"CNN" агентлаг өнгөрсөн сард Иран дахь эрүү шүүлтийн нууц төвүүдийг илрүүлжээ. Энэхүү нууц төвүүдийн сүлжээг шалгахыг АНУ-ын сенаторуудын хороо НҮБ-д уриалав. Олон тооны нууц хорих төвийг илчилсэн нь Иран улс үймээн самууныг дарахын тулд ард түмнээ тамлахад бэлэн байгааг харуулж байна гэж АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хороо мэдэгдлээ.
"Эдгээр нууц төвийг илрүүлсэн нь Ираны харгис хэрцгий дэглэмийн хамгийн сүүлийн жишээ юм. Олон улсын хамтын нийгэмлэг өөрийн иргэдээ тамлан зовоож байгаа Тегерантай хариуцлага тооцох хэрэгтэй" гэж Сенатын гадаад харилцааны хороо албан ёсны хаягаараа жиргэжээ.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл өнгөрсөн арваннэгдүгээр сард Иранд бие даасан мөрдөн байцаалт явуулж эхэлсэн.
Уг мөрдөн байцаалтаар эсэргүүцлийн жагсаалыг дарахын тулд зүй бусаар авирласан нотлох баримтыг цуглуулжээ. "CNN"-ийн Олон улсын мөрдөн байцаах алба өнгөрсөн сарын сүүлээр нууц хорих газруудын талаар мөрдөн байцаалтын дүнг нийтэлж, 30 гаруй далд шоронг ил болгосон. Уг шоронгуудад хоригдогсод асар хүндээр эрүүдүүлдэг. Тодруулбал, цахилгаанд цохиулах, хумсыг нь хуулах, хүлэх, зодох, бэлгийн хүчирхийлэл үйлдэх зэрэг үүнд багтана.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ