Японы эргийн хамгаалалтын албанаас 1987 онд тайлагнаснаар тус улсад 6852 арал байдаг аж. Тус улсын Газар зүйн мэдээллийн алба саяхан арлуудаа дахин тоолж үзээд, 7000 арал шинээр илрүүлжээ. Ингээд Японы нутаг дэвсгэрт нийт 14125 аралтай болов. Технологийн дэвшлийг ашиглан энэ мэдээллийг гаргасан боловч Японы газар нутгийн хэмжээ өөрчлөгдөхгүй гэдгийг албаныхан хэллээ.
Арлуудыг хэрхэн тоолох талаар олон улсад тогтсон гэрээ байдаггүй. Энэ удаад 35 жилийн өмнө тоолсонтой ижил шалгуураар буюу хамгийн багадаа 100 метр тойрог бүхий байгалийн бүхий л тогтоцыг тоолжээ. Шинэ арлуудын тоонд зохиомлоор нөхөн сэргээсэн газрууд ороогүй.
Японыг тойрсон арлууд эртнээс нааш газар нутгийн маргаан дэгдээсээр ирсэн. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд ЗХУ-ын цэргүүд Японоос Курилын арлуудыг булааж авсан. Өмнөд Курилын арлуудын маргаан одоо ч үргэлжилж буй. Түүнчлэн Зүүн Хятадын тэнгис дэх Сэнкаку арлуудыг Япон улс өөрийнх гэж мэдэгддэг. Гэвч Хятад улс үүнийг удаа дараалан эсэргүүцсээр иржээ. Гуравдугаарт, Япон, Өмнөд Солонгосын хооронд 70 жил үргэлжилсэн маргаан бий. Өмнөд Солонгосын нэрлэдгээр Докдо, Японы нэрлэдгээр Такэшима гэгддэг арлуудын бүрэн эрхийн асуудлаар хоёр улс одоо ч маргаантай байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ