Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” өнөөдөр /2023.03.03/ Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Эдийн засагч Д.Ангараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-“Хүнсний хувьсгал” арга хэмжээ төрийн ордонд болж байна. Та уг уулзалтад ямар байр суурьтай оролцож байна вэ?
-Үйлдвэрлэлээр дамжиж тухайн нийгэмд баялаг бүтээгддэг, ажлын байр бий болдог. Ажлын байраар дамжуулан баялаг бий болж ядуурал буурна. Энэ бол эдийн засгийн энгийн ойлголт. Харамсалтай нь, сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улс үйлдвэрлэлийн бодлогоо орхигдуулж, импортыг илүү чухалчилсан. Нөгөө талдаа дотоодын үйлдвэрлэлийн бодлогыг орхигдуулсан. Энэ бодлого удаан хэрэгжсэнээр ажилгүйдэл бий болдог. Нийгэмд ажлын байр бий болдоггүй. Ажилгүйдэл нэмэгдвэл ядуурал нэмэгдэнэ. Яг энэ зүй тогтол Монгол Улсад бий болчихлоо. Өнөөдөр хоёр Монгол хүний нэг нь ядуу байна. Ажлын байргүй, нийгмийн халамжаар амьдардаг улс боллоо. Энэ юуг илэрхийлж байна уу гэвэл, манай сүүлийн 30 жилийн төрийн бодлого буруу байжээ.
Импортоор бүхнийг шийдэж болохгүй, дотооддоо үйлдвэрлэх ёстойг бидний мах цусанд шингэтэл ойлгууллаа.
“Хүнсний хувьсгал” гэх аяныг Ерөнхийлөгчийн зүгээс зарлаж, УИХ Засгийн газар дэмжээд эхлүүлж байна. Үүнийг маш зөв гэж харж байна. Хүнсний аюулгүй байдлаас гадна, эдийн засагч хүний зүгээс ажлын байрыг илүү чухалчилж хараад байгаа юм. Жишээлбэл, импортын бизнес эрхлэхэд нэг ажлын байр бий болдог. Харин яг тэр хэмжээний бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхэд мянган ажлын байр бий болно. Өөрөөр хэлбэл мянган хүн ядуурлаас сална. Хүнсний хувьсгалыг дотоодын үйлдвэрээр дамжуулан шинэ ажлын байр бий болгож, ядуурал, ажилгүйдлээс салгах зорилт гэж харах ёстой.
-Үйлдвэрлэлийг дотооддоо бий болгохын тулд төрөөс ямар бодлогоор дэмжих хэрэгтэй гэж та харж байна вэ?
-Төрөөс маш олон төрлийн баримт бичгийг баталсан ч ихэнх нь амжилттай хэрэгжиж чадсангүй. Мөн хүнсний хувьсгалыг зөв хэрэгжүүлэхгүй, зөв хэрэгжүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлэхгүй бол бас л цаасан дээр үлдэх эрсдэлтэй. Хүнсний хувьсгалыг амжилттай хэрэгжүүлэхэд хэд хэдэн реформын зүйл бий. Эхнийх нь хөтөлбөрт тусгагдсан байна лээ. Хүү багатай урт хугацаатай зээл өгье гэж байгаа юм. Энэ бол том дэмжлэг мөн үү гэвэл мөн.
Монголд жижиг дунд хэмжээний аж ахуй нэгж шууд үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх боломжгүй байдаг.
Яагаад гэхээр үйлдвэрлэлийн төсөл онцлогтой. Хугацаа зардал мөнгөнөөс гадна 5-10 жилийн хугацаанд үр дүнгээ өгдөг. Ийм бизнесийн төслийг өнөөгийн байгаа банкны зээлээр санхүүжүүлэх ямар ч боломжгүй. Монгол Улсад зээлийн хүү өндөр, хугацаа богино байдаг. Гэхдээ хүнсний хувьсгалаар санхүү талыг нь шийдэж өгөхөөр ярьж байна. Ингэхдээ, жилийн гурван хувийн хүүтэй, урт хугацааны зээл олгох юм. Дэмжлэг мөн боловч асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Хөтөлбөрөө зарлалаа, тааламжтай санхүүгийн механизмаа гаргалаа гэхэд нөгөө талдаа импортын барааны тарифын бодлого буюу дотооддоо үйлдвэрлэж болох зүйлд өндөр татвар ногдуулах зүйлийг хийхгүйгээр уг хөтөлбөр амжилттай хэрэгжиж чадахгүй. Жишээ нь би бизнес эрхлэгч байлаа гэхэд тоног төхөөрөмж худалдан аваад, хүн ажиллуулаад дотоодоо бүтээгдэхүүн гаргалаа гэхэд энэ бүтээгдэхүүн 50, 80 жилийн түүхтэй Япон, Солонгос, АНУ-ын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломжгүй. Үүнийг дотоодын хэрэглэгчид дэмжих ёстой. Хүчээр гаднын бараа хэрэглүүлэхгүй байх хэрэгтэй гэх нь зохимжгүй. Харин гаднын улс орнууд үүнийг тарифын бодлогоор зохицуулдаг.
-Цаг үеийн асуудлаар тодруулахад, гадаад валютын нөөц бүрдсэн ч төгрөгийн ханш улам суларч байна. Энэ асуудлыг ямар байдлаар зохицуулах ёстой юм бол?
-Энэ асуудал хүнсний хувьсгалтай мөн уялдаж байна. Монгол Улс импортын бараа худалдаж авна гэдэг нь тэр хэмжээгээр гадагшаа валют урсаж байгаа юм. Хүнсний хувьсгалаа зөв хэрэгжүүлж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж, гадагшаа гардаг валютын урсгалыг багасгаж байж төгрөгийн ханш тогтворжино. Өнөөдрийн Монголын эдийн засаг маш өрөвдөлтэй байна. Нүүрс, алт, зэс, жоншоо зарж жоохон валют олдог, тэр валютаа буцаагаад импортын барааны төлбөртөө гадагшаа цацчихдаг. Тиймээс төгрөгийн ханш жил бүр унаж, цаас болж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас орж ирсэн баялаг дотооддоо шингэхгүй гарчихдаг.
Хүнсний хувьсгалаар дамжуулан дотоодын хүнсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх юм бол уул уурхайгаас олсон орлого гадагшаа гарахгүй дотоодын аж ахуй нэгжүүдэд шингэнэ.
Тэр хэмжээгээр гадагшлах валютын урсгал багасч, төгрөгийн ханш тогтворжино. Сүүлийн 30 жил явж ирсэн эдийн засгийн моделиор дараагийн 30 жил явах ямар ч боломжгүй.
Холбоотой мэдээ