Иргэд 0.07 га газраа гурван өрөө байраар сольж байна

Хуучирсан мэдээ: 2023.03.03-нд нийтлэгдсэн

Иргэд 0.07 га газраа гурван өрөө байраар сольж байна

Иргэд 0.07 га газраа гурван өрөө байраар сольж байна

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн Захирагчийн ажлын алба гэр хорооллын айлуудыг дахин төлөвлөлтөд хамруулж, хашааны газрыг нь байраар солих бодлого барьж буй бөгөөд энэ онд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд үргэлжлэн хэрэгжих нь ээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны нутаг дэвсгэрт 24 га газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамруулж, 3654 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс өнгөрсөн онд 126 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Энэ онд ч 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулна гэж төслийг хэрэгжүүлэгч “Шинэ барилга” компанийн менежер Б.Галбадрах хэллээ.

“Шинэ барилга” компани нь дээрх бүсэд “Оргил” төслийг хэрэгжүүлэхдээ хашааных нь газрыг 1 ам метрийг нь 83800 төгрөгөөр үнэлэн, хэмжээнээс нь хамаарч 2-3 өрөөр байраар сольж буй аж. Тодруулбал, 400-500 ам метр газартай бол 50 гаруй м2 талбайтай хоёр өрөөр байраар, 700 ам метр газартай бол 70 м2 талбайтай гурван өрөө байраар сольж буй юм байна. Нэг үгээр хэлбэл, газрын үнэлгээ, байрны үнэ хоёрыг дүйцүүлэх байдлаар үнэлгээ тогтоож, гэрээ байгуулан төслөө хэрэгжүүлдэг.

Жилд 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулах нь гэр хорооллыг барилгажуулах хэрэгцээ шаардлагаа харвал удааширч буй. Гэхдээ энэ нь дан ганц төсөл хэрэгжүүлэгч нэгжээс хамаардаггүй, газар чөлөөлөлт зэрэг олон шалтгаан нөлөөлөх болжээ.

“Оргил” төслийн нэг онцлог нь А талбарт 12 га газарт 31 блок 1953 айлын орон сууц, Б талбарын 12 га газарт 28 блок 1764 айлын орон сууц, 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, ногоон байгууламж баригдах юм.

Түүнчлэн тус компани Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянголын аманд өөрийн хөрөнгөөр орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий 28 блок нийт 1764 айлын орон сууц, 320 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төвийн зургаан барилга барих юм байна.

Баянголын ам нь нийслэлийн төв цэгээс 17.4 км-ийн зайд оршдог. Төсөл хэрэгжүүлэх бүсэд цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны шугамыг 2007-2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар хийж гүйцэтгэжээ. Төслийг 2023-2028 онд хэрэгжүүлэх юм.

Харин Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас өнөөдөр /2023.03.03/ сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан “Сайхан төмөрт” ХХК-тай “Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах” гэрээг байгуулж, цаашид талууд хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн орон сууцны корпорацид олгоод байна.

Сануулахад, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 6 байршлын 24 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 4 байршлын 19 хэсэгчилсэн талбайд хэрэгжиж буй аж.

Өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн XII хорооны хэсэгчилсэн А талбайд 225, хэсэгчилсэн В талбайд 384 айлын орон сууц ашиглалтад орсон аж. Энэ онд нэмж, Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн А талбайд 330, хэсэгчилсэн Б талбайд 320 айлын орон сууц ашиглалтад орох юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж