Иранд сургуулийн охид хордсон хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд анх гарч байв. Тухайн үед ахлах сургуулийн 18 охин хордож, эмнэлэгт хүргэгдсэн. Үүнээс хойш Ираны өнцөг булан бүрт сургуулийн охид, хөвгүүд хордсоор 900 хүрснийг Лхагва гаригт мэдээллээ. "Tasnim" агентлаг энэ үйл явдлыг цуврал хордуулалт гэж нэрлэж байна.
Сүүлийн үеийн тохиолдлуудаас дурдвал хоёрдугаар сарын 14-ны өдөр Ком хотод 13 сургуулийн 100 гаруй оюутан, 28-ны өдөр нийслэл Тегеранд 35 оюутан хордов. Боружерд, Чахармахал, Бахтиар зэрэг газарт мөн хордлогын тохиолдлууд гарсан байна. Ихэнх тохиолдол охидын сургуульд гарсан ч хоёрдугаар сарын 4-ний өдөр Ком дахь хөвгүүдийн сургуульд хүүхдүүд хорджээ. Ираны Эрүүл мэндийн сайд Бахрам Ейноллахи хоёрдугаар сарын 15-нд хордсон хүүхдүүд дээр очсон.
Хүүхдүүдэд булчин сулрах, дотор муухайрах, ядрах шинж тэмдэг илэрч байсан. Гэхдээ биеийн байдал харьцангуй хөнгөн байсан учир ихэнх нь удалгүй эмнэлгээс гаргасан аж. Мэргэжилтнүүд хордсон өвчтөнүүдээс янз бүрийн дээж авч, шинжилгээ хийсэн боловч ямар нэгэн микроб, вирус илрүүлээгүй гэв.
Хүүхдүүдийг тухайлан онилж хордуулсан эсэх нь тодорхойгүй байна. Ираны Судалгаа, технологийн асуудал эрхэлсэн Эрүүл мэндийн дэд сайд Юнес Панахи хордлогыг химийн шинж чанартай байсан гэж хоёрдугаар сарын 26-нд мэдэгдсэн. Гэхдээ энэ нь дайн байлдаанд ашигладаг химийн бодис биш бөгөөд халдварладаггүй шинж чанартай аж. "Ком хотод хэд хэдэн тохиолдол гарсны дараа хэн нэг нь бүх сургуулийг, тэр дундаа охидын сургуулийг хаах хүсэлтэй байгаа нь илт болсон" гэж Юнес Панахи хэлсэн. Гэвч тэр дараа нь буруу ярьсан байна гэж хэлээд үгээ буцаажээ.
Ком хотод хордсон нэгэн охины ээж хэлэхдээ хүүхдийнх нь биеийн байдал сайнгүй байгаа гэжээ. Охинд дотор муухайрах, амьсгалахад бэрх болох, зүүн хөл, баруун гар нь мэдээ алдах шинж тэмдгүүд илэрсэн гэв. Үүнийхээ улмаас охин алхахад хүндрэлтэй байгаа аж.
Энэ хэргийг илүү сайн шалгахыг орон нутгийн идэвхтнүүд болон улс төрийн зүтгэлтнүүд шаардаж байна. Дараалсан тохиолдлууд нь санаандгүй явдал биш гэж Ираны Багш нарын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Мохаммад Хабиби хэллээ. Хабиби энэ үйл явдлыг сүүлийн үед Иранд өрнөөд буй "Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө" хөдөлгөөнтэй холбоотой гэж үзэж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ