Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд-2023” мөсний баяр гуравдугаар сарын 2-4-нд 21 дэх жилдээ болж байна.
Энэ жил “Ногоон дэлхийгээ хайрлая” уриан дор улирлын хамаарлыг багасгаж, гадаад дотоодын жуулчдыг татан оролцуулах, төр хувийн хэвшил, ТББ-ын хамтын ажиллагааг сайжруулах, аялал жуулчлалын салбараас нутгын иргэдэд орох орлогыг нэмэгдүүлэх зорилгоор илүү өргөн дэлгэр зохион байгуулж байна.
Мөсний баярын үйл ажиллагааг нээж Хөвсгөл аймгийн засаг дарга П.Идэрбаясгалан “ Монгол улсын засгийн газраас 2023-2025 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарын орлогыг ДНБ-ий 30 хувьд хүргэх зорилго тавин ажиллаж байна. Дээрх засгийн газрын зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд Хөвсгөл аймаг нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны 12 дугаар хуралдааны 14 дүгээр тогтоолоор 2023 оныг “Хөвсгөлд зорчих жил”-ээр зарласан. МУ-ын засгийн газраас Хөвсгөл нуур орчмын бүсийг эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан бөгөөд энэ ажлын хүрээнд тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж байна.
Хоймор нутгийн шүтээн болон заларсан Хорьдол Саридагийг дархан цаазат газар, Хөвсгөл нуур, Улаан тайга, Даян дээрхийн улсын тусгай хамгаалалттай газрын унаган байгалийг үзэж сонирхох дотоод, гадаадын жуулчдын тоо жилээс жилд өсч байна. Аймгийн хэмжээнд нийт 94 жуулчны бааз, 132 гэр буудал, 8 зочид буудал, 15 дэн буудал үйл ажиллагаа явуулж байна. Нэг ээлжиндээ 7 мянга орчим жуулчин хүлээн авах боломжтой байгаа бөгөөд Монголд ирж буй жуулчдын 20 орчим хувь нь Хөвсгөл аймгийг зорин ирж байна” гэдгийг онцоллоо.
Холбоотой мэдээ