Нээлттэй СОНСГОЛ, хаалттай ШҮҮХ!

Хуучирсан мэдээ: 2023.03.02-нд нийтлэгдсэн

Нээлттэй СОНСГОЛ, хаалттай ШҮҮХ!

Нээлттэй СОНСГОЛ, хаалттай ШҮҮХ!

Хөгжлийн банкны шүүх хурал товлогдохоос өмнө УИХ-ын Хянан шалгах түр хорооноос нээлттэй сонсгол зохион байгуулж, 152 хүнийг Төрийн ордонд гэрчээр дуудаж, камерын өмнө “байцаалт” авсан юм. Эндээс иргэд олон ч мэдээлэл авч чадсан.  Жишээ нь, “Эрэл”-ийн Д.Эрдэнэбат, “Бэрэн”-гийн Б.Мөнхтөр хоёр авсан зээлээ анхнаасаа төлөх бодолгүй байсныг, экс Ерөнхийлөгч Х.Баттулгын  Чингис бондын мөнгөөр хэрэгжүүлсэн төслүүд цаас болж үлдсэнийг, банк бусаар дамжуулан зарим улстөрчид мөнгө угаасныг, банкинд гар хөлөө шургуулж байгаад тоносныг, үүнд зарим нэг албан тушаалтнууд шууд бас шууд бусаар нөлөөлснийг мэдсэн, сонссон.  Үнэндээ Б.Энхбаяр гишүүн өөрийгөө УИХ-ын шүүгч гээд эндүүрснийг эс тооцвол нээлттэй хэлэлцүүлэг нийгэмд үүргээ гүйцэтгэсэн. Удахгүй гурав дахь шатны сонсгол энэ сарын 13-17-ны хооронд болох агаад урьд нь олон нийтэд ил болж байгаагүй, Хөгжлийн банкнаас арилжааны банкаар дамжуулан олгосон 2500 зээлийг хэлэлцэх гэнэ..

Гэвч, нээлттэй сонсголоор яригдсан асуудал, тэнд дэлгэгдсэн баримтууд, банкийг залилан, мөнгө завшсан гэх гэмт хэргийн гэм бурууг Б.Энхбаяр биш шүүх нотлох ёстой учиртай. Гэтэл шүүх нь хаалттай хуралдаж, 80 хүний хэргийг нэг дор бөөндөхөөр шийджээ. Бөөндсөн юм хэзээ олигтой болж байлаа даа, шүүх хэн нэгнийг хэлмэгдүүлж, хэн нэгэнд ял завшуулбал яана.

Шүүх хурлыг хаалттай явуулах болсноо шүүхээс Яллагдагчаар татагдсан зарим гэмт хэрэгтнүүдийн өмгөөлөгч нь хүсэлт гаргасан тул… гэж тайлбарлаж байна. Хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой бичлэг үзүүлэх нь яллагдагчийн эрхийн асуудал гэж шүүгдэгчдийн өмгөөлөгчид хүсэлт, гомдол гаргасныг манай “шударгуу” шүүх уриалгахан хүлээж авсан бололтой.

Хурлын тов зарлагдахын өмнө ШЕЗ-өөс хэвлэлийн хурал зохион байгуулахдаа “ Хөгжлийн банкны хэргийн оролцогчид /шүүгдэгч, яллагч, өмгөөлөгч, гэрч/ гээд 250 гаруй хүн байгаа тул шүүх хурал удааширалтай болж магадгүйг онцолсон нь хаяагаа манасан тайлбар байв. Үндсэндээ, Хөгжлийн банкны гэх хэрэг “өөх ч биш булчирхай ч биш” болж магадгүйг шүүхийнхэн өөрсдөө гадарлаж, таамаглаж байна. 80 гаруй шүүгдэгчтэй, 450 хавтастай, хэдэн зуун мянган хуудас бүхий хэрэгтээ ганцхан шүүгч нэгч бүрчлэн танилцан шийдвэр гаргахад бэрх.  Тэр тусмаа ганц шүүгчид гаднаас нөлөөлөх магадлал бүр өндөр. Хэзээ байтлаа Монголын шүүгчид өргөсөн тангарагтаа үнэнч байлаа.

Хөгжлийн банкны хэрэгт хөрөнгөлөг, мөнгөлөг, эрх мэдэлтэй улстөрчид холбогдсон болохоор шүүхэд, шүүгчид нөлөөлөх оролдлого хийж л таарна, олон нийтэд ч ийм хардлага төрж байна. Тэгээд ч зүйл анги нь тусдаа, үйлдэл, хохирол нь өөр, өөр хэргүүдийг нэгтгэж, хаалттайгаар хаалганы ард, шүүх тусмаа Монголын шүүх иргэдийн итгэлийг алдана гэсэн үг. Төрийн ордны захиалга, даалгавраар ажилладаг гэж олон нийтэд ойлголт нэгэнтээ төрчихсөн.  Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Төрийн ордны гурван давхраас шүүх, прокурор захиалга даалгавар авч, бусдыг ялласан, хэлмэгдүүлсэн нь баримт нотолгоотойгоо, дансны хуулгуудтайгаа дэлгэгдсэн нь болсон явдал, бодит факт.

Тэрчлэн ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг болон авлига авсан нь газар дээрээ нотлогдсон “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нарыг 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргаснаараа шүүх засаглалын нэр хүнд шалдаа унасан, захын чавганц Монголын шүүх шударга шийдвэр гаргаж чадахгүй гэж эргэлзэлгүйгээр итгэдэг болсон.

Үнэндээ, Хөгжлийн банкны гэх 80 холбогдогчтой хэрэг байтугай ганц “Жаст”-ын Ш.Батхүүгийн гэм бурууг шүүх гэж Монголын шүүх арван жил ажилласан билээ. Тэгвэл Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Ц.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн Б.Махбалыг шүүх хурал 11 удаа хойшлогдсон байдаг. Гэх мэтчилэн  банк луйвардсан гэх 250 гаруй оролцогчтой шүүх хурал хэчнээн удаа хойшлогдохыг таашгүй, шүүх нь хүртэл хэр хугацаа шаардагдахыг хэлж чадахгүй сууж байна.

Шүүгдэгчдийн өмгөөлөгчийн хүсэлтээр өчигдөр /2023.03.02/ хуралдах ёстой байсан шүүх хурал сарын дараа буюу дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэл хойшилсон гэхээр энэхүү хэргийг шүүх хурал хэдэн зуун удаа хойшлогдох магадлалтай гэсэн үг..

Иймээс шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хийснээрээ нэг талаар иргэдийн хардлага үгүй болно, энэ нт дараа, дараагийн авлигачдад том сургамж үлдэнэ. Атал хаалгаа дотроос түгжиж байгаад цагаан захтнуудын хулгай, луйврыг хэлэлцэх шүүгч, шүүхэд хэн итгэх юм бэ?  Банк тоносон мөнгөөрөө шүүх засаглалыг худалдаад авчихгүй гэх баталгаа хаана байна вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж