Үнэт зүйлээрээ нэгдсэн дайснууд

Хуучирсан мэдээ: 2023.03.03-нд нийтлэгдсэн

Үнэт зүйлээрээ нэгдсэн дайснууд

Үнэт зүйлээрээ нэгдсэн дайснууд

Хөх ордны Ерөнхийлөгч Юн Сук Ёл Япон улс нь  "цэргийн түрэмгийлэгчээс түнш болж өөрчлөгдсөн" гэж мэдэгдэв. Энэ мэдэгдлээрээ тэрбээр хоёр орны харилцааг сэргээхийн тулд чидун жимсний мөчрийг сунгав.

“Гуравдугаар сарын 1-ний тусгаар тогтнолын хөдөлгөөнөөс хойш зуу гаруй жилийн дараа Япон улс өнгөрсөн үед цэргийн түрэмгийлэгч байсан бол өдгөө бидэнтэй нийтлэг үнэт зүйлсээрээ ижилхэн  түнш болон хувирсан” гэж Юн Сук Ёл мэдэгдэв.

Жил бүрийн гуравдугаар сарын 1-нд солонгосчууд 1919 онд Японы колончлолын дэглэмийг эсэргүүцсэн тайван жагсаалыг дурсдаг.

Тэрбээр хэлэхдээ, Хойд Солонгосын цөмийн заналхийллийг эсэргүүцэх Сөүл, Токио, Вашингтоны аюулгүй байдлын гурван талт хамтын ажиллагаа нь дэлхийн сорилтыг шийдвэрлэхийн тулд хоёр орны хамтран ажиллаж байгаа салбаруудын нэг гэдгийг онцолжээ. “Өмнөд Солонгос бүх нийтийн үнэт зүйлсийг хуваалцдаг улс орнуудтай эв санааны нэгдэлтэй байх ёстой. Энэхүү эв нэгдэл, хамтын ажиллагааны сэтгэл нь одоогоос 104 жилийн өмнө эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын  уриалгын амин сүнс юм" хэмээн Юн Сук Ёл ярив. 

Таван минут гаруй үргэлжилсэн илтгэлдээ Юн Япон улс өнгөрсөн үйлдлийнхээ төлөө уучлалт гуйхыг шаардсан ямар ч тайлбар хийгээгүй. Энэ нь 2018 оны Тусгаар тогтнолын хөдөлгөөний өдөр Юны өмнөх Ерөнхийлөгч Мүн Жэ Инийн "Япон улсыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэгч” хэмээн нэрлэж,  уучлалт гуйхыг шаардсан үгээс эрс ялгаатай байв.

Юн Сук Ёл өнгөрсөн оны тавдугаар сард тангараг өргөснөөс хойш Японы Ерөнхий сайд Фумио Кишидатай олон удаа дээд хэмжээний уулзалт хийж, хоёр орны харилцааг сэргээхэд хүчин чармайлт гарган ажиллаж байна. Энэ чиглэлийн дагуу тэрбээр мөн Японы дайны үеийн албадан хөдөлмөрт өртсөн солонгосчуудын хохирлыг барагдуулах зэрэг хоёр талын хүлээгдэж буй асуудлуудыг дурдаагүй байна.

Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа муудсан гол шалтгаануудын нэг нь албадан хөдөлмөрийн асуудал юм. Тухайлбал, 2018 онд Сөүл хотын Дээд шүүхээс тус тусад нь гаргасан шийдвэрээр Японы фирмүүдэд 15 солонгос хохирогчийн хохирлыг барагдуулахыг даалгасан ч өнөөг хүртэл төлбөр хийгээгүй байгаа нь сүүлийн таван жилийн хугацаанд хоёр орны харилцаанд  сөргөөр нөлөөлсөн юм. Гэхдээ  Юн Сук Ёлын засаг захиргаанаас  хойш албадан хөдөлмөрийн асуудлыг шийдвэрлэх арга замын талаар Сөүл, Токио  хэд хэдэн удаа ажлын түвшний зөвлөлдөх уулзалт хийсэн.

Улмаар Өмнөд Солонгосын засгийн газар өнгөрсөн сард хохирогчдын дургүйцлийг харгалзан хохирлыг барагдуулах төлөвлөгөөг өөрчилж,  Японы компаниудын санхүүжилтийг ашиглахын оронд өөрсдийн олон нийтийн сангаар дамжуулан нөхөн төлбөр олгох  талаар цухуйсан юм. Гэсэн ч Япон улс компаниудаараа дамжуулан Өмнөд Солонгосын санд хандив өгөх эсвэл гэмшсэн байдал илэрхийлэх  ямар нэгэн алхам хараахан хийгээгүй байна. Үүнээс үүдэн Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин хоёрдугаар сарын 13-нд "Бид (Өмнөд Солонгосын хүчин чармайлтад) чин сэтгэлээсээ хариу барьж, улс төрийн шийдвэр гаргахыг Японд уриаллаа" гэж мэдэгдсэн.

Ийнхүү буулт хийсэн үйлдлийн дараа Юны хэлсэн үгийг Кишидагийн улс төрийн шийдвэрт нөлөөлөх шууд бус шахалт гэж тайлбарлаж байна.

Сэжон хүрээлэнгийн Япон судлалын төвийн захирал Жин Чан Сү хэлэхдээ “Юн үг хэлэх үеэрээ Өмнөд Солонгос-Японы харилцааны талаар тодорхой хэлсэн боловч хүлээгдэж буй нарийн асуудлуудыг хөндөөгүй. Ажлын түвшний хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд Тусгаар тогтнолын хөдөлгөөний өдрийн илтгэлийн үеэр Юн энэ талаар дэлгэрэнгүй хэлсэн нь хэлэлцээрт шаардлагагүй нөлөө үзүүлж болзошгүй тул албадан хөдөлмөрийн асуудлыг ярихгүй байхаар шийдсэн бололтой.Түүнийг тойрсон дотоодын хүнд ажил, дипломат сорилтууд  хүлээгдэж буй асуудлын талаар дэлгэрэнгүй тайлбар хийх нь Юны хувьд нэмэлт дарамт болж магадгүй юм. Хэдийгээр Юн Умардын цөмийн аюулын эсрэг зогсоход Сөүл, Токио, Вашингтон гурван талт аюулгүй байдлын хамтын ажиллагаа чухал болохыг дурдсан ч Пёньяныг цөмийн зэвсгээс ангижруулахыг уриалаагүй бөгөөд Умард Солонгосыг илтгэлдээ оролцуулах "зоригтой санаачилга"-аа онцолсонгүй” гэж тайлбарлав.

АНУ-ын Ази дахь гол холбоотон орнуудын хувьд Япон, Өмнөд Солонгос улсын хоорондын харилцаа Вашингтоны анхааралд байдаг юм. Тэд Хойд Солонгосын цөмийн аюул болон Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн эзэрхийллийн эсрэг нэгдсэн байр суурьтай байдаг юм.

Дайны үед япон цэргүүдийн хүчирхийллийн хохирогч болсон Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдэд хандан Токио 1993 онд албан ёсоор уучлалт гуйсан бөгөөд нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж