Сүүлийн жилүүдэд хүмүүс эрэгтэйчүүдийн, эмэгтэйчүүдийн, хүүхдийн, охидын эрх гэж ярих нь их болсон. Жендэр, хүчирхийллийн асуудал ярихаар л охид эмэгтэйчүүдтэй холбоотой тоон статистикийг онцолдог. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь гэр бүлийн дотор ба соёл, нийгэм, эдийн засгийн болон улс төрийн хувьд ижил тэгш эрхтэй байна” гэж заасан байдаг. Тэр утгаараа нийгэмд хүний эрх гэх нийтлэг эрх л баймаар.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра 2022 оны гуравдугаар сарын 14-нд "Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал" үндэсний чуулганд хэлсэн үгэндээ "Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилго тавд тодорхойлсон жендэрийн тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдийг чадавхжуулах талаар ихээхэн хүчин чармайлт, ахиц дэвшил гаргасныг сайшаан тэмдэглэж байна.
Тэгвэл, бид одоо эрэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдэнд тэгш боломж олгох тухай ярилцах цаг болжээ.
Улс орныхоо улс төр, нийгэм-эдийн засгийн хөгжил дэх тэдний тэгш оролцоо, манлайлалд анхаарлаа хандуулах цаг болсон. Нэгдүгээрт, эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарлаа хандуулахыг хүсч байна. Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс бараг 10 жилээр богино байна.
Гол шалтгаан нь гол төлөв архи, тамхины хэт их хэрэглээ, эрүүл бус хооллолт зэрэг эрсдэлтэй зан үйл, эрүүл бус амьдралын хэв маягтай холбоотой.
Эцэст нь, жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хангахад эрэгтэйчүүдийн үүрэг оролцоо асар их гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Монголд илүү тэгш, шударга нийгмийг цогцлоохын тулд тэгш эрхийн төлөө тэмцэгч эрэгтэйчүүд хэрэгтэй байна. Тиймээс би Монголын бүх эрчүүд, хөвгүүдийг эмэгтэйчүүд, охидын эрхийн төлөө ч дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна" гэсэн.
Товчхондоо, жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийг чадавхжуулах тухай асуудал биш. Энэ нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг тэгш боломжоор хангах тухай юм. Эрэгтэй хүн гэхээрээ л энхрийлүүлж, хайрлуулах шаардлагагүй, тэр ч бүү хэл бэрхшээлээ хуваалцаад нулимсаа унагачих боломжгүй болтол бүү чөдөрлө. Ер нь аливаа хүнийг эрэгтэй, эмэгтэй гэх хүйсийн чиг хандлагаар бус хүн гэдэг утгаар нь хүлээн зөвшөөрөх нь чухал.
Монгол эрчүүдийн дундаж наслалт 64.9 бол эмэгтэйчүүдийнх 74.9 ажээ.
Мөн их дээд сургуулийн магистер, докторантурт суралцагчдын 40 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг бол Мэргэжил сургалтын төвүүдэд суралцагчдын 90 орчим хувьд нь эрчүүд юм. Ийн өнөөгийн нийгэмд боловсролын ялгаатай байдал нь гэр бүл салалтын бас нэгэн шалтгаан болсоор байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
“Монгол Улс гуравхан сая хүн амтай, 49.8 хувийг эрэгтэй хүмүүс эзэлдэг гэх судалгаа бий. Жендерт суурилсан судалгаагаар эмэгтэйчүүд, хүүхдүүдийн дунд судалгааг илүүтэй хийсэн байдаг. Гэвч хүчирхийлэлд өртсөн эрэгтэйчүүдийн талаарх томоохон судалгаа байхгүй байна. Монголын төрд эрчүүдээ гэсэн бодлого үгүйлэгдэж байна. Монгол эр хүнд төрийн болон гэр бүлийн хайр халамж, хүнлэг сэтгэл ихээр дутагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Хэдий жендерт суурилсан хүчирхийлэлд эмэгтэйчүүд их өртөж байгаа ч эрчүүдийг бас орхигдуулж болохгүй. Хамгийн гол нь эцэг, эхчүүд хөвгүүдээ эмэгтэй хүнийг хүндэлдэг, хүнтэй зөв харьцдаг, өөрийн эрүүл мэнддээ анхаардаг, амьдралаа авч явах чадвартай болгон зөв хүмүүжүүлэх хэрэгтэй” гэдгийг Монголын эрэгтэйчүүдийн холбооны зөвлөх Д.Бадамцэцэг ярьж байсан удаатай.
Гаднаа омог бардам төрхтэй ч дотогшоо өмөрч явдаг хүмүүс бол эрчүүд. Тэдэнд хаягласан цөөн хэдэн эмнэлгээс өөр туслах, сэтгэлийн дэм өгөх газар байдаггүй. Эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх нэрээр эрчүүдийг зөвхөн үүрэг хүлээгч болгож орхисон нь бий. Тиймээс хамгийн түрүүн эрчүүдэд тулгамдсан асуудлыг нарийвчлан судалж, түүнд тохирсон бодлого боловсруулах цаг болжээ.
Холбоотой мэдээ