Дүүжин тээвэр ҮЛГЭР боллоо

Хуучирсан мэдээ: 2023.03.06-нд нийтлэгдсэн

Дүүжин тээвэр ҮЛГЭР боллоо

Дүүжин тээвэр ҮЛГЭР боллоо

Хоёр хотын даргын нүүр үзсэн Дүүжин тээвэр төсөл үлгэр болсон гэхэд хилсдэхгүй. Шадар сайд С.Амарсайханыг хотын дарга байх үед буюу 2020 онд эхэлсэн уг төсөл 2021 онд ашиглалтад орох ёстой байлаа. Гэвч өнөөдөр дүүжин тээвэр төсөл цаасан дээр үлджээ. Өөрөөр хэлбэл, Дүүжин тээвэр төслийг хариуцах буух эзэн, буцах хаяг байхгүй хэвээр байна.

Албаныхны мэдээлснээр 2023 онд барилга угсралтын ажил эхэлж, 2024 онд уг төсөл ашиглалтад орно гэх ч өнөөдөр ажлын явц ямар шатанд яваа нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Эргэн сануулбал, Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа "Улаанбаатар хотод агаарын дүүжин тээврийг нэвтрүүлж, 2021 онд ашиглалтад орно, эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно" хэмээн мэдэгдэж, дүүжин тээврийн загварыг талбайд байрлуулж байлаа. Дараа нь 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулж, түүнээс хойш сар орчмын дараа төслийн гүйцэтгэгч компани болох Пома групп рүү 16.2 тэрбум төгрөг, Эжис рэйл ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн мэдээлэл "Шилэн данс" системд байршсан байдаг. Харин 2021 онд Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа 51.9 саяар эд хогшил авч, 242.9 саяыг цалинд зарцуулсан бөгөөд 2022 онд нийслэлийн төсөвт дахин 490 гаруй сая төгрөгийг суулгаад байгаа юм.

Гэвч Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргааг татан буулгасан билээ. Үүнээс хойш сураг алдарсан уг төсөл өдгөөг хүртэл үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй байна.

ДҮҮЖИН ТЭЭВЭР 2024 ОНД АШИГЛАЛТАД ОРОХ УУ? 

Төслийн хүрээнд Францын талд 20 гаруй тэрбум төгрөг төлсөн ч хийсэн ажил байхгүй юм. Энэ талаар Шадар сайд С.Амарсайханаас энэ оны нэгдүгээр сард тодруулахад дараах хариултыг өгч байв. Тэрбээр “Уг нь ашиглалтад орсон байх ёстой. Харамсалтай нь, хариуцаж байсан хүмүүс нь сонгуулиас болж солигдоод ажлаа “мэдэх мэдэхгүй, хийнэ хийхгүй” гэдэг янз янзын улс төрийн шалтгаан байсан. Гэхдээ Засгийн газраас энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон учраас одоо ажил нь идэвхтэй явж байгаа. 20 тэрбум төгрөг шилжсэн гэх асуудал байдаг. Энэ нь Францын гүйцэтгэгч компани, Сангийн яам хоорондын хэлэлцээрийн дагуу гүйцэтгэгч компанид урьдчилгаа төлбөр шилжүүлсэн гэдэг. Энэ бол хотын захиргаанаас биш Сангийн яамнаас шилжсэн мөнгө. Төслийн гүйцэтгэх шатанд зориулж шилжүүлсэн гэдэг мэдээллийг өгсөн. Угтаа энэ төсөл цаг хугацааны дагуу явсан бол 2021 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орсон байх ёстой. Одоо бэлтгэл ажил хийгдэж байна. Ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар төслийн нэгжээс бидэнд мэдээлэл өгсөн” гэсэн юм.

Түүнчлэн анх Баянхошуу, Ханын материал 3, 4 дүгээр хороолол чиглэлд ашиглалтад оруулахаар ярьж байсан ч барилга угсралт, газар чөлөөлөөлтөөс шалтгаалан чиглэлийг өөрчилжээ. Нэгдүгээрт, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан-Дугуй цагаан чиглэлд 6.9 км, хоёрдугаарт, Сэлбэ гол дагаж Долоон буудлаас төв рүү орж ирсэн чиглэлд дүүжин тээвэр нэвтрүүлье гэсэн санал өгсөн. Одоогоор Францын талаас хараахан хариу өгөөгүй, санал нэгдээгүй байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Ийнхүү хоёр хотын даргын нүүр үзсэн түгжрэл бууруулах, төвлөрлийг сааруулах Дүүжин тээврийн төсөл эргэн “амилах” эсэх нь эргэлзээтэй  хэвээр байна. Эрх баригчдын зүгээс түгжрэлийг механик аргаар шийдвэрлэхээс илүүтэй бүтээн байгуулалтын ажлаа яаралтай цаг алдалгүй эхлүүлж нийслэлчүүдийг түгжрэлээс салгах нь чухал байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж