Хүлэгүүд хариугаа авч, Бизон буланд шахагдав

Хуучирсан мэдээ: 2023.03.05-нд нийтлэгдсэн

The League

Хүлэгүүд хариугаа авч, Бизон буланд шахагдав

Хүлэгүүд хариугаа авч, Бизон буланд шахагдав

Дээд лигийн 2022-2023 оны улирлын плей-оффын тоглолтууд “UG” аренад үргэлжилж байна.


ХАСЫН ХҮЛЭГҮҮД 102 – 70 IHC APES

Аваргаа хамгаалах аялал нь хожигдлоор эхэлсэн Хүлэгүүд өчигдөр эхний тоглолтын хариугаа чангахан шиг авлаа. Тэд тус тоглолтод 50 хувьтай алсын зайнаас шидэж, нийт 42 оноог аркны араас түүжээ. Эсрэгээрээ Ч.Ижилболд дасгалжуулагчийн баг баяраа хэтрүүлж, ердөө 16 хувьтай аркны араас шидсэн аж.

Хүлэгүүд цувралын хоёр дахь тоглолтод багаараа жигд тоглосон бөгөөд С.Мөнхбаатараас бусад бүхий л тамирчид нь оноо авчээ. Харин “Apes”-ээс Даррель Саммерс 15 оноо авч, багийн нөхдөө тэргүүлэв.

Цуврал 1-1 гэсэн харьцаатай тэнцэж ирлээ. Гурав дахь тоглолт Даваа гаригт болох хуваарьтай.

ОТИС ШИЛҮҮСНҮҮД 70 – 76 УЛААНБААТАР АМАЗОНС

Улирлын тэргүүн Амазонс плей-оффд ч ялалтын цувралаа үргэлжлүүлж байна. Ганц ч легионергүй тус багийн хувьд өчигдөр Шилүүснүүдтэй эн тэнцүү тоглолтыг үзүүлж, эцсийн мөчид ялалт байгуулав. Тоглолтын эхнээс О.Хулангийн хамгаалалт онцгойрсон. Тэрбээр өчигдөр нийт долоон хаалт гүйцэтгэснээс гадна 14 оноо, найман самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ. Харин Шилүүснүүдээс Кристал Томас 21 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн юм.

Эхний хагаст Амазонс илүүрхсэн ч гуравдугаар үеийн эхлэлд Шилүүснүүд есөн онооны зөрүүг арилгаж, тэнцүүлсэн. Гэвч Амазонс хариуг нь барьж, эргэн онооны зөрүү бий болгосон. Тоглолтын дөрөвдүгээр үед Шилүүснүүд илүүрхэх боломж байсан ч боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадсангүй. Амазонс цувралыг 2-0 гэсэн харьцаатай тэргүүлж эхэллээ.

НАЛАЙХ БИЗОН 73 – 79 ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД

Бизоны залуус тоглолт төгсгөж чадалгүй хоёр хожигдол хүлээлээ. Эхний тоглолтын адилаар Бизон тэргүүлж байсан ч Уурхайчид хариу цохилт хийв. Ялангуяа дөрөвдүгээр үед Н.Золжаргал багаа сэргээж, оноог тэнцүүлсэн бол Пендарвис Уиллиамс багаа ялалтад хөтөлж, эцсийн цэгийг нь тавьжээ. Энэхүү тоглолтод багийн лидер Т.Санчир ердөө хоёр оноо авсан нь Уурхайчидын хувьд хүсээгүй зүйл байлаа.

Тоглолтын эхлэлийг Уурхайчид сайн тавьсан ч Бизон тоглолтын хоёрдугаар үеэс хэмнэлээ олж, өрсөлдөгчөө алдааны асуудалд оруулж, давуу байдал үүсгэсэн. Харамсалтай нь, хэмнэлээ дөрөвдүгээр үед алдаж, Н.Золжаргал, Пендарвис Уиллиамс нарыг хязгаарлаж чадсангүй.

Бизоноос Э.Тулга, Жэйлон Робенсон, Жорж А.Уиллиамс нар арваас дээш оноо авсан бол Уурхайчидаас Пендарвис 31 оноо, Н.Золжаргал 16 оноо авчээ. Сэлгээний оноо авалт, хоёр дахь боломж, бөмбөг алдалтаар цуглуулсан оноогоор Бизон илүүрхсэн ч туршлага, хувь чадвараар Уурхайчид ялимгүй илүү байлаа. Цувралыг Уурхайчид 2-0 гэсэн харьцаатай тэргүүлээд эхлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж