Эмээлцэг уулын ойллого

Хуучирсан мэдээ: 2023.03.04-нд нийтлэгдсэн

Эмээлцэг уулын ойллого

Эмээлцэг уулын ойллого

Б.Элбэгзаяа-МУСГЗ

 Ус нутгаан зорьж, ээждээн золгож шинэлээд Эмээлцэг ууландаан гарлаа. Харагчин усан туулай жилийн цагаан сарын шинийн нэгний өлзий бэлгэтэй өдөр билээ. Эмээлцэг хайрхан бол хэн бүхний мэдэх алдар цуутай, тив дэлхийд данстай, тэнгис хөвөөлж, тэнгэр түлхсэн ноёлог шовх уулсын аль нь ч бус. Эгэл биднийхээн нүдний үзүүрт ил, санаанд тодхон, алс аху цагт бодол сэтгэлийн толтод байнга хамт айлсаж, амралт тохиох оюу номин цагаар хаяа бэлээс нь харуулдаж, зуслангаас өвөлжөө хүрэх өртөө шахам замын зуур урагш хойш довтолгох бүрий байнга нүд бэлчээж, дурангаар хараачилж, зураг дүрийг нь буулгаж явдаг, эцэг дээдсийн минь нэр, мөр хадгалаастай, амь амьсгал нь шингээстэй эрхэм хайрхдын томхон төлөөлөл.

Эмээлцэг уулаан зорьж, зориуд ирсэн минь учиртай. Миний нутгийн сүрлэг уулсын дотор энэ уул эхний гуравт лавтай багтана. Залаажинст богд, Цагаан шовхын буурал налаг оргил, за тэгээд умар тийшлэн Эмээлцэг сүндэрлэнэ. Хойшоон Дунд шовгор, Урд Залаа, Хойт Залаа уулс үргэлжилж, Цас дардаг, Хоёр овоот, Дунд морьтын давааны эхний чулуун дүүрэг бүхий хяр залгаад, Царамын нуруу Бага Яргайт, Их Яргайт, Шар толгойн өвөлжөөны баруун, өмнөд хоёр уул, Хар хөндийн урд, умард өндрүүд, Агуйтын эх, Хойт морьтын давааны баруунтаах Зүрх уул, Ханын эгц босоо энгэрээр шувтарч, Нахиугийн хөтлөөр огтлогдон отголж, Хүрэн овоот хүртэл сунайж ханайсаар өндөрлөмү.

Эмээлцэгтээн гарч үзээгүй өдий хүрсэн хүн байна, би. Хорь хүртлээн нутагтаан суусан гэхэд гарч зорьж яваагүй л байдаг. Энэ цагаан сарын босгонд, усан барс жилийн хуучдаар нутагтаан хүрч гэмээнэ Эмээлцэг ууландаан нэг гаръя уу гэж хэдэн сарын өмнөөс сонгож бодсоор, зүүд нойртоон зурагласаар бөлгөө…

Урьд өмнө хүрч үзээгүй тийм газар оронд хөл тавьж, нүд, чих, бодол сэтгэлээр мэдэрч, хөлөөрөөн очиж хэц өндрийг нь багцаалж хэмжээлэн, амьсгал агаараар нь цээж уужлан тайтгарах бол хүмүүний энэ насны цэнгэг сайхан үйлсийн нэг болдог. Тэр л ёсоор гүйцэлдүүллээ.

Ходого дүү урдханд хөтөчлөн өгсөнө. Эцэг өвгөдөөс өвлөсөн мал сүргээн уламжлан адгуулж, манийг бодоход дээдсийн нутгаан харж хамгаалан, үйлс буяныг нь үргэлжлүүлж яваа малч, хүлэгч дүү минь билээ. Морь, тэмээ аль алиныг нь уяж сойж хурдлуулах эрдэмд гаршиж, хоёулангаар нь аймгийн алдарт уяачийн зэргэмж хүртсэн хүндтэй, хийморьтой, хөдөлмөрч хүү нь. Миний бие хаа нэг нутгийнхаан ууланд явах ховорхон завдал тохиохуй, нутгийн ойроор ч гэх үү, энэ дүүгээн дагуулах нь баахан дэлгэр.

Тэр жил, сумын хагас зууны ой хаяа хатгах цагаар харин бага дүү Буянтогтох /мөн аймгийн алдар уяач бөгөөд Улсын сайн малчин/, Ходого дүүгийн ууган хүү Бундага дүү бид гурав Залаажинст хайрхны оргилд зуны сайхан өдөр авирч аялсан, тэргүүн дээр нь гарсан нэгэн гэгээн түүх тэрлэгдсэн агаад “Тавин жилийн зун” тэмдэглэлдээн тэр тухай бичиглэн үлдээсэн удаатай.

… Дүү түрүүнд, ойрхон айлын зайтай алхана. Би хойноос нь хэрдээн амьсгаадан бараадаж байна. Их хөлийн хотод, хүй дарсан чулуутай энэ л нутгаасаан есөн өртөө алс, олны нүргээнд суу суусаар амьсгал задлалгүй баахан удаж дээ. Гэхдээн тамхи тарианаас хол явдгийнх, дорхноон цээж уужирч, нутгийн агаар салхин эм мэт нөлөөлж, бие хөнгөрч байх. “Эмээлцэг ч нэлээд өгсүүлнэ шүү” гэж дүү бээр уул зорин гэрээс хөдлөхдөөн л хэлж дуулдсан. Үнэн байна аа. Эмээлцэг уул маань урт бөгөөд налуу сайхан артай. Орой дээрээн буян нүнжигтэй айлын билиг бэлгийг зохируулсан мэт, авдар шиг хэдэн аварга хөх байц цохиотой юм. Алсаас энэ нь эмээл шиг, эмээлийн бүүрэг баавар адил дүрлэгддэг бөлгөө. Энэ өгсүүр арын урт уужим нь Залаа богдынхоос давна уу гэхээс дутахгүй болох тухай дүүг гүйцэж очих үед бид хоёр хэлэлцэн дээш ахисаар…

Эмээлцэгийн уужуу урт ар бодын хар туруу цастай байна.

Үзүүр сөөм хэрийн өвс нь үе үе цастай хяраа эмжин өрмөн шараар өнгө ялгаж, малын буян шүтсэн биднээ өег сайхнаан мэдрүүлнэ. Шинэ цас, доор нь бас арай хатуу хуучин цас гишгих тоолон амархан өмөрч мөр авч үлдэн, царр царр чимээлнэ. Адууны шар хомоол хааяа тохиолдож байнам.

Олзуурхан халаасандаан хийж явлаа. Эмээлцэгийн цас их уулын цээжин биеэс дээшхэн л байна. Тэр цасны өнгө ягаавтар цагаан, хиргүй ариун, атгаж амсаж болмоор цэвэрхэн, хүний мөр улгүй. Цасан дээр малын мөр үе үехэн тааралдана. Янгирын хэвтэр ч тохиолдоно. Хэний мал энд явдаг юм бол гэж хэрэгт дурлавал “Хүрэл ахынх байх аа” гэж дүү, хадтай энгэр өөд мацсан чигээр, явуут дундаан эргэж харалгүй хэлэв. Хүрэл бол бидний авга, үеэл дүү. Манай Хүрэлийн аав, миний аав хоёр, зулай гишгэж төрсөн ах дүү улс. Аав минь Дондог ахын яг дээдэх нь. Их уулсынхаан нөмөрт шүтэж, хэшиг буянд нь мал ахуй, гэр хотлоон божийлгож дассан энэ л уул усны үр сад. Хүрэлийнх аймгийн сайн малчин алдар хүртсэн, Эмээлцэг хайрхны ар урд руу холгүйхэн Улаан толгойд өвөлжинө. Улаан толгойн айлын бог хаврын “урт шар хүн” айлчлан бүхүй энэ цагаар Эмээлцэгийн цээжинд гартал, цасанд нь хүртэл зүтгэн бэлчээрлэж, салхинаас өөр юм хүрээгүй шар шорхны сорыг сөрмөн, хайлмаг цастай холин амтархдаг ажгуу. Хөрлөсөн хатуу цас багатай байна аа гэдэг, хаврын сунгуу цагт нутгийн айл амьтны адуу мал энэ өндөр өөд тэмүүлж, халтирч өеөдөхгүй өвс сорлох боломжийг зохируулах бүлгээ. Янгирын бэлчээрт ямаа мал нь хамтад идээшлэх манайхны удам ийм л улс, уулсынхан.

Шинийн нэгний энэ бэлгэтэй сайн өдөр Эмээлцэгийн тэргүүн оргилд төдхөнөө гарчхав. Өмнөд хэсэгтээн ноёлох оргил нь байдаг амуй. Хоёр их нүсэр цохионы дээр багахан овоо босгон тэргүүн өндрийг ялгаж өгчээ. Уулын ноён оргил, дээрээн нэлээд салхилж байх ажээ. Нутгийн тэнгэрээс өөр өмчлөх юмгүй энэ дэндүү зэрлэг, сэрмүүн хээнцэр салхинд хийморь сүлд бадрах шиг болж байнам. Намдаан бол налгар сайхан, тун ч тогтуухан өдрөөр туулай жил маань урин хаврын цаглавраан нээж байгаа билээ. Ноёлох өндрийн өвөр баруунаар урагш зүтгэлэн, хөл гараараан хад асга дамжин хэжиж, тэрүүхэн өмнөх өөр нэг бага “оргил”-ыг харж түүнийг зорив. Энэ үед, түрүүлж Эмээлцэгт гарсан дүүгийн бараа туруу харагдсангүй. Нэлээд удлаа. Би өнөөх өмнөд өндөрлөг өөд дөхөж яваад эргэж харвал тэрбээр хойт талд, нэлээд өндөрт, ноён оргилын овоонд гарчихсан, зүг бүр тийш дурандаж байгаа бололтой харагдав.

Уржнан жил бид хоёр, манай хүүтэй гурвуул зуны амралтын цагаар бас Царамын нурууны нэгэн сайхан оргил Цагаан шовх хайрханд гарсан удаатай. Цагаан шовход зандан мод ургасан байдаг гэдэг, Соотонгийн дэвсэг гэж гоё газар бас бий гэж дуулддаг. Үнэн худлыг нь үзэх сэн гэж бодлын мухарт бодогдоод байх. Цагаан шовхын ар энэ уулыг бодвол нэлээд налуу, чулуун дүүрэг ч цөөвтөр Тиймдээн урд газрын “яав”-аар бид гурав бараг цээжинд нь дөхсөн. Тэр үед зандан мод ч яамай болог гээд Соотонгийн дэвсэг хэмээх, нутгийн нэгэн үзэсгэлэнт сайхан газрыг өнгийж харахаар явсан билээ. Дэвсгээн ч үзэж, тэнд жилийн дөрвөн улирлын алинд нь ч байнга байх тэх гөрөөстэй нь ч тааралдаж, унаган нутгийнхаан байгалийн сайхнаар бахархаж бахадсан юмсан. Соотонгийн дэвсэг хэмээх содон сонин газар Эмээлцэг уул, Цагаан шовхын оргил хоёрын дунд буй. Соотонгийн дэвсэг бол янгир, тэх, үнүгүний бүрэн сүрэг ээнэгшиж дассан эх нутгийн минь ивгээл буянт өлгий билээ. Намар оройн хэр, тэхийн ороо от эхлэх үес, таван ханатай гэр хэд хэдийг бачуугүй барьчих энэ уулан дундах талбар дээр тэхүүд ялгарч цуглаад, хүчээн үзэж, эвэр тугалмайгаан халж халцартал мөргөлдөж, туурайгаан чивчиртэл тулж түлхэлцэж, дийлдсэн нэгнээн хажуу хойтхонд сүүдэртэн хүүшлэх өндөр цавчим хясаат хөндийн эх рүү илгээж хашраах байгаль эхийн заяамал наадам, сорилго тулаан болдог хэмээлцдэг. Соотонгийн дэвсгийн энэ тэгш талбай хэсэгхэн газартаан хөрс чулуу багатай, дугуйран цайрч харагдах нь дурдсан явдал үнэхээр он удтал дахин дахин болдгийн гэрч мэт. Аль хүчтэй нь шилэгдэн үлдэх зэрлэг амьтдын заяамал шалгарал болдог ийм дэвсэг дэвжээ алдарт Сэгс Цагаан богд уулын хярд бас байхыг үүнийг бичигч арван хэдэн жилийн өмнө аялахдаан анзааран үзэж, “Сөг сөг Цагаан богд хийгээд тэмээчин бүсгүйн нутгаар” гэдэг аян замын тэмдэглэлдээн дурдан нийтэлж байсан юм.

Энэ удаа үүнийг тэрлэгч, Соотонгийн дэвсгийг хойт талаас нь дахинтаа харж сонирхох, зураг буулгах зорилготой зориуд Эмээлцэгийн өмнөд оройд хүрсэн бөгөөд зорьсон зургаан ч бололцооны хэмжээнд буулгаж амжлаа. Харин санасныг бодоход, дэвсэг энэ өндөрлөгөөс нэлээд алс бүгт харагдах агаад бүрэн гүйцэд өнгийх, халиах гэвэл дахиад л том хөндий, багахан уулыг гэтлэх хэрэгтэй болох янзтай.

Эмээлцэгийн оройгоос эх нутгийнхаан дөрвөн зүг найман зовхисыг алган дээрээн байх мэт тольдон харлаа. Эх сайхан нутагт минь шинэ жил айлчлан золгож байна. Хаврын урин аяслан айсуй. Цагаан сар гарч байнам. Тарлан цоохор цастай байна, нутаг минь. Цармын уулсын өврөөс нарийхан цагаан судлан голууд уруудан гарч тал бэлийнхээн дунд ч хүрэлгүй цуцран тасалджээ. Харганын буттай сайр жалга бүхэнд “буян үйлдэгч” усан барс жил отгон цасныхаан хунгар юуг үлдээгээд одсон нь ийнхүү нарийхан цагаан голууд мэт зураглагдах. Дорно зүгт, буйд суурингийн  аниргүй амгаланг сэрээж тунгалаг наран хажуу дэргэдхэнээс мандаж, удтал нутагтаан шинэлээгүй уугуул хүүтэйгээн санасны баярыг хуваалцах лугаа адил шинэхэн өглөөний наран хэн ч олж үзээгүй байгаа илч сацрагаан тод агаад ээнэг намуухан түгээж, өнөө жил зун сайхан болохыг бэлгэдэн мэндчилэх мэт цагаан сартай золгуулсан сумын төв, түүний хавийн хэдэн хар, хүрэн уул тэнгэрийн хаяанаас наашханаа ялгаран бараагнана. Баруун тийш нар зөв дугуйлан ажихад Залаажинст богд уул, алсаас шүрэн бөмбий харагдах оройгоон Цагаан шовх уулын зоон тээгүүр дөнгөж цухуйлган тэгнээд, дөрвөлжиндүү хэлбэртэй жанжин малгай орхиж үлдээсэн лүгээ агаар нэг болоод их бие нь бүхэлдээн далд байх ажээ. Их уулс тэргүүн тэргүүнээн харалцан оршдог гэдэг сэн дээ. Түүнээс баруунд Цармын нурууны өврийн бүлэг бүлэг уулс өндөр намаараан, өмнө хойно, олон цөөнөөрөөн ялгаран хөглийж, их говийн тэртээ, талын дундаас цаашлан уужимхан орон зайд тархаж тарамцаглах агаад тэнгэрийн хаяанд говийн хэдэн хайрхад манан тоором дундаан харагдах бараатай үгүйтэй сүүтийж сүүмэлзэнэ. “Хавар жаахан салхилж магадгүй нь” гэж дүү нутгийн баруун хязгаар, говийн хаяаны шинийн нэгний өдөр дундын байдлыг ажиглангаа ирж буй жилийн өнгийг өөрийнхөөрөөн тоймлов. Баруун талд Баянзүрх хайрхан, баруун хойт руу нь Баян-Өндөр уул, Халба хайрхан, Дунд нуруу, Эдрэнгийн нуруу, наана нь Чандманийн хэдэн хөх овойн төвийж, хойшлоод Суман хадны хоолой хэсэг цэлийсэн тал болон намсаж, тэгснээн дахин өндөр авч Байн нуруу, Гичгэнэ, түүнээс зүүнш Баянцагаан уул, Далхын орой, Цэцэний нуруу болж, залгуулаад Оорцогийн дөрөлж рүү нэг үе намсан, Тариатын нурууны хөх уулсын умард үзүүрээс дахин өндөрсөж, түүнээс огцом дээшлэн тэнгэр, уул хоёр сүвлэлдэх дайдад төрийн тахилгат Их Богд хайрхан үүлэн хөшиг дундаас хас цасан хантааз асаан дүнхийх ажээ.

Эх нутгийнхаан Эмээлцэг хайрханд ирээд уул устайгаан бүрэн золгох шиг боллоо. Ойрын жил уул овоондоон шинэлсэнгүй. Бүр цагаан сараан ч “цаазлуулахыг” үздэг байна шүү. Эмээлцэг. Энэ уулын нэрийг би бодсоор явлаа. Ивээл нутаг, эмээлт эцэг, эмээл цэг гэсэн шиг хошоод үгс нийлж авианы үг болоод эл хайрхны нэр бүтсэн мэт холбоо сүлбээ, уялдаа угсаа төсөөлөгдөнө. Эх уулсынхаан домог хуучийг яриулах өвгөд минь хаана билээ… Өнгөрсөн хагас жарны хугацалд хот хүрээнд сууж, олны шуугиан цуугилд дэндүү гэмээр автаад нутагтаан даанч тавтай суусангүй. Тэнд гурван арваныг элээхдээн олсноосоон алдсан нь ихийн их. Уул усандаан ирэхэд домог хуучийг нь хүүрнэж хөвөрдөх хүрэн бор өвгөдөөсөөн зам зөрснөөн эргэж бодохуй сэтгэлд хөндүүр оргином. Үүний учир харамсах ч багадму.

Монгол хүн шинийн нэгэнд хамгаас түрүүнд уул овоондоон гарч шинэлдэг ёсон буй. Эмээлцэг ууландаан ирээд тэнгэр эцэгтээн, тэнгэрт буцсан аавдаан золгох мэт боллоо. Санаж явсан үйлээн бодсончлон бүтээлээ. Тийм ээ, аавдаан. Аав минь энэ л ууландаан хийморь лундаагаан сэргээж, малгайн утаа арилгаж, манаахан тэнгэрээс нь хэшиг хүртэж, ганзгаан мялааж явсан анч малчин билээ.

Эмээлцэгийн оргилд дүү бээр түрүүлж гарсан шигээн буухдаан ч бас түрүүлээд доошиллоо. Өмнөд өндөрлөгөөс буцаж тэргүүн оргил дээр намайг мачийн гарч ирэхэд тэрбээр дурангаан өвөртлөн эргэх замдаан орж байвай. Шинийн нэгэн шүү дээ, өнөөдөр чинь. Хэдий хонины хэшигтэй ч дүү маань ээжид нарны голтой золгох учиртайгаан бодож л байгаа. Оргилын овоон дээр хэдэн зураг шалавлан дараад буцахаар шийдэв. Гэхдээн ээж минь хоёр хоногийн өмнөөс зориуд бэлдэж, өглөө гарахад ганзагалж явуулсан ундааны савтай шимийн сүүг нутгийнхаан сүлдэн хайрхны тэнгэрт өргөхдөөн би яарсангүй…

Их уулын хормойд түрүүлж буусан дүүгээс, “Мартсанаас мал мэнд үү” гэдэгчлэн түрүүн оргил дээрээс дурандахад янгир харагдсан эсэхийг лавлах завдал сая л гарлаа. “Дэвсэг дээр л хэдэн ямаа идээшилж харагдана лээ. Өөр бусдаар огт юм алга. Айл малын хөлөөс дайжаад өвөлжөөний баруугаар, жаахан хойшилсон байх аа” гэж тэрбээр хэлэв. Эмээлцэгийн ар бэлээс мордохын өмнө, хаа хол хотоос, гэрээсээн авч гарсан Очирваань хайрхны гялаан ууттай арцаан гаргаж, өгсөхдөөн халаасандаан үе үе арвижуулж явсан их уулын хяр дахь адууны хомоолыг хамт гаргаж, гал цог үүсгэн, арц адууны гээмлээн хольж байгаад анхил ариуслын үйлийг унгатгав. Эмээлцэг уулаан, эцэг дээдсийн нутгаан эргээд мөдхөн иртлээн арцны үнэртэй үлдээж байгаа нь энэ.

Зорьсноон санасанчлан бүтээсэн бид хоёр ирсэн замаараан шууд буцсангүй. Царамын ихрээс хөдлөхөд Улаан Хавцгайтын өвөлжөөний хөлөөр өгсөж, их уулсын хормой энгэрлэж байсан дүүгийн хонь мал гэр өөдөөн хошуу эргүүлжээ. Энэ шинийн нэгэнд дүүгийн маань хишиг өдөр таарсан нь бэлгэдэлтэй хэрэг. Хоёул уулнаас уруудаж хөндийн эхнээс хойш өндөр дөрөлж даван зам товчиллоо. Дөрөлжийн хойт ар луу уруудах үед уулсын хонгионы эхэнд адуу тааралдав. Манайхны саарал азаргатай адуу жалга судгийн цас захаасаан хайлж сэмэрсэн энэ намуун тогтуун өдөр туурайгаараан зөөлөн цас цавчилж унд өвснийхөөн нутагт хур таргатайгаан, уугуул бэлчээртээн сорлон байнам. Эргэх дөрвөн цагийн аливаад өвсний соргогоор үл дутаах энэ л их ууландаан асаж дасан, адуу мал маань ч малч эзнээн танин таалан бэлчээрлэх ажуу. Ийнхүү уулсын сүр хийморь даллаж, халуун хошуут адуу мал маань тааралдаж бүр ч бэлгэшээл нэмлээ.

… Эмээлцэг ууландаан гарахад эцэгтэйгээн уулзсан мэт болов. Аавын гэрээс хол явж, нутаг сунгаж, өрх бүл үүсгэж, өөрөөн аав болж, хан буурал орчлонд эрийн нуруу үл нугаран, үзэх туулахыг дүүргэсээр ажгуу. Ийн явахдаан гагцхүү нутгийнхаан өмөг түшигт хөх, хөглөгөр уулсыг л мартдаггүй. Аав минь уул усандаан шингэснээс хойш энэ ухаарал, дотоод эрчмийн татагдал улам л лавшран, хөлгүй мэт арвидсаар. Мартагдахын аргагүй үнэт эрдэнэ эх нутгийн уулс минь юм шүү. Хөр цастай, хөх өвстэй хөрсөн дээрээн ч, алгаараан илбэхэд эцгийн мутар мэт зөөлөн төөнөх бүлээхэн хэвлийдээн ч үнэт эрдэнээр өвч өгөөмөр, тиймдээн сэтгэлийн ертөнцийг ямагт бүтэн дүүрэн, амгалан амурлингуй явуулдаг эх нутгийн минь ивээлт баян, эцгийн буянт уулс минь. Эмээлээсээн өндөр даваа давах насыг эзлэх минь энэ буюу.

Эмээлцэг уул мину…

 

                        Залаажинст-Улаанбаатар. Билгийн улирлын 17 дугаар жарны“Үзэсгэлэн болгогч” харагчин Туулай жилийн цагаан сарын шинийн нэгний өдөр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж