Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын дагуу уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт таван удаагийн худалдаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Энержи ресурс” ХХК-ийн 210 мянган тонн нүүрс худалдаалаад буй юм.
Дуудлага худалдааны явцад биржийн оролцогчдоос “Цахим биржээр дамжуулан худалдан борлуулах нүүрсний хилийн үнийг Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминал хүртэлх зардлыг тооцож тогтоох хүсэлт гаргажээ. Мөн бусад байдлаар худалдан борлуулж, зөвхөн автомашинаар тээвэрлэх нүүрсний үнийг БНХАУ-ын Ганцмод боомт хүртэлх зардлыг тооцож тогтоох ялгамжтай нөхцөл байдал үүссэн талаар санал, хүсэлтүүд ирүүлсэн байна.
Дээрх журмаар биржийн арилжааны дэнчингийн хэмжээг 10 хувь байхаар тогтоосон нь арилжаанд оролцогчдын тоо бага байхад нөлөөлж байгаа аж.
Эдгээр хэрэгцээ шаардлагын хүрээнд Засгийн газрын 466 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-д өөрчлөлт оруулж, биржээр арилжаалах нүүрс нийлүүлэх цэгийг “Чингэлэг тээврийн терминал, эсхүл БНХАУ-ын Ганцмод боомт дахь нүүрс ачиж буулгах талбай” гэж өөрчилж, арилжааны дэнчинг 10 хувиас 5 хувь болгож бууруулахаар тогтжээ.
Холбоотой мэдээ