Дэлхий дахинд 2021 оны аравдугаар сараас хойш хэдэн зуун сая шувуу вирусийн улмаас үхэж үрэгджээ. Энэ бол дэлхийн түүхэн дэх хамгийн том дэгдэлт юм. Гэтэл сүүлийн саруудад шувууны ханиад хүнд халдсан тохиолдол гарч улам бүр түгшүүр төрүүлэх боллоо.
Камбожи улсад саяхан 11 настай хүүхэд шувууны ханиадаар нас барсан хэрэг гарав. Мөн Хятад улсад ч сэжигтэй тохиолдол илэрсэн. Гэхдээ Камбожид илэрсэн тохиолдол нь дэлхий даяарх шувуудыг олноор үхэж үрэгдэхэд хүргэсэн H5N1 вирусийн мутацилагдсан хувилбар буюу 2.3.4.4b омог юм. Эдгээр хүн халдвартай шувуудтай харьцаж байгаад халдвар авсан ба хүнээс хүнд халдсан эсэхийг хараахан тодруулаагүй байна.
ШУВУУНЫ ХАНИАД ГЭЖ ЮУ ВЭ?
Зэрлэг шувуудын дунд олон төрлийн шувууны ханиад байдаг. Эдгээр нь ихэвчлэн хөнгөн шинж тэмдэгтэй эсвэл огт шинж тэмдэггүй байдаг аж. Шувууны ханиадны вирус нь H ба N гэсэн хослолыг үүсгэдэг бөгөөд одоогоор дэлхий дахиныг санаа зовоож буй төрөл нь H5N1 ангиллын 2.3.4.4b омог юм.
Энэ омог нь 2020 онд анх Европ, Азид тархаж, дэгдэлт үүсгэсэн. Улмаар 2021 оны арванхоёрдугаар сард Хойд Америкт тархаж, үүний дараагаар зэрлэг шувуудын дунд өргөн цар хүрээтэй дэгдэлт үүсгэсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Өмнөд Америкт зэрлэг шувууд болон далайн хөхтөн амьтдын дунд дэгдэлт гарсан. Одоогоор Австрали болон Антарктидад нэг ч тохиолдол гараагүй байна.
Шувууны ханиад үүсгэгч вирус нь улирлын чанартай хүний томуу, гахай, адуу, нохойн томууг үүсгэгчтэй ижил боловч өөр өөр дэд хэлбэр, омогтой байдаг. Хүний томуугийн омгийг шувуунаас үүссэн гэх мэдээлэл ч бий.
Эрдэмтэд шувууны ханиадны шинэ омог их хэмжээгээр тархаж байгаад санаа зовж буй. Перу, Шинэ Английн далайн хөхтөн амьтад, Хойд Америк болон бусад орны зэрлэг үнэг, халиу, баавгай, элбэнх, Испанийн усны булга зэрэг амьтдад халдварын тохиолдол илэрсэн.
ХҮНД ХАЛДВАРЛАСАН ТОХИОЛДЛУУД
Камбожийн Прей Венг мужид амьдардаг 11 настай охин өнгөрсөн долоо хоногт шувууны ханиад буюу H5N1 халдвараар нас баржээ. Мутацид орсон H5N1 халдварын анхны хохирогч нь тус охин юм. Камбожийн эрдэмтэд охины вирусийн генетикийн дарааллыг тайлсан. Камбожийн зэрлэг шувуудын дунд тархсан H5N1 вирусийн 2.3.2.1c омгийг генетикийн шинжилгээгээр илрүүлсэн байна. Энэ нь дэлхий даяар хурдацтай тархаж, олон шувуу, хөхтөн амьтанд халдварласан 2.3.4.4b төрлөөс ялгаатай боловч санаа амарч болохгүйг эрдэмтэд сануулав.
Охины аав мөн вирусийн халдвар авсан ч ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Хүнээс хүнд халдсан эсэхийг нь албаныхан нотолж чадаагүй. Хэдийгээр магадлал бага гэх боловч үүнийг бүрэн үгүйсгэх боломжгүй юм. Камбожийн эрх баригчид аав, охин хоёрыг нэг эх үүсвэрээс буюу шувуунаас халдвар авсан байх магадлалтай гэлээ.
Нас барсан охин зургаа хоногийн өмнөөс халуурч, ханиалгаж, хоолой нь өвдөж эхэлжээ. Түүнийг нийслэл Пномпен хотын хүүхдийн эмнэлэгт хүргэсэн боловч хоёрдугаар сарын 22-нд нас барсан юм.
Камбожийн тохиолдолтой зэрэгцээд Хятадын зүүн хэсгийн Жиансу мужид амьдардаг нэгэн эмэгтэйгээс H5N1 буюу шувууны ханиадны халдвар илэрчээ. Тодруулбал, 53 настай эмэгтэйд нэгдүгээр сарын 31-нд шинж тэмдэг илэрч, хоёрдугаар сард шинжилгээний хариу эерэг гарчээ. Энэ тохиолдол нь дэлхий даяар тархаж, хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй гэх болгоомжлолыг төрүүлээд буй 2.3.4.4b омгоос үүдэлтэй болох нь тодорхой болжээ.
Дээрх тохиолдлууд нь шувууны ханиад хүнд халдварласан анхны мэдээлэл биш юм. Саяхан Эквадор улсад 2.3.4.4b омгоор хүүхэд халдварласан тохиолдол гарсан. 2.3.4.4 омгоор хүн өвчилсөн тохиолдол Орос, Хятад, Их Британи, АНУ, Испани, Вьетнамд гарсан. Хүмүүс өвчтэй шувуутай харьцсанаар халдвар авах боловч цаашаа хүнээс хүнд дамждаггүй гэж үзэж байна.
Гэхдээ энэ вирус мутацилагдаж, өөр өөр амьд биетэд дасан зохицсоор хөхтөн амьтад, цаашлаад хүн төрөлхтөний дунд тархах эрсдэл үүслээ. Байгалийн хувьслын нэг хэсэг гэдэг утгаараа зарим вирус шинэ хост руу үсрэх чадвартай байдаг. Жишээлбэл, сармагчны цэцэг өвчний вирус нь байгалиасаа мэрэгч амьтдад халдварлах шинж чанартай. Гэвч хэдэн жил тутамд хүний биед халдварласаар өнгөрсөн жил үргэлжилсэн дэгдэлт болсон.
ИРЭЭДҮЙД ХЭРХЭХ ВЭ?
Уур амьсгалын өөрчлөлт, хотжилт зэрэг хүчин зүйл нь хүн ба зэрлэг ан амьтдыг хооронд нь ойртуулж байгуу тул бид халдвар авсан амьтадтай харилцах боломж улам бүр нэмэгдэж байна. Гахай, шувуу, хүний томуугийн А вирусийн генийн хосолсон вирусээр үүсгэгдсэн цар тахлын түүхээс харахад А вирус нь зэрлэг болон олзлогдсон амьтдын дунд тууштай тархаж байна. Тиймээс үүнд байнгын хяналт хэрэгтэй юм.
Дэлхий даяарх төрийн байгууллагууд болон судлаачид шувуу, хөхтөн амьтдын ханиадны дэгдэлтийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах, геномын тандалт хийх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Геномын тандалт хийснээр вирус хаана тархаж байгаа, шинэ хостуудад хэрхэн дасан зохицож байгааг мэдэх боломжтой юм.
Эх сурвалж: THE CONVERSATION
Холбоотой мэдээ