Байр суурь: "Хүнсний хувьсгал" Хөгжлийн банкны зээл шиг болох вий

Хуучирсан мэдээ: 2023.03.07-нд нийтлэгдсэн

Байр суурь: "Хүнсний хувьсгал" Хөгжлийн банкны зээл шиг болох вий

Байр суурь: "Хүнсний хувьсгал" Хөгжлийн банкны зээл шиг болох вий

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” өнгөрсөн долоо хоногт /2023.03.03/  Төрийн ордонд болсон. Үндэсний хөдөлгөөний хүрээнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашилбал хүнс экспортлогч орон болох, мөн малын өвчингүй эрүүл бүс бий болгох зорилтыг санаачлан дэвшүүлсэн. Тэр дундаа арилжааны банкууд үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, 2023 онд Засгийн газрын хүүгийн татаастай нийт нэг их наяд төгрөг хүртэлх бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт олгоно аж. Энэ талаар эдийн засагчдын байр суурийг хүргэе.


ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН:

-Эдийн засагт шинээр бэлэн мөнгөний нийлүүлэлт хийж, хэвлэж болохгүй. Учир нь эдийн засгийн нөхцөл байдал маань амаргүй байна. Инфляци, мөнгөний нийлүүлэлт хүндхэн байна. Арилжааны банкуудад хүүний татаас өгч, суларсан зээл олголтыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах шаардлагатай. Хамгийн гол нь арилжааны банкууд яг бизнесийн шалгуураар хүнсний чиглэлийн аж ахуй нэгж, үйлдвэрлэгчдэд олгож, банкны үндсэн зарчмын дагуу асуудалд хандах нь чухал. Тэрнээс биш шинээр мөнгө хэвлэж, Монголбанкийг татан оролцуулж, эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ямар ч боломжгүй.

Үндэсний хөдөлгөөний хүрээнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын тулд цэвэр бизнесийн шалгуур тавих ёстой.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөгжлийн банкны зээл шиг юм болчих вий. Хоёрдугаарт, нэмэлт бэлэн мөнгөний нийлүүлэлт хийж, инфляцийг өдөөчих вий. Одоо эдийн засаг руу ямар ч ухамсаргүйгээр мөнгөний нийлүүлэлт хийх ямар ч боломжгүй байна. Нэг их наяд төгрөгийн санхүүжилт гэдэг одоо байгаа мөнгөний нийлүүлэлтийн 3-4 хувьтай тэнцэх мөнгө. Тийм болохоор эдийн засагт байгаа мөнгийг зөв чиглэлд татан оруулж, зарцуулах нь чухал.

"ХҮНСНИЙ ЧИГЛЭЛИЙН СУУРЬ СУДАЛГААГ САЙТАР ХИЙХ ХЭРЭГТЭЙ"

ЭДИЙН ЗАСАГЧ С.БЯМБАХОРЛОО:

-Дэлхийн хүн ам найман тэрбум давлаа. Цаашдаа дэлхийн чиг хандлага руу чиглэж, эдийн засгийн хөрөнгө санхүүжилтыг хийх бүрэн боломжтой. Монголчуудын хүнсний гол бүтээгдэхүүн мах махан бүтээгдэхүүн. Одоо махаа экспортолж байгаагаас хэд дахин сайжруулж, дэлхийн жишиг нийцүүлэн маш үнэ цэнэтэйгээр зарж борлуулах боломж бий. Хамгийн чухал нь малын өвчлөлгүй, органик бүтээгдэхүүний гарал үүсэл нь тодорхой байх шаардлагатай. Ингэхийн тулд хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн боловсруулах процесс зэрэг суурь судалгааг сайтар хийх хэрэгтэй. Тэрэнд чиглэсэн зээл, тусламж, татварын хөнгөлөлтийг үзүүлэх нь зөв байх.

Тэрнээс биш энэ чиглэлээр бизнес эрхлэгчдэд шууд бэлэн мөнгө тараагаад, үр ашиг нь гарахгүй болох вий.

Эдийн засагт инфляци хөөрөгдөж, ханшийн уналтыг бий болгоно. Нийт нэг их наяд төгрөг хүртэлх бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт олгохоос илүү татвар зохицуулалтын бодлогоор дэмжлэг үзүүлэх нь илүү үр дүнтэй. Ер нь Монголд нэмүү өртгөө шингээж, үйлдвэрлэл явуулж байгаа бол үндэсний үйлдвэрлэгч. Үйлдвэрлэлээ хэрхэн олон улсын стандартад нийцүүлж, системийг нь бий болгох вэ гэдгээ л судлах хэрэгтэй. Улсад ажиллах хүчний нөөц байна уу, цахилгаан дулаан, ариун цэврийн нөхцөл гэх мэт суурь асуудлаа шийдэж, маш сайн судалгаа хийх хэрэгтэй.

"ХҮНСНИЙ ХУВЬСГАЛЫГ ЗӨВ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БОЛ БАС Л ЦААСАН ДЭЭР ҮЛДЭХ ЭРСДЭЛТЭЙ"

ЭДИЙН ЗАСАГЧ Д.АНГАР:

-“Хүнсний хувьсгал” гэх аяныг Ерөнхийлөгчийн зүгээс зарлаж, УИХ Засгийн газар дэмжээд эхлүүлж байна. Үүнийг маш зөв гэж харж байна. Хүнсний аюулгүй байдлаас гадна, эдийн засагч хүний зүгээс ажлын байрыг илүү чухалчилж хараад байгаа юм. Жишээлбэл, импортын бизнес эрхлэхэд нэг ажлын байр бий болдог. Харин яг тэр хэмжээний бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхэд мянган ажлын байр бий болно. Өөрөөр хэлбэл мянган хүн ядуурлаас сална. Хүнсний хувьсгалыг дотоодын үйлдвэрээр дамжуулан шинэ ажлын байр бий болгож, ядуурал, ажилгүйдлээс салгах зорилт гэж харах ёстой. Төрөөс маш олон төрлийн баримт бичгийг баталсан ч ихэнх нь амжилттай хэрэгжиж чадсангүй. Мөн хүнсний хувьсгалыг зөв хэрэгжүүлэхгүй, зөв хэрэгжүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлэхгүй бол бас л цаасан дээр үлдэх эрсдэлтэй. Хүнсний хувьсгалыг амжилттай хэрэгжүүлэхэд хэд хэдэн реформын зүйл бий. Эхнийх нь хөтөлбөрт тусгагдсан байна лээ. Хүү багатай урт хугацаатай зээл өгье гэж байгаа юм. Энэ бол том дэмжлэг мөн үү гэвэл мөн.

Монголд жижиг дунд хэмжээний аж ахуй нэгж шууд үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх боломжгүй байдаг.

Яагаад гэхээр үйлдвэрлэлийн төсөл онцлогтой. Хугацаа зардал мөнгөнөөс гадна 5-10 жилийн хугацаанд үр дүнгээ өгдөг. Ийм бизнесийн төслийг өнөөгийн байгаа банкны зээлээр санхүүжүүлэх ямар ч боломжгүй. Монгол Улсад зээлийн хүү өндөр, хугацаа богино байдаг. Гэхдээ хүнсний хувьсгалаар санхүү талыг нь шийдэж өгөхөөр ярьж байна. Ингэхдээ, жилийн гурван хувийн хүүтэй, урт хугацааны зээл олгох юм. Дэмжлэг мөн боловч асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Хөтөлбөрөө зарлалаа, тааламжтай санхүүгийн механизмаа гаргалаа гэхэд нөгөө талдаа импортын барааны тарифын бодлого буюу дотооддоо үйлдвэрлэж болох зүйлд өндөр татвар ногдуулах зүйлийг хийхгүйгээр уг хөтөлбөр амжилттай хэрэгжиж чадахгүй. Жишээ нь би бизнес эрхлэгч байлаа гэхэд тоног төхөөрөмж худалдан аваад, хүн ажиллуулаад дотоодоо бүтээгдэхүүн гаргалаа гэхэд энэ бүтээгдэхүүн 50, 80 жилийн түүхтэй Япон, Солонгос, АНУ-ын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломжгүй. Үүнийг дотоодын хэрэглэгчид дэмжих ёстой. Хүчээр гаднын бараа хэрэглүүлэхгүй байх хэрэгтэй гэх нь зохимжгүй. Харин гаднын улс орнууд үүнийг тарифын бодлогоор зохицуулдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж