Бангладешийн зүүн өмнөд хэсэгт орших рохинжа дүрвэгсдийн хуаранд томоохон гал гарч, олон мянган хүн хоргодох байргүй болов. Кокс Базар хуарангийн 2000 орчим хоргодох байр бүхэлдээ галд автжээ. Эдгээр хоргодох байранд хөрш Мьянмараас дүрвэж ирсэн 12 мянга орчим хүн амьдарч байсан. Түймэн орон нутгийн цагаар Ням гаригийн 14:45 цагт гарсан.
Хоргодох байруудыг ихэвчлэн хулс, брезентээр хийсэн тул амархан гал авалцжээ. Галын шалтгаан хараахан тодорхой болоогүй байна. Азаар хүний амь нас эрсдээгүй гэдгийг “BBC” агентлаг мэдээлжээ. Галыг гурван цагийн дотор унтраасан.
Бангладешийн дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссар Мижанур Рахманы мэдээлснээр гал түймрийн улмаас 35 лалын сүм, 21 сургалтын төв үгүй болжээ.
Ачаалал ихтэй хуарангууд гал түймэрт өртөмтгий байдаг. Бангладешийн Батлан хамгаалах яамны тайланд дурдсанаар, 2021 оны нэгдүгээр сараас 2022 оны арванхоёрдугаар сарын хооронд рохинжа дүрвэгсдийн хуаранд 222 удаа гал түймэр дэгдсэн. Эндээс 60 тохиолдол нь санаатай үйлдэл байжээ. 2021 оны гуравдугаар сард томоохон хэмжээний гал түймэр дэгдэх үед 15 хүн амь үрэгдэж, 50 мянга орчим хүн дүрвэж байв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ