Хаврын чуулганы халуун СЭДВҮҮД

Хуучирсан мэдээ: 2023.03.07-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганы халуун СЭДВҮҮД

Хаврын чуулганы халуун СЭДВҮҮД

Найм хоногийн дараа УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ. Энэ хаврын улс төр дуулиан шуугиантай эхэлнэ. Бүрэн эрхээсээ түдгэлзсэн гишүүдийн асуудлаас эхлээд зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг хэлэлцэж, Үндсэн хуульд гар дүрэх эсэхээ шийдвэрлэх халуун өдрүүд ойртож байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг нам доторх авлигачтайгаа тэмцэхийг олон нийт хүлээж суугаа.

Нэгдүгээрт, намрын чуулган өндөрлөхөд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нар гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, нүүрсний гэх хэрэгт шалгуулах хүсэлтэйгээ илэрхийлж, хууль хяналтын байгууллагаас өрсөж нүүдэл хийсэн.

Тэднийг бүрэн эрхээсээ түдгэлзэх эсэхийг хаврын чуулганаар шийднэ гэдгийг бүлгийн дарга хэлнэ лээ. Түүнээс гадна АТГ-аас өнгөрөгч долоо хоногт нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийн нэрсийг зарласан. Тэднийг дараагийн бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах гишүүд гэхэд хилсдэхгүй. Үүнд УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Д.Бат-Эрдэнэ нар багтсан. Яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийг прокуророос бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж улмаар УИХ-ын Халдашгүй байдлын байнгын хороо хуралдаж, эцэст нь гишүүд кноп дарж тэдний хувь заяаг шийддэг уламжлалтай. Энэ мэтчилэн орон нутаг, тойргоо хэссэн гишүүд тайлангаа тавьж, ээлжит улс төр, попролтоо хийх халуун өдрүүд ирж байна.

Хоёрдугаарт, өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд, МАН-ын дарга намуудын дарга нартай уулзаж, Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулийг энэ чуулганд багтааж өөрчлөх талаар зөвлөлдсөн. Үүнийг намуудын дарга нар ч дэмжиж, шилэн нам буюу сонгуулийн тогтолцоог өөрчилж, хандив санхүүжилтийг ил болгох, тогтолцоог өөрчлөх хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэх нь ойлгомжтой боллоо.

Цаашилбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар намуудтай тохиролцоонд хүрвэл сонгуулийг наашлуулах эсэхэд татгалзах зүйлгүй гэж мэдэгдсэн. Тиймээс энэ хаврын чуулганаар намууд,  гишүүд "даргын" үүдийг сахиж  мэдэх нь ээ.

Гуравдугаарт, хаврын чуулганаар 58 хууль тогтоолын төсөл хэлэлцэнэ. Чуулганаар хэлэлцэх хамгийн галтай хуулиудыг нэрлэвэл Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл, Газрын тухай багц хуулийн төсөл, Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл зэрэг томоохон хуулийн төслүүд багтаж буй юм. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлэх бол бусад хууль тогтоомжийг хэлэлцдэггүй зохицуулалттай.

Өнгөрөгч намрын чуулган нүүрсний гэх хэргээс өөр ярианы сэдэвгүй өндөрлөсөн. Үнэндээ, хулгайч, авлигачидтай тэмцэнэ гэх үгийг эрх баригчид улиг болтлоо хэлсэн ч нүүрсний хулгайн хэргээс хэнийг мултлах уу гэдэг тохироо хөшигний цаана өрнөж буй.

Үүнээс гадна он гарсаар эхний улиралтайгаа золгоход монголчууд баяраас баярын хооронд хөөрцөглөж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн онд эдийн засаг 4.8 хувиар өссөн гэж мэдээлсэн ч үнэн хэрэгтээ төгрөгийн ханш суларч, иргэд бүсээ чангалаад удаж байгаа билээ. Тиймээс олон нийтийн зүгээс хаврын чуулганыг авлигачтайгаа тэмцэж эдийн засгийг сэргээхэд чиглэсэн чуулган байгаасай гэж хүсч хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж