Монгол Улс 24 жилийн дараа Соёлын яамтай болсон. Гэвч салбар нь ундуй сундуй, бахь байдгаараа. Сайд нь ам нээвэл л соёлын бүтээлч үйлдвэрлэл ярьж, гадаадын урлагийг дэмжих тухай ярина. Үнэндээ өнгөрсөн хугацаанд зөвхөн түүнийг тойрон хүрээлэгчид л Соёлын яамны бодлого шийдвэрийг хүртдэг нь худлаа биш. Найз нөхөд, ойр дотныхоо ивээн тэтгэж, элдэв арга хэмжээнд дагуулж явдгийгаа Монголын соёлын бодлого гэж тодорхойлдог ч бололтой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор /2021.11.30/ “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форумыг Төрийн ордонд зохион байгуулсан. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ "Даяаршлын олон соёлын нөлөө дэлхийн иргэнийг бүтээдэг болсон энэ цаг үед монгол хүн бүр соёлын өвөрмөц байдлаа алдахгүй байх нь чухал.
Тиймээс 2020 онд Монгол Улсын Засгийн газар хэл, түүх, соёл зэрэг үндэсний үнэт зүйлсээ сурталчлан таниулах, хойч үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх олон талын ач холбогдолтой Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг шинэ шатанд гаргах зорилгоор Соёлын яамыг байгуулсан" гэдгийг онцолж байв.
Гэтэл саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д албан ёсны айлчлал хийж, 2023 оны зургадугаар сарын сүүлчээр К-поп хөгжмийн тоглолтыг Монголд зохион байгуулах тухай Соёлын сайд Ч.Номин сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.
Тэрбээр "Улсынхаа эдийн засгийг солонгоруулахын тулд аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой. Энэ хүрээнд Монгол Улсаа сурталчлан таниулах нь чухал юм байна. Тэр агуулгаараа энэхүү арга хэмжээг БНСУ-д зохион байгуулж байна. Аялал жуулчлал, эдийн засгийг нэгтгэн гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэгдсэн хөтөлбөр гаргасан. Тиймээс дэлхийн өөр улс орнуудад энэ арга хэмжээг зохион байгуулах нь чухал.
Солонгосын К-попын томоохон хоёр компани сая нэгдлээ. Энэ нэгдлээрээ Монголд очиж К-попын фестивалийг хийх гэж байна. Цаашдаа энэ фестивалиа тогтмолжуулж, Төв Ази дахь бүсийн аялал жуулчлалын төв цэг нь болох боломжтой" гэж хэлэв.
Харин урлагийн салбарын зарим уран бүтээлчид салбарын сайдын энэ ярианд шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь, К-попын хамгийн том фестивалийг Монголд зохион байгуулж аялал жуулчлалыг тэтгэнэ гэдэг үлгэр. Тэртээ тэргүй, Монголтой монголгүй Өмнөд Солонгосчууд К-поп урлагаараа дэлхийг байлдан дагуулж, бизнес болгочихсон. Улсынхаа эдийн засагт гол мөнгө оруулж ирдэг урлагийн урсгал. Харин Монгол ардын урлаг соёлоороо дэлхийг байлдан дагуулах боломжтой. Үүний нэг жишээ нь "The Hu"-гийн тэсрэлт. Харин сонгодог урлагаас Ардын жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин юм. Тэд дэлхийн рок хөгжим болон сонгодог урлагийн өлгий болсон улс орнуудын тайзнаа гарч, Монгол гэдэг нэрийг тамгалж яваа. Дэлхий монголчууд үндэсний язгуур урлаг, өв соёл, өвөрмөц дуу хоолойг хүсч буй. Өмнөд Солонгос К-поп урлагийг монголчууд даган дуурайлаа гээд дэлхий манайх руу хошуурч, Монголын соёлын салбарт хөрөнгө оруулалт дагуулах нь юу л бол. Захын чавганц Монголын ардын болон язгуур урлаг нь ялгарал гэдгийг гадарлахтайгаа. Гэтэл Соёлын сайд нь өөрсдийнхөө өв соёл, үндэсний урлагаа үгүйсгэж явна гэдэг харамсалтай.
Соёлын сайд саяхан иргэддээ улс даяар музей үнэ төлбөргүй үзүүлэх тушаал гаргасан. Угаасаа л бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд музей үнэ төлбөргүй музей үздэг. Иймэрхүү тушаал шийдвэрээр "попорч" байхаар бодлогын түвшинд шинэчлэлийн салхи сэвэлзүүлэх шаардлагатай байгааг урлагийнхан хэлж байна.
Хүмүүсийн хэлдгээр Соёлын яамны үүрэг уран бүтээлчдийг гавъяатад тодорхойлох болж дээ. Монгол урлаг, монгол өв соёлоо уландаа гишгэх гэж Соёлын яамыг байгуулаагүй байлтай. Өөрөөр хэлбэл, Соёлын сайдаас соёлын салбараа аврах цаг болжээ.
Холбоотой мэдээ