Лиш амлалтаа биелүүлж, Гарьдын эсрэг гангарлаа

Хуучирсан мэдээ: 2023.03.06-нд нийтлэгдсэн

The League

Лиш амлалтаа биелүүлж, Гарьдын эсрэг гангарлаа

Лиш амлалтаа биелүүлж, Гарьдын эсрэг гангарлаа

Дээд лигийн 2022-2023 оны улирлын плей-оффын тоглолтууд “UG” аренад үргэлжилж байна.


АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД 79 – 85 ТЭНҮҮН ӨЛЗИЙ МЕТАЛЛ

Металл цувралыг 2-0 гэж тэргүүлээд эхэллээ. Өчигдөр тэд тоглолтын эхнээс онооны давуу байдлыг үүсгэсэн бөгөөд гарааны тамирчид нь үүргээ хангалттай биелүүлэв. Тодруулбал, гарааны таван тамирчин нь бүгд арваас дээш оноо авчээ. Харин Дайчидын сэлгээний тамирчид нийлээд 40 оноо авсан боловч гарааны тамирчид нь төсөөлсөн шиг сайн байсангүй. Ялангуяа Монголд эргэн ирсэн Маркус Хэммондс гараанаас тоглолтыг эхлүүлсэн ч 33.3 хувьтай довтолж, 14 оноо авчээ. Харин улирлын турш сайн байсан Энтони Харрис сэлгээнээс 14 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 62.5 хувьтай довтолж, 13 оноо авчээ. Түүнийг талбайд байхад баг нь өрсөлдөгчөөсөө зургаан оноо илүү авч байв. Энэ янзаараа ирэх тоглолтод Энтони Харрис гараанаас тоглолтод оролцож магадгүй юм.

М ГАРЬД 68 – 61 ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД

Эмэгтэйчүүдийн лигийн хүч тэнцүү хоёр багийн тулаанд М Гарьд дахин илүүрхэж, финалд шалгарахад нэг алхам ойртлоо. Тоглолтыг Уурхайчид ялимгүй илүү эхлүүлсэн ч Гарьд хэмнэлээ олж, эхний хагас 32-32 гэсэн харьцаатай өндөрлөсөн. Гуравдугаар үеэс Гарьдын довтолгоо эрчимжив. Ялангуяа Украин легионер Олесиа Малашенко болон Б.Өнөрзаяа нар багийнхаа довтолгоог найруулж, Б.Цасчимэг, Ө.Индра тэргүүтэй тамирчид довтолгоонд идэвхтэй байлаа.

Уурхайчидын зүгээс Гарьдын хариуг цаг тухай бүрт нь барьж байсан ч эгзэгтэй мөчид Э.Чимэддолгор, Жералдин Льюпепе нарын алсын зайн шидэлтүүд оновчтой байж чадсангүй. Льюпепе 23 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол багийн ахлагч Б.Солонго 14 оноо, 14 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ.

ЗАВХАН “BROTHERS” 103 – 100 М ГАРЬД

Фредерик Лий Жонес Лиш гэдэг энэ жил 35 нас хүрэх, Америк гаралтай, Тайландын шигшээд тоглодог залуу Монголын сагсан бөмбөгт хүрэлцэн ирсэн гэдгээ зарлалаа. Азийн аваргын урьдчилсан шатны эрх олгох тэмцээнээр монголчуудад эчнээ танигдсан тэрбээр өчигдөр лигийн хүчирхэг баг  Гарьдын эсрэг 35 оноо авчээ.

Энэхүү тоглолтод “Brothers”-ийн гол хүн Даймонд Стөүн ханиадны улмаас оролцоогүй учир Гарьдыг хожно гэж бодож байсан хүн олон байсан биз. Гэтэл Лиш болон Э.Дөлгөөн зэрэг залуус эхний тоглолтын алдаагаа засч, эхнээсээ эцэс хүртлээ илүү явсаар хожил байгууллаа. Гарьд тоглолтын эхнээс онооны дутуу явсан бөгөөд гуравдугаар үед ганц оноогоор илүү гарсан ч хэмнэлээ хадгалсангүй. Лишийн алсын зайн шидэлтүүд тэдний хэмнэлийг үгүй хийж, эхний тоглолтод тааруу тоглосон өрөө зайруулсан.

Лиш цувралын эхний тоглолтод аркны араас арван удаа шидэж, нэгийг нь ч амжилттай болгоогүй бөгөөд ердөө найман оноо авсан юм. Тус тоглолтынхоо дараа тэрбээр муу тоглосноо хүлээн зөвшөөрч, дахин иймэрхүү тоглолт үзүүлэхгүй гэж амласан билээ.

Стөүн байхгүй учир түүний орон зайг бусад тамирчид нөхөх хэрэгтэй болсон. Энд З.Энх-Учралыг дурдах хэрэгтэй. Ц.Отгонжаргал алдааны асуудалд орсны дараа тэрбээр талбайд гарч, 11 минутыг өнгөрүүлэхдээ зургаан оноо, гурван удаа самбараас бөмбөг авчээ.

“Brothers”-ийн гол тамирчид болох Лиш, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр, Д.Мөнхтүвшин нар магтмаар тоглолтыг үзүүлсэн бол нөгөө талаас Б.Болдбаатар, М.Тэлмэн нар багтаа хоёр дахь боломжийг үүсгэж байлаа.

Цуврал 1-1 гэсэн харьцаатай тэнцэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж