Монгол Улсын эдийн засаг 2023 онд тэлэх үү?

Хуучирсан мэдээ: 2023.03.03-нд нийтлэгдсэн

Монгол Улсын эдийн засаг 2023 онд тэлэх үү?

Монгол Улсын эдийн засаг 2023 онд тэлэх үү?

Эрх баригчид энэ онд улсын эдийн засгийн өсөлтийн тухайд “Оюутолгой”-н гүнийн уурхайн олборлолтод гол найдлага тавьж буй. Олборлолт 10 хоногийн дараа эхэлснээр “Оюутолгой” дэлхийн хэмжээнд зэсийн гурав дахь том төсөл болж, хөрөнгө оруулагчид, Монгол Улсын Засгийн газарт ирж буй татварын болон бусад орлого нэмэгдэнэ.

Дэлхийн банкны Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Андрей Михнев “Оюутолгой”-н ордын гүний уурхайн олборлолт 2023 онд эхлэх тул Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд буюу 2023-2024 онуудад хурдсаж зургаа орчим хувьд хүрэх төлөвтэйг танилцуулсан.

“Fitch Ratings”-ийн хувьд Монгол Улсын гадаад валют гаргагчийн урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B” буюу тогтвортой хэвээр үлдээсэн. Худалдааны тасалдал, Украины дайны улмаас үүссэн нөлөө багасч, Монгол Улсын экспортын гол түүхий эд Хятадад эрэлттэй хэвээр байгаа тул дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 6.3, 2024 онд 6.8 хувь хүртэл нэмэгдэнэ гэж төсөөлж буйгаа танилцуулсан билээ.

“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж, хил дамнасан дэд бүтэц сайжирснаар улс орны эдийн засагт илүү их үр өгөөж авчрах тул Монгол Улс байгалийн баялгаа үр дүнтэй ашиглах боломжтой талаар мэдээлсэн.

“S&P Global Ratings” Монгол Улсын урт болон богино хугацааны зээлжих зэрэглэл "B" буюу хэтийн төлөв тогтвортой. БНХАУ-ын хилийн хязгаарлалтын үед түүхий эдээс хамааралтай Монголын эдийн засаг 2023 онд хилийн гарц хэвийн болж, экспорт сэргэснээр зургаан хувь хүрч өсөх боломжтойг тэмдэглэсэн.

Төсвийн төсөлд, энэ онд Монгол Улсын эдийн засаг 5 хувьд хүрнэ гэж тусгасан. Зарим эдийн засагчид 2023 онд Монголын эдийн засгийн өсөлт туулай шиг хурдтай байна гэж таамагласнаа танилцуулсан билээ.

ИНФЛЯЦИ ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТОТ ТҮВШИН БОЛОХ 8 ХУВЬ ОРЧИМД ХҮРНЭ

2023 онд Монгол Улсад инфляцийн түвшин алгуур буурах хандлагатай. Дэлхийн эдийн засгийн хямралын шалтгаан инфляцийн өндөр өсөлт хэвээр байхаар байна. Монгол Улсын хувьд энэ онд ам.доллараар төлөх зээл, бондын төлбөр өндөр байгаа нь эдийн засгийн ашиггүй нөхцөл байдлыг бүрдүүлж буй.

Эрчим хүч, ялангуяа нефтийн бүтээгдэхүүний үнэ, хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ, мөн олон улсын тээвэр ложистикийн хүндрэлээс улбаатай үнийн өсөлт нь хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлж байгаа гол эрсдэлүүд юм.

Засгийн газар, төв банкаас макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлснээр 2023 онд инфляци дунд хугацааны зорилтот түвшин болох 8 хувь орчимд хүрэх төсөөлөлтэй. Гэвч эдийн засагчдын дүгнэж буйгаар, инфляцийн түвшинд огцом буурахгүй, “мэлхийн хурд”-тай байх нь. Товчхондоо, гадаадаас буюу импортын бараа, бүтээгдэхүүнээр дамжих нөлөө 54-55 хувь байх тул инфляцийг бууруулахад тийм ч амар байхгүй нь ойлгомжтой.

ТӨСВИЙН ЗАРДЛЫН ӨСӨЛТ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН НӨЛӨӨГ СУЛРУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ

Батлагдсан дүнгээр төсвийн зардал 2023 онд 20.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 38 хувьд хүрэхээр байгааг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа мэдээлсэн. Төсвийн зардлын өсөлт мөнгөний бодлогын төлөв хатуурч буй үед дотоод эрэлтийг дэмжиж, импортыг урамшуулж, ханшийн дарамтыг нэмэгдүүлж, гадаад төлбөрийн чадварыг бууруулах, инфляцийг өдөөх, мөнгөний бодлогын нөлөөг сулруулах эрсдэлтэй.

Үүний зэрэгцээ төсвийн тэнцвэржүүлсэн орлого 19 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35 орчим хувь гэдэг нь гадаад орчин муудаж байгаа үед эрсдэлтэй. Хэрэв төсвийн орлого батлагдсан дүнгээс дутвал төсвийн алдагдал хүлээлтээс өндөр гарах, түүнтэй холбоотой алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн асуудал үүсч болзошгүй. Энэ нь бизнест шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрт сөргөөр нөлөөлнө.

 БОДЛОГЫН ХҮҮ 13 ХУВЬД ХАДГАЛАГДАХ УУ?

2023 онд одоогийн төвшин 13 хувьд хэвээр хадгалагдах төсөөлөлтэй. Гэвч гуравдугаар сараас 1-2 нэгж хувиар буурч магадгүй гэж зарим эдийн засагчид тооцоолсон нь бий. Эргэлдэх мөнгөний хэмжээ бага байхад хүү өсгөх нь хадгаламж бонд, зээл гэх мэт санхүүгийн хэрэгслүүдийн өртгийг нэмэгдүүлэх аж.

Өнгөрсөн жил Монголбанк инфляцийг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ 5 удаа нэмэгдүүлж, 13 хувьд хүргэсэн. Гэсэн ч бодит хүү сөрөг хэвээр байгаа учир бодлогын хүүг нэмэх төлөвтэй байна. Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт болон импортын шалтгаанаар өссөн инфляцитай мөнгөний бодлогын хүүг өсгөж тэмцэх нь эдийн засгийн өсөлтийг бууруулах сөрөг нөлөөтэй.

Богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой гарах урсгалыг бууруулах чиглэлд бодлогыг хатууруулах, орох урсгалыг нэмэгдүүлэхээс гадна дунд хугацаанд уул уурхайн бус экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх. Түүнчлэн гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд бодлого боловсруулагчид анхаарч энэ чиглэлд хувийн секторыг дэмжих, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай.

ТӨГРӨГ, ВАЛЮТЫН ХАНШИЙН ЭРСДЭЛ ҮРГЭЛЖЛЭХ МАГАДЛАЛТАЙ

Инфляци импортоор түлхүү орж ирж байгаа тул 2023 онд ам.долларын ханш өсөлттэй хэвээр байх нь. Өнгөрсөн 2022 онд алтны үнэ ерөнхийдөө харьцангуй доогуур байсан нь ам.долларын ханш чангарч, төв банкууд мөнгө-зээлийн хатуу бодлого явуулсантай холбоотой.

Монгол Улсын валютын нөөц 2022 оны арванхоёрдугаар сард 2013 оноос хойш хамгийн доод түвшинд буюу 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай байв.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр, Засгийн газраас экспортод гарч буй нүүрсийг ил тод болгох, төлбөр нь орж ирэхгүй байгаа нүүрсний тээврийг хязгаарласнаар валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болон багахан хувиар нэмэгдэж, төгрөгийн ханш 2022 оны эхнээс 18 хувиар суларчээ.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, 2022 оны арванхоёрдугаар сард Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 3431.29 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 582.32, өмнөх сарынхаас 24.85 төгрөгөөр суларсан байна.

ЭКСПОРТЫН ОРЛОГО 600 ОРЧИМ САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭХ БОЛОМЖТОЙ

2023 оны төсвйн төсөлд экспорт 2023 онд 11.4 тэрбум, импорт 9 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдаа 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарах төсөөлөлтэй байгааг тусгасан.

Монгол Улсын экспортын гол түүхий эд зэс, нүүрс, алтны үнэ сайн байхаар байна. Улсын экспортын гол бүтээгдэхүн болох зэсийн үнэ өсч буй нь таатай мэдээ юм. Зэсийн үнийг 2023 оны улсын төсөвт 8400 ам.доллараар төлөвлөсөн бол өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр 9000 орчим ам.долларт хүрч, цаашдаа 11000 орчим ам.долларт хүрэх таамаг бий. Хэрэв энэ таамаглал биелэлээ олбол экспортын орлого 600 орчим сая ам.долларт хүрэх боломжтой.

2023 онд нүүрс, алтны үнэ нэн таатай байх нь. Мөн манай улс нүүрсээ төмөр замаар тээвэрлэж эхэлсэн нь экспорт нэмэгдэх шалтгаан болсон. Өнгөрсөн онд 31.7 сая тонн нүүрс экспортолсон. Дөрөвдүгээр сард төсөвт тодотгол хийх үед 18 сая тонныг экспортлоно гэж төлөвлөж байсан ч ийнхүү нэмэгдсэн нь төмөр зам ашиглалтад орсонтой шууд холбоотой.

ГАДААД ӨРИЙН МЕНЕЖМЕНТЭД РЕФОРМ ХИЙХ ЧУХАЛ ЦАГ ҮЕ

Төсвийн алдагдалтай, гадаад өрийн хэмжээ өссөнөөр ДНБ-ийн өсөлт ярих аргагүй. Монгол Улс төлбөрийн тэнцлийн алдагдлаа гадаад өрөөр санхүүжүүлснээр нийт гадаад өрийн хэмжээ 10 жилийн өмнөхөөс 2.2 дахин өсч, өнгөрсөн оны III улиралд 32.4 тэрбум ам.долларт хүрсэн.

Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр, Монгол Улсын нийт гадаад өр 33.3 тэрбум доллартай тэнцэж буйгаас 24 хувь болох  8.1 тэрбум ам.долларыг Засгийн газрын гадаад өр эзэлж буй. Тиймээс өрийн менежментэд реформ хийх чухал цаг үе ирсэн.

2023 онд Монгол Улсын Засгийн газрын хувьд гадаад өр зайлшгүй шийдэх ёстой асуудал болно гэж Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев мэдэгдсэн. Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг БНХАУ-ын хил гааль, ОХУ-аас импортлох шатахуун, “Оюутолгой” төслийн хэрэгжилт гэсэн хэдхэн хүчин зүйлээс хамаарсан, эмзэг байгааг анхааруулсан билээ.

Харин Европын сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Ханнес А.Такач “2023 оны төсөв эрдэс бодисын экспортын төсөөллөөс хамааралтай байна. Экспорт зорилтот  хэмжээнд хүрэхгүй бол төсвийн алдагдал тооцоолсон хэмжээнээс нэмэгдэх төлөвтэй байна” гэж анхааруулсан. 2023 онд экспортын хэмжээ цар тахлын өмнөх үедээ хүрч, өсөлт долоон хувьд хүрнэ гэж тооцоолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж