Мартын 8-ны баярын ҮЗВЭРҮҮД

Хуучирсан мэдээ: 2023.03.03-нд нийтлэгдсэн

Мартын 8-ны баярын ҮЗВЭРҮҮД

Мартын 8-ны баярын ҮЗВЭРҮҮД

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баяр ирэх долоо хоногийн Лхагва гаригт тохиож буй. Монгол Улс энэ өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульдаа оруулж бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Мартын 8-ны баярын өдрийг тохиолдуулан урлаг соёлынхон тоглолтоо сонирхуулдаг. Энэ жилийн баяраар хаана ямар үзвэр үзэх боломжтойг хүргэе.


“ДОН КИХОТ” БАЛЕТЫГ ТОГЛОНО

Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Мартын 8-ны өдөрт зориулан “Дон Кихот” балетыг гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд 17:00 цагаас тоглох гэж байна. Балетмейстер М.Петипа М.Сервантесын алдарт “Дон Кихот” зохиолоос сэдэвлэн “Дон Кихот” балетыг тавих төсөл боловсруулан хөгжмийн зохиолч Л.Минкусээр хөгжим бичүүлсэн нь амжилттай болж, өдгөө балетын урлагийн хаан гэгдэх болжээ.

“Дон Кихот” балетыг анх 1869 оны арванхоёрдугаар сарын 14-нд Москвагийн “Их Театрт” тоглож байжээ. Харин Монголын тайзнаа анх 1971 оны гуравдугаар сарын 1-нд тоглож байсан юм. Эхлэл бүхий гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү балетын балетмейстерээр Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, хореографи Б.Жамьяндагва ажиллажээ.

Хаана: Дуурь бүжгийн эрдмийн театр

Хэзээ: 2023.03.04-03.05

Тасалбарын үнэ: 30, 40, 60 мянган төгрөг

БҮСГҮЙЧҮҮДДЭЭ ЗОРИУЛАН “АННА КАРЕНИНА” ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

“Анна Каренина” жүжгийг гуравдугаар сарын 3-наас 12-ныг дуустал өдөр бүр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглох юм. “Анна Каренина” сонгодог жүжгийн гол дүр Анна Каренина-д залуу жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Бронскийн дүрийг залуу жүжигчин Т.Сэргэлэн, Анна-гийн нөхөр Алексей Каренины дүрийг Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан бүтээх аж. Мөн Ардын жүжигчин Н.Цэрэндагва, С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Г.Урнаа, Л.Дэмидбаатар,  СТА жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нарын 70 гаруй уран бүтээлч оролцжээ.

Хаана: Улсын драмын эрдмийн театр

Хэзээ: 2023.03.03-03.12

Тасалбарын үнэ: 30,40,50,60,80 мянган төгрөг

“ШӨНӨ АМТАЛСАН НУЛИМС” ЖҮЖГИЙГ 18 ЖИЛИЙН ДАРАА 

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид сэтгүүлч, зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсны зохиол “Шөнө амталсан нулимс” драмын жүжгийг албан ёсны эрхтэйгээр шинэчлэн толилуулж эхэллээ.

Уг жүжгийг 2004 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулж, дүрүүдэд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин С.Сарантуяа, Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, О.Энхтуул, Б. Түвшинжаргал нар тоглож байв.

Харин энэ удаа “Шөнө буусан аадар” жүжгийг найруулагч Э.Ёндоншаравын найруулгаар хүргэх бөгөөд дүрүүдэд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг болон “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид тоглох юм. Нэгэн гэр бүлийн амьдралаар өнөөгийн нийгмийн бүхий л үзэгдлийг харуулж чадсан энэ бүтээлийг ирэх гуравдугаар сарын 1-нээс Соёлын төв өргөөнд үзэгчдийн хүртээл болгосноороо онцлог.

Хаана: Соёлын төв өргөө

Хэзээ: 2023.03.01-03.08

Тасалбарын үнэ: 25, 35, 40, 60 мянган төгрөг

 "ИНЭЭМТГИЙ ХҮН" ЖҮЖГИЙГ Б.ДАВААСҮРЭНГИЙН НАЙРУУЛГААР ТАВИНА

Тэртээ 17-р зууны Английн цэвдэг хүйтэн, нийгмийн анги давхаргын ялгааг харуулсан "Инээмтгий хүн" зохиол гуравдугаар сарын 4-нөөс эхлэн тайзнаа амилах гэж байна. Их зохиолч Виктор Гюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох “Инээмтгий хүн” зохиолоор тавьж буй визуал драмын жүжиг нь “Pro Theater”-ийн театрынхан найруулагч Б.Даваасүрэнгийн найруулгаар тавихаар болсон байна. РЦНК-ийн тайзнаа амилах жүжгийн тасалбарыг борлуулсан эхэлсэн байна.

Английн цэвдэг хүйтэн, нийгмийн анги давхаргын ялгааг харуулсан "Инээмтгий хүн" зохиолд хүний дотоод сэтгэлийг илүү харуулснаараа гайхалтай бүтээл болжээ.  Бусдын бусармаг үйлдлийн золиос болж нүүрээ зэрэмдэглүүлж гэмгүй атлаа бусдад шоовдорлогдож, өөрийг нь элэглэж дооглох тэдэнд гомдовч инээхээс өөрөөр эсэргүүцэж чадахгүй дотроо шаналах хөөрхий түүний хувь заяа дэндүү эмгэнэлтэйгээр төгсдөг. Харин найруулагч Б.Даваасүрэнгийн найруулгаар хэрхэн дэглэснийг удахгүй үзэх л үлдлээ.

Хаана: РЦНК

Хэзээ: 2023.03.04-04.02

Тасалбарын үнэ: 20, 30, 50, 80 мянган төгрөг

АРДЫН ЖҮЖИГЧИН А.ДОЛГОР ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТОО ХИЙНЭ

Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор “Эгшиглэнт 50 жил” хүндэтгэлийн концертоо гуравдугаар сарын 5-ны өдөр Соёлын төв өргөөнд тоглох гэж байна. Анх Төв аймгийн Соёлын ордонд шалгуулж, дагалдан жүжигчнээр орж дуулж эхэлснээс хойш урлагийн тайзнаа бүтээн туурвисны хагас зуун жилийн ойд энэхүү тоглолтоо зориулжээ.

Тоглолтод Ардын жүжигчин А.Долгортой хамтран уран бүтээл хийсэн дуучин, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, Б.Сарантуяа, С.Ганзориг болон дуучин Т.Дэлгэрмөрөн, Б.Алтанжаргал нараас гадна Ардын жүжигчний гарын шавь нар болох Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран, Л.Нарангэрэл, Үндэсний урлагийн их театрын дуучин Л.Наранхүү, “Сүлд” чуулгын дуучин Т.Санжаа, дуучин Л.Солонго, Э.Сүнжидмаа, Ш.Лхагвасүрэн нар багшийнхаа түмний сэтгэлд шингэсэн багшийнхаа дуунуудыг хамтран дуулна. Тоглолтод Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулгынхан оролцох юм байна.

Хаана: Соёлын төв өргөө

Хэзээ: 2023.03.05

Тасалбарын үнэ: 40, 50, 80 мянган төгрөг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж