Засгийн газар шинэ долоо хоногийн ээлжит хуралдаанаараа “Шувуу” ажиллагааны хүрээнд хилийн чанад руу оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг зарлах юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар энэ тухай мэдэгдээд байгаа.
Гадаад руу оргон зайлсан этгээдүүд нь хуулийн байгууллагад шалгагдаж байсан албан тушаалтнууд. Иймээс Засгийн газрын хуралдаанаар тэдний гадаад паспортын үйлчлэх хугацааг цуцалж, хүчингүй болгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бололтой. Мөн шаардлагатай тохиолдолд УИХ-руу оруулна гэж үзэж буй.
“Шувуу” ажиллагаагаар гадаад паспортынх нь хугацааг хүчингүй болгох албан тушаалтнуудын тоонд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай нар нэрлэгдэж буй.
Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гаригт болдог. Гэхдээ Лхагва гаригт Мартын 8-н буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиох тул бүх нийтээр амарна. Иймээс Засгийн газар ээлжит хуралдаанаа нэг хоногоор урагшлуулж, Мягмар гариг буюу гуравдугаар сарын 7-нд хийж магадгүй нь.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ