮҮНИЙ ДЭЭЖ ӨРГӨХ ЗОРИУЛАЛТЫН ХЭСЭГ ШИЙДЭЖ ӨГӨХ НЬ ЗҮЙТЭЙ
Бичигдээгүй ёс уламжлалыг шууд хорих, хязгаарлахаас илүүтэй гарц гаргалгааг олох нь чухал. Тодруулбал, хайртай, дотны хүмүүсийнхээ аян замыг ерөөх талбай, сүү, идээний дээж өргөх хэсэг тусгайлан бэлдэж өгөх шаардлагатай. Хэрэгцээ байгаа учир түүнийг хангаж өгөх нь үйлчилгээний нэг хэсэг яах аргагүй мөн. Зориулалтын үдэлтийн талбайгүйгээс хүмүүс нисэх онгоцны буудлын гадна талын бүхий л талын талбайд дур мэдэн сүү өргөж, халтардуулж байгаа. Энэ нь талбайн үйлчилгээний ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэхэд ч хүндрэл учруулж байгаа нь тодорхой. Тиймээс нэгдүгээрт орчин талаас, хоёрдугаарт соёл гэж үзэж сүү өргөдөг заншилд тодорхой хэмжээний зохицуулалт хийх нь зүйтэй.
Угтаа бол хүн өөрийнхөө хувийн орон сууц, хашаа байшингийнхаа хана, цонх руу сүүг хайр, гамгүй өргөж, цацахгүй.
Тэгэхээр бидэнд хориг гэхээс илүү соёлтой байхыг ухамсарлах шаардлага мөн үүсч байна. Хэрэв сүү өргөх тогтсон цэгтэй болбол адаглаад л дагширч, өмхийрөхгүй байх бөгөөд цэвэр тохилог үйлчилгээний талбайтай нисэх онгоцны буудал зорчигч иргэдийг хүлээж авах билээ.
Холбоотой мэдээ