Хятадын засгийн газар цар тахлаас болж хямарсан эдийн засгаа хэрэглэгчдэд тулгуурлан сэргээх төлөвлөгөө гаргасан. Тус төлөвлөгөөгөө өчигдөр /2023.03.05/ эхэлсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар танилцууллаа. Ши Жиньпин уг хурлаар дамжуулан Хятадын бизнесийн орчин, нийгэмд хяналтаа тогтоох эрх мэдлээ бэхжүүлнэ гэж ажиглагчид харж байна.
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян албан тушаалаас буухаасаа өмнө танилцуулсан илтгэлдээ, энэ жилийн эдийн засгийн өсөлтийн зорилтыг тав орчим хувьд тавьснаа танилцууллаа. Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил гурав орчим хувьд хүрч унасан нь 1970-аад оноос хойших хамгийн сул үзүүлэлт байсан.
Бүрэн эрхээ өнгөрсөн аравдугаар сарын Коммунист намын хурлаар сунгаж чадсан Ши Жиньпин энэ хурлаар удирдлагын шинэ багаа бүрдүүлэн ирэх таван жилд ажиллана. Түүний шинэ баг эдийн засгаа сэргээхийн тулд олон улсад экспорт буурч байгаа болон АНУ-Хятадын технологи, аюулгүй байдлын маргаанаас үүдсэн тарифын өсөлт, баруунд үйлдвэрлэсэн чипийг олж авахад Бээжинд хүндрэл үүссэн зэрэг олон сорилттой нүүр тулна.
Үүний зэрэгцээ Сангийн яамнаас эрх барих намын цэргийн жигүүр болох Ардын Чөлөөлөх армийн төсвийг 7.2 хувиар нэмэгдүүлэх болсноо зарлажээ. Хятад улс сүүлийн 29 жил дараалан цэргийн зардлаа нэмэгдүүлж байгаа бөгөөд өдгөө армийн зардал 1.55 их наяд юаньд хүрээд байна. Ингэснээр цэргийн зардлын хэмжээгээр АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт бичигдэх болсон. Энэ хоёр улс нийлээд дэлхийн армийн зардлын 50 хувийг бүрдүүлдэг аж.
Хятадын хэрэглээний зардал хөл хорио тавигдсанаас хойш эрчимтэй сэргэж байгаа бөгөөд ОУВС зэрэг байгууллага тус улсын эдийн засгийн өсөлтийг энэ жил 4.4 хувьд хүрнэ гэж тооцоолж байна.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ