Европын холбооны хориг Монголд хамаарахгүй

Хуучирсан мэдээ: 2023.03.03-нд нийтлэгдсэн

Европын холбооны хориг Монголд хамаарахгүй

Европын холбооны хориг Монголд хамаарахгүй

ОХУ-ын зүгээс Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлээд нэг жил өнгөрч байна. Украины эсрэг хийсэн дайны нэг жилийн талаар мэдээлэл солилцох уулзалтыг Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас өнөөдөр /2023.03.03/ зохион байгууллаа. Уг уулзалтад гадаадын 11 орны Элчин сайдууд болон төлөөлөгчид оролцож, ОХУ-ын түрэмгийллийн талаарх байр сууриа илэрхийлэв. Тодруулбал, АНУ, Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс, Польш, Герман, Франц, Чех, Болгар, Австрали, БНСУ, Итали улсын Элчин сайд, төлөөлөгчид уулзалтад оролцлоо.

Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз ОХУ-ын засгийн газар болон хөрөнгөтөнүүдэд чиглэсэн барууны хориг арга хэмжээний талаар мэдээлэл өгч, уулзалтыг эхлүүлсэн. Тэрбээр Европын холбооны зүгээс нэг жилийн дотор 10 багц хориг арга хэмжээ авсныг онцолсон юм. Мөн зөвхөн Европын холбоо бус дэлхийн ДНБ-ий 50 гаруй хувийг бүрдүүлдэг 40 гаруй улс ОХУ-д хориг тавьсан.

"Европын холбооны хориг арга хэмжээ нь Орос болон гуравдагч орон хоорондын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа улаан буудай, бордооны худалдаанд чиглээгүй. Тодруулбал, хориг арга хэмжээ авахдаа ямагт хүнсний бүтээгдэхүүн, бордоог чөлөөлсөн төдийгүй, ямар нэгэн сөрөг үр дагавар гарах эсэхийг байнга хянаж ажиллаж байна. Европын холбооны хориг арга хэмжээ нь нутаг дэвсгэрээс гадуур үйлчлэхгүй, Монгол зэрэг гуравдагч оронд хамаарахгүй" гэж Элчин сайд Аксель Никэйз  хэлэв.

Европын холбоо болон түншүүд Украиныг дэмжих, Оросын хууль бус түрэмгийллийг зогсоохын тулд тэдэнд шахалт үзүүлэх, дэлхийн бусад улсад сөрөг үр дагаврыг даван туулахад нь туслах гэсэн гурвалсан стратеги баримталж буй аж.

МОНГОЛ УЛСЫН ТӨВИЙГ САХИСАН БАЙР СУУРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ХҮНДЭТГЭЖ БАЙНА

Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малон:

-Украины эсрэг хийсэн дайралт нь тусгаар тогтносон ардчилсан улсын эсрэг ямар ч үндэслэлгүй, урьдчилан төлөвлөж хийсэн зэрлэг балмад үйлдэл юм. Олон улсын эрх зүйн суурь үнэт зүйл, зарчмууд болон НҮБ-ын дүрмийг бүдүүлгээр зөрчсөн ОХУ-ын засгийн газрын буруутай үйлдлийг Их Британи болон олон улсын түншүүд нэгдмэл байдлаар буруушааж байна. НҮБ-ын дүрмийг хамгаалж, дагаж мөрдөх ёстой.

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн НҮБ-ын санал хураалтын дүн Украинд үзүүлж буй олон улсын дэмжлэгийг Орос хэр дутуу үнэлснийг харууллаа. 141 улс Украиныг энх тайвны тал хэмээн саналаа өгөхийн сацуу Украины нутаг дэвсгэрээс гарч, Украины ард түмэн рүү дайралт хийхээ нэн даруй зогсоо гэсэн тодорхой шаардлагыг ОХУ-д илгээв. Энэ асуудалд Монгол Улсын төвийг сахисан байр суурийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж байна.

УКРАИНЫ АРД ТҮМЭН ЭХ ОРНОО ТӨДИЙГҮЙ ПОЛЬШИЙГ ОРОСЫН ТҮРЭМГИЙЛЛЭЭС ХАМГААЛЖ БАЙНА

Бүгд найрамдах Польш улсын онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко: 

-Украины ард түмэн эх орноо төдийгүй Европын улс орнуудыг, тэр дундаа Польшийг Оросын түрэмгийллээс хамгаалж байна. Иймд Украиныг дэмжих нь бидний язгуур эрх ашиг, сонирхолд бүрэн нийцэж байгаа юм. Польш болон Украины ард түмэн Оросын түрэмгийллийн эсрэг хамтдаа тэмцэж буй анхны тохиолдол бус юм. Бид энэ оны нэгдүгээр сард "Нэгдүгээр сарын бослого"-ын 160 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. 1863 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн энэхүү бослого нь Польш, Украин болон Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн гишүүн орны ард түмний хувьд тусгаар тогтнолоо олж авахын төлөөх зэвсэгт тэмцэл байсан.

Орос улс Украины эсрэг хийж буй дайны тэргүүн фронтод эсрэг талын нөөцийг барах зорилгоор үндэстний цөөнхийг явуулж байгаа нь дайны империалист шинж чанарыг харуулж байна. Энэ нь ОХУ-тай хил залгаа Оросын үндэстний цөөнх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаараа ижил төстэй Монгол болон бусад улс оронд сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Бүгд найрамдах Франц улсын Элчин сайд Сэбастиен Сүрүн: 

-Оросын Украины эсрэг хийж буй үндэслэлгүй түрэмгийлэл болон 2014, 2022 онуудад Украины хууль ёсны нутаг дэвсгэрийнх нь зарим хэсгийг өөртөө нэгтгэхээр оролдож буй үйлдэл нь тусгаар улсын эсрэг хийж буй империалист ажиллагаанаас өөрцгүй юм. Цэргийн хүчний заналхийллийн дор явуулсан хуурамч санал асуулга нь ямар ч үнэ цэнгүйн дээр үүнд нь Украины ард түмний сонгох эрхийн мэдрэмж хийгээд тэдний ардчилсан шийдвэр тусгагдаагүй. Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улсын хувиар онцгой үүрэг хариуцлага хүлээсэн Оросоос ийм үйлдэл гарч байгаа нь бүр ч хүлээн зөвшөөрөмгүй юм. Түүнчлэн 1994 онд Орос өөрөө Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулна хэмээн мэдэгдэж байсантай нь мөн зөрчилдөж байна.

Бүгд найрамдах Болгар улсын Элчин сайдын яам, Хэргийг түр хамаарагч Валентин Ангелов: 

-Болгар бол Украины Европын ирээдүйн төлөө тууштай дэмжигч юм. Украинд Европын холбооны нэр дэвшигчийн статус олгох улс төрийн түргэвчилсэн шийдвэрийг дэмжсэн анхны гишүүн орнуудын нэг бол Болгар. Оросын тогтворгүй авирлалт, дайны эсрэг Европын холбоо болон НАТО-ийн нэгдсэн хариу арга хэмжээг тууштай дэмжин нэгдэж буйгаа дахин бататгаж онцолмоор байна. Ардчиллын үнэт зүйлийг гутаах Кремлийн оролдлого, нөлөөллийн холимог арга хэрэгсэл ашиглан хүний эрхийг зөрчиж байгааг бид эрс буруушааж байна.

Болгар улс Украинд 240 сая еврогийн хүмүүнлэгийн болон бусад тусламж олгоод байгаа бөгөөд Украины 150 мянга орчим иргэн Болгарт түр хамгаалалтын статустай амьдарч байна.

УКРАИНЫ ТЭМЦЭЛ БОЛ ИЛҮҮ ТОМ ЗҮЙЛИЙН НЭГ ХЭСЭГ

АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Мэттью Ференс: 

-Украины тэмцэл бол илүү том зүйлийн нэг хэсэг. Эрх чөлөө, ардчилал, улс орны бүрэн эрхт болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын үндсэн зарчмын эсрэг ийнхүү илэрхий халдан дайрсан энэ үйлдэлд анхаарал хандуулахгүй бол дэлхий дахин илүү хор хөнөөл бүхий үр дагавартай нүүр тулгарах болно. АНУ дээд хэмжээний яаралтай тусламжийг үзүүлэхийн зэрэгцээ бусад улс орон, олон улсын байгууллагуудыг үйл ажиллагаагаа уялдуулан, нөөц бололцоогоо дайчлахыг уриалж байна. Дэлхий даяар 50 гаруй улс орон Украины ард иргэдийг өөрсдийн эрх чөлөөгөө хамгаалан, хүчээ бэхжүүлэхэд дэмжлэг болгон эд материалын болон санхүүгийн тусламж үзүүлж байна. Дэлхийн ардчилсан улс орнууд Украиныг дэмжин, Оросын харгис дайны эсрэг дуу хоолойгоо үргэлжлүүлэн өргөж, бат зогссоор байх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж