Төрийн ордон хэдхэн хүний дохиураар хөдөлдөгийг засна

Хуучирсан мэдээ: 2023.03.05-нд нийтлэгдсэн

Төрийн ордон хэдхэн хүний дохиураар хөдөлдөгийг засна

Төрийн ордон хэдхэн хүний дохиураар хөдөлдөгийг засна

“News” агентлаг өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Улс төрийн намын тухай хуульд шинэчлэлт хийж, санхүүжилтийг ил тод болгохгүйгээр төр засаг нь хэдхэн хүний дохиураар ажилладаг авлигажсан системийг усгах боломжгүй гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдугаар сарын 1-нд Төрийн ордонд болсон “Шилэн нам” эрдэм шинжилгээний бага хуралд оролцохдоо мэдэгдэв.

Тэрбээр энэ талаар “Улс төрийн намын тухай хууль хэт ерөнхий, билэгдлийн байна. Улс төрийн намуудын үзэл баримтлал ялгагдахаа больж, хоосон популист амлалт газар авч, хөгжлийн төслүүд гацаж, урт хугацааны бодлого, засаглалын нэн тогтворгүй 30 жил болж өнгөрлөө. Сонгуулийн санхүүжилт уул уурхайн болон банкны хэдхэн эздээс хамааралтай болж, сонгуулийн дараа өгсөн хандиваа хэд дахин өсгөн системийн авлига бүрдүүлснээс болж, улс төрийн намууд, түүгээр бүрдсэн төр засаг, шүүхийн байгууллага тэдний мэдэлд шилжиж, Төрийн ордон хэдхэн хүний дохиураар нууцаар хөдөлж, ард иргэдэд арслан бар мэт, авлигач эздэдээ сүү долоосон гөлөг мэт царайлдаг, хууль биш хувь хүн засагласан он жилүүд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй биз ээ. Энэ нь Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойн Дубайн гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг үйлдлүүдээс нэгэнт ил болж, асуудлыг хэлбэрийн биш агуулгын түвшинд, тогтолцооны түвшинд авч үзэхээс аргагүй боллоо. Бид одоо л энэ асуудлыг шийдэхгүй бол эдийн засаг томрох тусам системийн авлигын гажуудал ардчилсан Монгол төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан эрх чөлөөг худалдан авах, эс бөгөөс бусдад худалдах эрсдэл үүсгэнэ. Тиймээс хамгийн бага зардлаар, бодлого уралдуулдаг нээлттэй мэтгэлцээнд тулгуурласан сонгуулийн эрхзүйн орчныг бүрдүүлж, улс төрийн нам болон нэр дэвшигчийг нууцаар санхүүжүүлсэн далд тогтолцооны хариуцлагыг чангатгах боломжтой гэж үзэж байна” гэсэн юм.

Эрх барьж буй МАН 2016 оноос эхлэн Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, санхүүжилтийг ил тод болгоно гэдгээ мэдэгдэж ирсэн ч гар хүрэлгүй өнөөдрийг хүргэсэн. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийг шинэчлэн, хэрэгжүүлэх хангалттай хугацааг өнгөрүүлсэн гэж хэлж болно. Бүрэн эрхийн хугацаа дуусахад жил гаруйн хугацаа үлдэж буй. Энэ хугацаанд  буюу хаврын чуулганаар багтаан Ерөнхий сайдын хэлсэнчлэн Улс төрийн намын тухай хуульд шинэчлэлт хийж, системийн авлигыг таслан зогсоох арга хэмжээг авч чадахгүй бол Монгол Улсын төр хэдхэн хүний дохиураар ажилладаг өнгөрсөн 30 жилийн алдаа давтагдсаар байх болно гэсэн үг.

"Шилэн нам" эрдэм шинжилгээний бага хуралд 17 улс төрийн намын удирдлага, төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцсон. Улс төрийн нам өөрөө хэсэг бүлэг хүмүүсийн төдийгүй нэг гэр бүлийн гишүүдийн нэгдэл төдий болж хувирсан. Улс төрийн нам бол төр, иргэнийг холбох гүүр байх ёстой. Энэ үндсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт өнөөдөр шийдэл хэрэгтэй байгааг Ардчилсан намын дарга Л.Гантөмөр онцолсон. Харин УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэлийг сэргээх, дараа нь улс төрийн намуудаа чадавхижуулах замаар парламентын ардчиллыг бэхжүүлэх нь чухал байгааг хэлсэн юм.

Халимаг улсын иргэн БНСУ-ыг зорив

Гадаад паспортынх нь хугацаа дууссанаас Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудалд саатуулагдаад байсан ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын иргэн Боромангнаевыг нутаг буцаах ёстой, буцаах ёсгүй гэсэн өнцгөөр монголчууд хоёр талцаж, өнгөрсөн долоо хоногийг нэлээд шуугиантай өнгөрүүллээ.

Халимаг улсын иргэн нь Монгол Улсад орогнох хүсэлт гаргасан байдаг. Гэвч хугацаа нь дууссан гадаад паспорттой орж ирсэн нь хил ч нэвтрүүлэх боломжгүй болгож, эцэст нь дипломат шугамаар яриа хэлэлцээрийг олон улсуудтай хийсний үндсэн дээр гуравдугаар сарын 1-нд 12.00 цагийн орчимд БНСУ-ыг зорьсноор энэ асуудал намжив. Албан бус мэдээгээр  Боромангнаев нь БНСУ-аас АНУ-ыг зорино гэх мэдээлэл бий. Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хаашаа явсан талаар мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн иргэн энэ асуудлыг нууцлахыг хүссэн” гэж мэдэгдсэн юм.

Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Халимагийн иргэн Казахстан улсаас ирээд Монгол Улс руу нэвтэрч болохгүй болсон шалтгаан нь уг иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссанаас болж саатсан. Дэлхийн аль ч улс хугацаа нь хэтэрсэн, хүчингүй болсон паспорттой иргэнийг улсдаа нэвтрүүлдэггүй, боломжгүй. Олон улсын яриа хэлэлцээр, агаарын олон улсын яриа хэлэлцээрийн төвшинд энэ асуудлыг зохицуулсан байдаг.

Орогнол хүсэх, хугацаа нь дууссан гадаад паспортоор нэвтрэх гэх нь хоёр тусдаа асуудал. Төрийн байгууллагууд хуулиа мөрдөж, зөв ажилласан” гэдэг байр суурь илэрхийлсэн юм.

Хөгжлийн банкинд холбогдох шүүх хурал хойшилж, Х.Баттулга нарт хилийн хориг тавив

 

Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг шүүх хурал гуравдугаар сарын 2-нд Улаанбаатар чуулгын байранд эхэлсэн ч зарим шүүгдэгч нар гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа, мөн зарим өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаас шүүх хуралд оролцох боломжгүй болсон зэргээс болж, хойшлов.

Тодруулбал, шүүгдэгч Х.Ганхуяг, Н.Баярчимэг нар нь гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа,  шүүгдэгч Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.Ганбадрах, шүүгдэгч О.Хуягцогтын өмгөөлөгч А.Золжаргал нарын зүгээс өөр шүүх хуралдаан давхацсан, шүүгдэгч О.Батбаатарын өмгөөлөгч Г.Гансүх хичээлтэй байгаа гэх, шүүгдэгч Б.Будхүүгийн өмгөөлөгч Б.Даваажанцан эрүүл мэндийн шалтгааны улмаас, шүүгдэгч Б.Чинзориг өмгөөлөгч сонгон авах хүсэлтэй тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус гаргасныг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж, шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 17-нд хийхээр болгож, шийдвэрлэсэн юм. Харин шүүх хурал үргэлжлэх хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг тэргүүтэй 32 шүүгдэгчийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлав.

Үүнд: урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Б.Баттөр, Б.Даажамба, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Ж.Үхэртар, Т.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Т.Оюунчимэг, Д.Уянга, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, О.Хуягцогт, Г.Гантогтох, Х.Баттулга, Ц.Баярсайхан, Л.Аззаяа, Б.Цэрэндаваа, Ё.Доржсумьяа, Ц.Цэвэгмэд, Ё.Баатарбилэг, Ц.Билгүүн, Г.Байгалмаа, Г.Санжмятав, Г.Цолмон, Ж.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Л.Ням-Очир, М.Золжаргал, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Б.Батзаяа, Н.Баярчимэг нарын 32 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг нэмж авч, үлдсэн бусад 40 шүүгдэгчид урьд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, 6 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон тодорхой нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох, 1 шүүгдэгчид  албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, 1 шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан шийдвэрийг тус тус хэвээр үлдээсэн юм.

Оюутолгой ордын гүний олборлолт эхэлнэ

Оюутолгой ордын газрын гүн дэх хүдрийг олборлох ажил гуравдугаар сарын 13-аас эхэлнэ гэж “Оюутолгой” ХХК-иас өнгөрсөн Пүрэв гаригт мэдээлсэн нь хамгийн сайн мэдээ байв.

Оюутолгой төслийн далд уурхайн олборлолт ийнхүү эхэлснээр экспортын орлого нэмэгдэх төдийгүй гадаадын хөрөнгө оруулагч нарыг татах бас нэг эерэг алхам болно.

“Оюутолгой”-н гүнийн уурхайн төслийн захирал Жак Ван Тондер “Бид өнгөрсөн 2022 оны эхээр цар тахлын дараах шинэ нөхцөл байдалд шилжиж, гүнийн уурхайгаа нээж, анхны тэсэлгээгээ хийсэн. Энэ онцлох үйл явдлыг хамтдаа тэмдэглэсэн нь үнэхээр бахдам байлаа. Түүнээс хойш 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар гүнийн уурхайн 19 хүдэр буулгуурыг амжилттай тэсэлсэн. Бид богино хугацаанд гайхамшигтай амжилт үзүүлжээ” гэж мэдээлсэн юм.

Оюутолгой” компанийн 2010-2022 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 15 тэрбум ам.доллар буюу 34 их наяд төгрөг давсны 75 хувийг дотоодын худалдан авалт эзэлжээ. Тус компани Монгол Улсын Засгийн газарт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 314 сая ам.доллар буюу 980 тэрбум төгрөг төлсөн байна.

2010 оноос хойш нийт дүнгээрээ энэ нь 4 тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөгийг төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтсан юм  байна. 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 863 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 567 нь үндэсний ханган нийлүүлэгч байжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж