Хойд Солонгосын Гадаад хэргийн яам өнөөдөр /2023.03.05/ НҮБ-д хандан, Сөүл, Вашингтоны хамтарсан цэргийн сургуулилалтыг нэн даруй зогсоохыг шаардаж, хурцадмал байдлыг улам хурцатгаж, хяналтаас гарах аюулд хүргэж байна гэж мэдэгдлээ.
"АНУ, Өмнөд Солонгосыг өдөөн хатгасан үг, хамтарсан цэргийн сургуулилалтаа даруй зогсоохыг НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэг хатуу шаардах ёстой" гэж Ким мэдэгджээ. Түүнчлэн НҮБ "илэрхий түрэмгий шинж чанартай" дасгал сургуулилалтын талаар байнга чимээгүй байгаад харамсаж байна гэсэн юм.
Холбоотнуудын сургуулилалт, үг хэллэг нь "сөргөлдөөний түвшинг хариуцлагагүй байдлаар нэмэгдүүлж байна" гэж олон улсын байгууллагуудын асуудал эрхэлсэн дэд сайд Ким Сон Гён төрийн мэдээллийн агентлаг “KCNA”-д өгсөн мэдэгдэлдээ дурджээ.
АНУ, Өмнөд Солонгос улсууд энэ гуравдугаар сард 10 гаруй хоногийн өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт, тэр дундаа газар уснаа буух ажиллагаа явуулна гэж хоёр улсын албаны хүмүүс Баасан гаригт мэдэгдсэн.
Энэ сургуулилалт нь өөрийгөө хамгаалах зорилготой бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор хориглосон Хойд Солонгосын баллистик пуужин болон цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс үүдэлтэй аюул заналхийллийг сөрөн зогсоход зайлшгүй шаардлагатай гэж АНУ болон Өмнөд Солонгос үзэж байна.
Хойд Солонгос өнгөрсөн Бямба гаригт олон улсын зэвсгийн хяналтын системийг сүйрүүлсэн гэж АНУ-ыг буруутгаж, Пёньяны цөмийн зэвсэг нь бүс нутгийн хүчний тэнцвэрийг хангах “шударга хариу үйлдэл” гэж мэдэгдсэн.
Холбоотнууд Баасан гаригт АНУ-ын алсын тусгалын бөмбөгдөгч онгоц болон Өмнөд Солонгосын сөнөөгч онгоцтой хамтарсан агаарын сургуулилалт хийсэн.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS