Энэ жилийн мөсний баяр өргөн дэлгэр болж байна

Хуучирсан мэдээ: 2023.03.03-нд нийтлэгдсэн

Энэ жилийн мөсний баяр өргөн дэлгэр болж байна

Энэ жилийн мөсний баяр өргөн дэлгэр болж байна

Хөвсгөл аймагт өвлийн аялал зуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 21 дэхь жилдээ зохион байгуулагдаж буй “Хөх Сувд-2023” мөсний баярыг сурвалжилахаар Хөвсгөл аймгийн хатгал сумыг зорьлоо. Нар мандсан ч үүлний цаагуур орж сэрүүн салхи хэдэнтэй салхилан хацар ягаарч, зүрх догдолсоор зорьсон газартаа буулаа. Хөвсгөл нуурийн үзэсгэлэн улирлаас үл хамааран цэнхэртэн, гялтганана. Өвлийн улиралд талст үүсгэн өвөрмөц өнгө төрхийг үүсгэжээ. Тусгайлан бэлтгэсэн  машины зогсоол дүүрч , улаан өнгийн тууз өлгөсөн модноос  хойш эгнээ байраа олсон харагдана. Талбайн хойд хэсэгт тайз зассан байх бөгөөд өнгө алагласан төрөл бүрийн хэв загвартай үндэсний дээлээр гоёсон хүмүүс зөрөн алхана. Тайз тойруулан дугуй хэлбэрт оруулан амьтдын  мөсөн сийлбэр, ногоон улаан өнгийн асар, урцыг хослуулан барьжээ. Шарсан зайдас, шорлогын үнэр тааламжтай үнэртэх ахуйд халуун вино авахыг уриалан зүүн зүгээс зарлана.

Удалгүй цангинасан хөгжим цуурайтаж Мөрөөдөл дуудсан мөсний баяр сүлд дуугаар нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Үйл ажиллагааг нээж Хөвсгөл аймгийн засаг дарга П. Идэрбаясгалан, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, Аймгийн засаг даргын орлогч мөсний баярыг зохион байгуулагч комиссийн дарга М.Хуягбаатар, Байгаль орчин аялал зуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монгол улсад зорчих жил болгон заралсантай холбогдуулан аялал жуулчлалын салбарын орлогыг ДНБ-ний 30 хувьд хүргэх зорилго тавин ажиллаж байна. Дээрх засгийн газрын зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд Хөвсгөл аймаг нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны 12 дугаар хуралдааны 14 дүгээр тогтоолоор 2023 оныг “Хөвсгөлд зорчих жил”-ээр зарласан. Засгийн газраас Хөвсгөл нуур орчмын бүсийг эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргасан бөгөөд энэ ажлын хүрээнд тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж байгааг илэрхийллээ.

Ийнхүү мөсний баярын гол утга учир мөн чанарыг дурдсанаар зууны манлай дуучин Б.Сарантуяа “Содура” дуугаар хөг нэмлээ. Ирсэн зочид тайзны урд нээлтийн үйл ажиллагааг сонирхох бол хэсэг хүмүүс дөрвөн дугуйт дээр дрипт хийж, гэрэл зургаа даруулан тойрон алхана. Өнгө алаглан зохицуулсан Бөөгийн эдлэл хэрэгслээр гоёсон бүжигчид монгол уламжлалыг хөдөлгөөн бүрээрээ нарийн харууллаа. Гадаадаас ирсэн зочид 20 хувийг эзлэх бөгөөд утсаараа дүрс бүрийг алдалгүй бичиж үзэгдэнэ. БНСУ-ын үндэсний хөгжмийн “Намчон” хамтлагийн өвөрмөц бүжгээр нээлтийн үйл ажиллагаа өндөрлөж хөтөлбөрийн дагуу тэмцээн эхэллээ. Тусгайлан бэлтгэсэн талбайд мэргэжлийн тамирчин мэт  салхи сөрөн уралдаж буй бяцхан багачуудын дуу баясгалантай сонсогдоно. Аав ээж, хариуцсан багш нар нь тэднийг дэмжин урамын үгээр уухайлан дуудна. Тормогор гялалзсан нүд, хөдөөгийн салхинд илбүүлсэн улаан хацар, тэшүүрийг чадварлаг арга барил тэднийг илэрхийлнэ. Хөвсгөл аймгийн сумуудаас гадна Завхан, Хэнтий, Сэлэнгэ, Төв аймаг зэрэг газруудаас тамирчид багш, эцэг эхийн хамт иржээ. Насны зургаан ангиллаар явуулж байгаа аж. Улс аймгийн томоохон тэмцээн уралдаанд амжилттай оролцож байгаа бяцханууд дэлхийд нэрээ гаргах зорилготойгоо хуваалцлаа. Уухайн дуу тайзны зүүн талаас цуурайтаж Мөсний сурийн харваа эхэлжээ. Нас тогтсон томоохон харваачид эрэмбэ дараалан зогсож мэнд мэдэж сүрийг үзүүлнэ. Хэдий өөр өөр аймаг сумаас оролцож байгаа ч бүгд бие биенээ таних нь сонирхолтой. Өмнөх жилүүдтэй харьцуулахад залуу харваачдийн тоо нэмэгдсэн нь талархууштай байгааг онцоллоо. Өвлийн байт суран харваа нь сум нь бүдүүн, булцуу том байдгийг тайлбарлан харууллаа.

Өдрийн 15:00 цаг болжээ. Өглөөний хүйтэн агаар хэдийнээ арилж нар төөнөж тухтай мэдрэмжийг төрүүлнэ. Хуушуур, шарсан зайдас, шорлог, халаасан вино мөсний баярыг илэрхийлэх амтат хоол аж. Тайзны урд талын урцанд шарсан зайдас болон шарсан, бүрсэн загасны мах худалдаална. Ирсэн хүмүүсийг найрсагаар угтан мэндлэх залуу мөсөөр захиалан хийлгэсэн монгол гэрт биднийг урьлаа. Гэрт ороход тусгайлан бэлтгэсэн амтат хоолнууд харагдах бөгөөд мөсөн тавиурт хадны сүг зургийг сийлжээ. Ангийн үсийг үзүүлэнгийн доор дэвссэн нь илүү чамин харагдуулна. Гэрт гадаад, дотоодын жуулчид орж ирэн сонирхох бөгөөд бүгд л дуу алдан үзүүлэнгийн хоол, хийцийг гайхан магтацгаана.

Удалгүй тайзан дээр “Өвлийн гоёл” наадмын байр шалгаруулан, зарлах дуу сонсогдлоо. Өвлийн гоёл-2023 хувцас загварын тэмцээнд гурван төрөлд 53 хүн оролцжээ. Энэ жилийн хувьд АНУ, Тайланд ОХУ зэрэг орон орны улсаас хүмүүс оролцож байгаагаар онцлоготой аж. “Хувцас загварын тэмцээнийг хувцасны бүрэн бүтэн байдал, хувцасаа илэрхийлж харуулах байдал, дээл хувцасаа өөрийн үгээр тайлбарлах гэх гурван шалгуураар тодруулсан. Энэ жилийн өвлийн гоёл-2023 наадмыг Хөвсгөл аймгийн “Хөвсгөл трэйвел” ХХК-ий “Тойлогт жуулчны бааз” ивээн тэтгэсэн” гэдгийг Хөвсгөл аймгийн боловсрол шинжлэх ухааны мэргэжилтэн Б. Уранцэцэг хэллээ. Үргэлжлүүлэн “Шагайн мөсөн харваа”-ны шагналт байрыг зарлалаа. Талын харваа төрөлд нэгдүгээр байранд Х.Энхтайван, М.Батбаатар хоёрдугаар байранд Б.Содгэрэл Г.Амгаланбаатар гутдугаар байранд Л.Ууганбат, Д.Ганболд нар шалгарчээ. Цуваа харваа төрөлд нэгдүгээр байранд Х.Энхтайван хоёрдугаар байранд Н.Сэр-Од, гутдугаар байранд Г.Амгаланбаатар, дөрөвдүгээр байранд н.Баттулга, тавдугаар байранд Б.Содгэрэл нар шалгарлаа.

Нар буух үест тэмцээн өндөрлөж сурын харваа, тэшүүрийн тэмцээний шагналыг маргааш гардуулхаар болгон хойшлууллаа. Тайзыг засан өөрчлөн  шоу тоглолт оройн бүрийтэй зэрэгцэн эхэллээ. Тарсан олон зочид цуглан доргио хөгжмийн аянд хөгжилдөн бүжиглэнэ. Ганц нэг пиво барьсан хүмүүс бага багаар нэмэгдэхтэй зэрэгцэн бага насны хүүхдүүд эцэг эхээсээ төөрч үүсгүүр дээр дугаарлан зарлагдана. Шоу 21:00 цагийн үед дуусч цүгларсан олон бага багаар тарлаа. Харих замд машины улаан гэрэл дараалан асаж бяцхан түгжирсээр харьлаа.

Э.ХУЛАН, Д.НЯМХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж