Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт Эзэн Хааны ордонд өчигдөр бараалхав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Эзэн Хаан Нарүхито болон Японы найрсаг ард түмэнд Монголын ард түмний халуун дотно мэндчилгээг уламжиллаа.
Япон Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь Монгол, Японы “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааны “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх, хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласныг дурдаж, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг дахин нотлов.
Үүний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай уулзлаа.
Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд биечлэн уулзаж байгаадаа баяртай байна гэв. Тэрбээр ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглэв.
Холбоотой мэдээ