Хятадын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Александр Янкович гэх Серби мэргэжилтэн томилогдлоо. Түүний даалгавар 2026 оны ДАШТ-д Хятадын нэрийг гаргах. Тэд түүхэндээ ганцхан удаа буюу 2002 оны Өмнөд Солонгос, Японд болсон ДАШТ-д оролцож, гурван тоглолт хийсэн боловч ганц ч хожил байгуулах битгий хэл ганц ч гоол оруулж чадаагүй.
Өмнөд Солонгос, Япон гэх Азийн хоёр хүчирхэг хөлбөмбөгийн гүрнүүд зохион байгуулагч гэдэг утгаараа шууд оролцох эрхээ авсан учир Хятадад боломж гарсан.
2026 оны ДАШТ АНУ, Мексик, Канад гэсэн гурван улсад 48 орны шигшээ багтай зохион байгуулагдана. Түүхэндээ ийм олон багтай ДАШТ болж байсангүй. Ази тивээс л гэхэд доод тал нь найман баг оролцох боломжтой. Тиймээс Хятадад урьд жилүүдийнхээс илүү боломж гарч ирээд байгаа юм.
Янкович “Холын аялал ганц алхмаас эхэлнэ гэж би мэднэ. Ахлах дасгалжуулагчийн хувиар зорилгоо том тавих хэрэгтэй. Бидний гол зорилго 2026 оны ДАШТ. Хятадын шигшээ баг тэнд багтах ёстой. Бидэнд хийх зүйл олон байна. Дэмий өнгөрүүлэх хугацаа алга” гэжээ.
Янковичийг Азийн цом болон ДАШТ-ий эрх олгох урьдчилсан шатны тэмцээнүүд хүлээж байна. Нутгийнхаа Ред Стар Белград багийг удирдаж байсан тэрбээр Хятадын хөлбөмбөгийн холбоотой 2018 оноос хойш хамтран ажиллаж байгаа нэгэн.
Хятад өдгөө FIFA-ийн чансааны 80 дугаарт байрт бичигдэж байна.
Холбоотой мэдээ