Испанийн Ерөнхий сайд засгийн газрын дээд түвшинд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах хуулийг өргөн барихаар төлөвлөж байна. Ингэснээр Засгийн газрын гишүүдийн 40-өөс доошгүй хувийг эрэгтэй, эмэгтэйчүүд эзэлдэг болно. Социалист удирдагч Педро Санчесийн зарласан алхам нь Испанийг хууль ёсны дагуу Засгийн газрын танхимын квоттой Европын анхны орнуудын нэг болгож, хүйсийн тэгш байдлыг хангах өргөн хүрээний багц арга хэмжээний нэг хэсэг болно.
“Хэрэв эмэгтэйчүүд нийгмийн тэн хагасыг төлөөлж байгаа бол улс төрийн эрх мэдлийн тал хувь нь, эдийн засгийн эрх мэдлийн тал нь эмэгтэйчүүдэд хамаарах ёстой” гэж Санчес мэдэгджээ.
Санчесийн Засгийн газарт 23 гишүүний 14 нь буюу 61 хувь нь эмэгтэйчүүд, тэр дундаа тус улсын гурван дэд ерөнхий сайд болох Надиа Кальвиньо, Йоланда Диаз, Тереза Рибера, Сангийн болон Батлан хамгаалахын сайд нар багтжээ. Одоогийн Засгийн газрын гишүүдийн 39 хувийг эрэгтэйчүүд бүрдүүлж байгаа нь Ерөнхий сайд, Шадар сайдыг оролцуулаад сайдын албан тушаалд “хүйс тус бүр нийт албан тушаалын 40-өөс доошгүй хувийг эзэлнэ” гэсэн хуулийн төсөлд тусгаснаас ердөө л нэгээр дутуу байна.
Европт анхны ижил төстэй квотыг Бельги 1994 онд нэвтрүүлж, сонгуулийн жагсаалтад нэг хүйсийн нэр дэвшигчдийн тоо гуравны хоёроос хэтрэхгүй байхаар заасан байдаг. Францын хуулийн дагуу 2000 оноос хойш ихэнх шатны сонгуулийн нэрсийн жагсаалтыг хүйсийн 50:50 харьцаатай тэнцүүлэх ёстой байсан.
ХБНГУ-ын канцлер Олаф Шольц 2021 онд албан тушаалдаа орохдоо танхимдаа хүйсийн тэгш байдлыг хангах үүрэг хүлээсэн ч нэгдүгээр сараас хойш тэрээр Батлан хамгаалахын сайд Кристин Ламбрехтийг Борис Писториусаар сольсны дараа эмэгтэй сайд нараас илүү эрэгтэй сайд нар ажиллах болсон. Францад Ерөнхийлөгч Эммануэль Макрон өмнөх Ерөнхийлөгч Франсуа Олландын 44 хүний бүрэлдэхүүнтэй кабинетдаа, тэр дундаа бага сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын дунд хүйсийн тэнцвэртэй байдлыг 50:50 харьцаатай байлгах амлалтыг үргэлжлүүлсэн боловч үүнийг хадгалах хуулийн шаардлага байхгүй гэж үзсэн.
Испанийн корпорацийн ертөнцөд 2024 оны долдугсар сар гэхэд бүртгэлтэй бүх компанийн ТУЗ-ийн суудлын 40-өөс доошгүй хувийг хүйс бүр эзлэхийг санал болгож буй хуульд заасан болно. Үүнтэй төстэй журам 2011 оноос хойш томоохон компаниудад мөрдөгдөж байгаа бөгөөд Франц зэрэг Европын бусад орнуудад ч ийм шаардлага аль хэдийн бий.
Өнгөрсөн жил батлагдсан ЕХ-ны удирдамжийн дагуу 2026 он гэхэд хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын гүйцэтгэх бус захирлын албан тушаалын 40 хувийг “бага төлөөлөлтэй хүйсийн гишүүд” эзэмшиж байхаар хууль тогтоомжийг бүх гишүүн орнууд батлах ёстой. Тухайн үед ЕХ-ны мэдээлснээр эвсэлд их, дээд сургуульд шинээр төгсөгчдийн 60 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ч компанийн ТУЗ-ийн гишүүдийн дөнгөж 31.5 хувийг эзэлж байна.
ЭХ СУРВАЛЖ: FINANCIAL TIMES
Холбоотой мэдээ