Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж сүржин нэртэй даржин газар бий. Эл газраас мэдэгдэл хийж, албан байгууллагуудад торгууль тавьдаг хэдий ч торгуулиа төлж байгаа нь хэд вэ. Мах, сүү, төмс, шатахуун, дэвтэр, цемент, эм тариа гээд торгохгүй аж ахуйн нэгж, бараа бүтээгдэхүүн гэж байхгүй. Өмнөх өдөр нь торголоо шүү гэж хэлж, сануулж байгаад л торгоно.
ШӨХТГ-аас хоёрдугаар сарын 28-ны өдөр “Юнивишн” компанид Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувьтай тэнцэх 1,163,740,176 төгрөгийн торгууль ногдуулсан. Учир нь гэр хороолол, орон сууцанд ялгавартай үнэ тогтоосон гэж үзсэн.
Үүнтэй холбоотойгоор Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав өөрийн сошиал хаягаар дамжуулж “Орон сууц болон гэр хороололд шилэн кабелийн үйлчилгээ үзүүлэх зардал ялгаатай байдаг. Бид алдагдалд орохгүйн тулд гэр хороололд үйлчилгээгээ зогсоох, эсвэл торгуулахгүйн тулд адил үнэтэй болгохоор орон сууцны айлуудад үзүүлж буй үйлчилгээнийхээ үнийг 4000 төгрөгөөр нэмэх хэрэгтэй болоод байна. Хувийн хэвшил, хэрэглэгчээ хохироосон шийдвэрээ эргэж харахыг хүсье” гэж байр сууриа илэрхийлжээ.
Хэрвээ “Юнивишн” компани дээрх шийдвэрээ хэрэгжүүлж эхэлбэл гэр хорооллын хэрэглэгч Юнивишнгүй болж эсвэл орон сууцны хэрэглэгч илүү үнэ төлж хохиррхоор болж байгаа юм.
Мөн “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн гуравдугаар сарын 2-ны өдөр “Мөнгө ба инфляци” сэдвээр олон нийтэд лекц уншсан билээ. Лекцийн үеэр гурилын үнээ нэмж байгаагаа зарласан. Үүний шалтгаан нь ШӨХТГ-аас ажлаа хийсний төлөө намайг торгосон. Тиймээс торгуулиа төлөхийн тулд бүтээгдэхүүний үнээ нэмэхээс өөр аргагүй болсон гэсэн юм. Тэрбээр “ШӨХТГ гэдэг чинь нэг нь нөгөөгөө ална гэсэн байгууллага шүү дээ. Нэг нь хэрэглэгч, нөгөө нь өрсөлдөөн. Аль нэгийг нь сонгох ёстой байгууллага юм. Хэрэглэгчээ сонгож, өрсөлдөөнийг байхгүй болгоно гэсэн санаа бий. Тиймээс дараагийн лекцээ “Өрсөлдөөн үү, Хэрэглэгч үү” сэдвээр тавина. Намайг чи гурилын үнээ үндэслэлгүй нэмж, ашиг олсон гэж торгосон. Би үүнийг ойлгохгүй байгаа. Ашиг хийлээ гээд торгоод байгаа юм уу. Мөн хэрэглэгчийг хохироож хууль бус арга хэрэглэсэн гэсэн. Хэрэглэгчийн зүгээс миний шахалтаар манай компанийн гурилыг аваагүй. Өөрийнхөө сонголтоор авч байгаа шүү дээ. Хэн ч хүчлээгүй, үнэтэйг нь авах уу, хямдыг нь авах уу гэдэг таны өөрийн сонголт. Гэвч “Шударга бусынхан” намайг торгосон. Миний торгуулийн мөнгийг хэрэглэгч та бүхэн л төлнө. Манай компанийн нөат, ашгийн татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг хэн төлөх юм. Эцэстээ энэ бүхэн хэрэглэгчийн нуруун дээр л очно шүү дээ” гэж ярьсан юм.
Мөн 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдөр ШӨХТГ-аас “Номин сүлжээ” дэлгүүрийг 6.9 тэрбумаар торгоно гэж мэдэгдэж байсан. Учир нь “ Номин сүлжээ” дэлгүүр хямд үнийг тогтооно гэж маркетингийн сурталчилгаа явуулдаг ч бараа нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад үйлчилгээний байгууллагаас үнэтэй байгаа талаар иргэдээс гомдол ирсэн. Тухайлбал, Оргил худалдааны төвд 3650 төгрөгөөр зарагдаж байсан ундаа “Номин сүлжээ” дэлгүүрт 3900 төгрөгийн үнэтэй байжээ. Харин тухайн үед “Номин сүлжээ” дэлгүүрийн зүгээс, манай дэлгүүр тухайн ундааг 3900 төгрөг болгон үнийг нь нэмэгдүүлэхээр болсон гэсэн хариу өгсөн байдаг.
ШХӨТГ-аас Орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр зээл олгосны шимтгэлийг 0.5-0 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн арилжааны банкнууд хэрэглэгчийг хохироосон тул 20 сая төгрөгийн торгуулийг 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдөр ногдуулсан аж. Үүнээс өмнө ШӨХТГ-аас нэр бүхий шатахуун, импортлогч, борлуулагч 26 компанийг торгохоо мэдэгдэж байсан.
ШӨХТГ-аас компаниуд хэдэн төгрөгийн торгуулийг баттайгаар төлсөн гэдгийг эргээд иргэдэд мэдээлдэггүй. Мөн хэрэглэгчийн хохирсон хохирлыг барагдуулах талаар дорвитой ажил хийхгүй байна. Учир нь тухайн байгууллагыг торгосон ч иргэдийн хохирол барагдахгүй юм.
ШӨХТГ-ын эрхэм зорилго нь Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд оршино гэж байдаг. Тэгвэл ШӨХТГ нь эрхэм зорилгоосоо хазайж чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг шударга бус торгуулиар хаах оролдлого хийж байна. Зах зээл дээр зарагдаж буй ижил төрлийн бараа бүтээгдэхүүн ялгаатай үнээр худалдаалагдаж болох юм. Нэг төрлийн бараа бүтээгдэхүүн олон газар худалдаалагдаж байдаг тул хэрэглэгч үнийн сонголт дээрээ тулгуурлан хаанаас авах нь өөрийн шийдвэр юм.
Г.ХУЛАН
Холбоотой мэдээ