Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газраас автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэргийн талаар холбогдох албаныхантай мэдээлэл солилцох, цаашид хариу арга хэмжээний талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр автомашины нүүрсэн яндангийн гэмт хэргийг бууруулахын тулд нүүрсэн яндан болон бүрдэл хэсгүүдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүлэг барааны жагсаалтад оруулах хэрэгтэй байгааг онцолсон юм.
Энэ талаар хэлэлцүүлэгт оролцогчдоос тодруулахад ГЕГ-ын Хяналт бүрдүүлэлтийн газрын Гаалийн улсын байцаагч Л.Амартүвшин:
-Нүүрсэн яндангийн хаягдлыг сүүлийн 3 жил буюу 2020 онд 3.6 тонн, 2021 23.9 тонн, 2022 онд 39.8 тонныг тус тус иргэн, аж ахуй нэгж экспортолсон байна. Энэ тооноос харахад сүүлийн жилүүдэд нүүрсэн яндан экспортолж байгаа тоо өсөж байна. Үүнийг дагаад экспортын үнийн дүн нэмэгдэж байна. Автомашинд суурилуулсан катализатор нь өөрөө дутуу шаталтын нүүрсхүчлийн хий, хүхрийн хий, азотын хийнүүдийг бүрэн шаталтад оруулж урвалыг түргэсгэдэг төхөөрөмж юм. Энэ дотор байгаа элементүүд болох цагаан алт, платиниум, роди зэрэг ховор элементүүд бага зэрэг агуулж байгаа учир дэлхийн зах зээл дээр үнэтэй байна. Үүнийг улсын хилээр гаргахыг хориглох УИХ-ын 05 дугаар тогтоол буюу улсын хилээр гарахыг хориглосон бүлэг барааны жагсаалт гэж байдаг. Энэ жагсаалтад нэмэлтээр оруулах асуудлыг Сангийн яамнаас өнгөрсөн жил буюу 2022 онд нэмэлт оруулах Сангийн төслүүд яваад ГЕГ-ын зүгээс энэ саналаа өгчихсөн байгаа одоогийн байдлаар гаалиар хориглох барааны жагсаалтад хараахан ороогүй байна. Энэхүү ажил УИХ болон Засгийн газрын түвшинд үе шаттайгаар хийгдээд явагдаж байгаа гэж найдаж байна. Экспортод гаргаж байгаа тоон мэдээллээс харахад 2020 онд хоёр ААН, нэг иргэн, 2021 онд 3 ААН, 2022 оны байдлаар долоон ААН байна. Тиймээс эрх зүйн орчинд энэхүү асуудлыг шийдэх хэрэгтэй. Ингэхгүй бол утаанаас ялгарч байгаа хүнд элементүүд эргээд хүүхдэд сөргөөр нөлөөлж байна” гэлээ. Мөн нүүрсэн янданг бүтнээр нь биш хэсэгчлэн салгаж зөвхөн шүүлтүүр буюу катализаторыг хилээр гаргадаг байна.
Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал:
-Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 орчим хувийг автомашинаас үүдэлтэй агаарын бохирдол гэж үздэг. Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа 670 орчим мянган авто тээврийн хэрэгсэл байна. Эдгээрээс 10 дээш жилийн насжилттай авто тээврийн хэрэгсэл 80 орчим хувь байгаа. Автомашины насжилт нэмэгдэх тусам тухайн автомашинаас ялгарах бохирдуулагч бодисын агууламж мууддаг. Манай байгууллагаас үйлдвэрийн зориулалттай яндангаас ялгарч байгаа бодис болон, огт яндангүй, дуураймал яндантай гэсэн хаягдал утааны хийн агууламжийг харьцуулсан байдлаар хэмжиж үзсэн. Үүнээс үйлдвэрийн зориулалттай яндангаас ялгарч байгаа бодисын агууламж огт яндангүй болон дуураймал яндангаас ялгарч байгаа бодисын агууламжаас 4-5 дахин бага байна гэсэн судалгаа гарсан байгаа. 39 мянга буюу ойролцоогоор 40 орчим тонн автомашины катализатор хилээр гарсан байна. Нэг автомашинаас ялгарч байгаа утаа шүүх төхөөрөмжийн масс нь 400 грамм буюу 40 тонн байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн машин зориулалтын бус яндантай гэдэг нь тооцоо судалгаагаар гарах байх.