"Монгол утаагаа гүний дулаанаар шийдэх боломжтой"

Хуучирсан мэдээ: 2023.03.02-нд нийтлэгдсэн

"Монгол утаагаа гүний дулаанаар шийдэх боломжтой"

"Монгол утаагаа гүний дулаанаар шийдэх боломжтой"

Цэвэр агаар дээд түвшний чуулга уулзалт өнөөдөр /2023.03. 02/ Шангрила зочид буудалд боллоо. Уулзалтын үеэр оролцогчдын байр суурийг сонслоо. 


ДЭМБ-аас 2021онд шинэчлэн гаргасан Агаарын чанарыг үнэлэх аргачилсан зааварт гадна болон дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх судас, амьсгалын замын өвчлөлтэй холбоотой нас баралт долоон саяд хүрч, жил бүр нэмэгдэж байгаа талаар хурлын үеэр дурдсан юм.

Иймээс агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн хүрээнд Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнууд 2022 онд Байгаль орчин хөгжлийн хорооны VII чуулганыг зохион байгуулж, агаарын чанарын менежментийг сайжруулах, агаарын чанарын хяналтыг хөнгөвчлөх, нээлттэй мэдээлэл болон сайн туршлага солилцох, чадавхыг бэхжүүлэх, олон талт хамтын үйл ажиллагааны хүрээнд “Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталжээ. Монгол улсад болж буй Цэвэр агаар дээд түвшний чуулга уулзалтаар дээрх хөтөлбөрийн зорилтын хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Мөн агаарын чанарын үнэлгээний асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэх, сайн туршлага хуваалцаж олон улсын хамтын ажиллагааны идэвхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх асуудлын хүрээнд 53 орны 200 гаруй төлөөлөл оролцож байна.

Цэвэр агаар дээд түвшний уулзалтын хүрээнд “Ногоон үе” хүүхдийн чуулга уулзалтыг хоёрдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж хот хөдөөгийн 8000 гаруй хүүхдүүд агаарын бохирдлын асуудлаар дуу хоолойгоо нэгтгэжээ. Мөн “Эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний эрх-Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг хоёрдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулсан байна.

Агаарын бохирдлыг бууруулах, шилдэг технологи олох шийдэл олох “Агаар нэг-Хакатон 2023” аяны нэг сарын хугацаатай зохион байгуулж, Хэмнэлттэй орон сууц төсөл, нарын эрчим хүчний систем ашиглан агаарын бохирдлыг бууруулах төсөл, “Пассив Хаус” төслүүд шилдгээр шалгарч хөрөнгө оруулалтын дэмжлэг авах шат руугаа оржээ. Өнөөдрийн арга хэмжээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Бүгд найрамдах Казахстан Улсын Экологи, геологи байгалийн нөөцийн дэд сайд Нуркен Шарбиев, Шри-Ланка улсын Байгаль орчны сайд Насир Ахамед, Япон улсын Байгаль орчны дэд сайд Оно Хироши зэрэг оролцлоо. Мөн энэхүү хурлын үеэр БОАЖ-ын сайд байр сууриа илэрхийлэв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа хүнд аж үйлдвэрүүд болон бусад хүлэмжийн хий ялгаруулалттай холбоотой асуудлыг хөндөн Дэлхий нийтээрээ анхаарч олон улсын чуулга уулзалт, хурлуудыг хийж байгаа. Монгол Улсын агаарын бохирдлыг шийдэх хүрээнд түлш, үйлдвэрт түшиглэсэн үүнд зориулсан стандартаас илүүтэй хүний эрүүл мэндэд зориулсан стандарт арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэхүү 53 орны томоохон хурлаас Улаанбаатар хотын тунхаг, түншлэлийг албан ёсоор байгуулах юм. Казахстан улс 2024 он гэхэд 100 хувь цахилгаан машины хэрэглээнд шилжих шийдвэр гаргасан байна. Мөн гэр хорооллынхоо 50 хувийг хий газад холбосон байдаг. Монгол Улсад 2025 он гэхэд цахилгаан автомашиныг 30 хувьд хүргэх ажлыг эхлүүлэх гэж байна.

Энэхүү хурлаар дамжуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг илүү эрчтэй явуулах юм. 2026 онд НҮБ-ын цөлжилтийн эсрэг Конвенцын талуудын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Байгаль орчны хэлтсийн дарга Ван Сан И “Өнөөдрийн форум маань 2022 оны арваннэгдүгээр сард НҮБ-ын Ази номхон далайн, эдийн засаг нийгмийн комиссын байгаль орчин хөгжлийн хорооны долоодугаар хурлаар батлагдсан. Энэ форумаар агаарын бохирдлын эсрэг Ази номхон далайн бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн эхлэлийг тавьсан. Энэ нь Агаарын бохирдлын асуудлаарх тус бүс нутагт зохион байгуулсан анхны баримт бичиг гэдгээрээ онцлог. Тухайлбал, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад өмнө нь агаарын бохирдлын чиглэлээр зохион байгуулсан ямар нэгэн баримт бичиг байдаггүй байсан. Энэ форумын үйл ажиллагаанд Монгол Улсын засгийн газар маш идэвхтэй оролцсон. Номхон далайн бүс нутгийн үйл ажиллагааны хүрээнд агаарын бохирдлын эсрэг цэвэр агаарын төлөөх үйл ажиллагааг уялдуулах, бодлогын түвшинд дэмжиж ажиллах, нээлттэй мэдээллийг улс орнууд хоорондоо дамжуулах, техникийн шаардлагын нэгдсэн хамтын ажиллагааг тодорхойлж бүс нутгийн хэмжээнд сайжруулах баримт бичиг юм. Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Ази, Номхон далайн гишүүн орнуудын сонирхол, эрмэлзлийнхээ хүрээнд хамтран ажиллах хэрэгтэй юм. Монгол Улс эрс тэс уур амьсгалтай орон. Тиймээс агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд хамгийн түрүүнд эрчим хүчний асуудлыг шийдэх шаардлагатай. Дулааны цахилгаан станцуудад технологийн шинэчлэл хийх хэрэгтэй юм. Монгол Улстай ижил цаг агаарын нөхцөлтэй улс орнууд дийлэнхдээ цэвэр эрчим хүчинд шилжиж, цэвэр түлш ашиглах аргаар агаарын бохирдлоо бууруулах нь чухал.

Европын улс орнуудын хувьд бохир агаартай тэмцэхийн тулд газрын гүний дулааныг ашиглаж байсан туршлага байдаг. Монгол Улсын хувьд ч энэ арга тохиромжтой байх” гэж ярилаа.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ӨРГӨН АШИГЛАХ ЦАГ ИРСЭН

ДЭМБ-ын Байгаль орчны эрүүл мэндийн Ази, Номхон далайн бүсийн төвийн захирал Али Аким-аас агаарын бохирдлын улмаас дэлхийд ойролцоогоор хэдэн хүн нас бардаг талаар тодрууллаа.

-Агаарын бохирдлын улмаас хүний эрүүл мэнд хэвийн болоход хэр их хугацаа зарцуулагдах вэ?

-Агаарын бохирдлын асуудлыг дэлхий даяараа ярих болсон. Энэ асуудлыг шийдэхийн тулд ганц эдийн засгийн асуудал ярихаас илүүтэй хүмүүсийн эрүүл мэндийн асуудлыг ч ярих хэрэгтэй. Агаарын бохирдлоос болж нэг тив нутагт жилд дунджаар дөрвөн сая хүн нас бардаг гэсэн судалгаа байдаг. Дэлхий нийтээр авч үзвэл ойролцоогоор долоон саяас дээш хүн нас бардаг. Нас баралтын тоог багасгаж, хүний эрүүл мэндийн асуудлыг шийдэхийн тулд нүүрсний хэрэглээг багасгах нь чухал.

-Өнөөдрийн дээд түвшний уулзалтын үр дүнг юу гэж харж байна вэ?

-Энэхүү уулзалтын хүрээнд олон улсын томоохон судлаач нар ирж, санал, хүсэлтээ дэвшүүлж байна. Тиймээс агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний үр дүн сайн гарах байх гэж бодож байна.

Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-ын дэд Ерөнхийлөгч Б.Чимэгцэцэг “Монгол Улсын Засгийн газар өнөөдрөөс эхлээд ногоон хөгжил, дэд бүтцийн яамны нэрийн дор ногоон хөгжлийн бодлогоор бүрэн хангагдаж чадваас агаарын бохирдлыг бууруулж, орчны цэвэр агаар руу шилжихэд бэлэн байна. Энэхүү олон улсын чуулга уулзалтаар агаарын чанарын асуудал, Монгол Улсын тогтвортой хөгжлийн асуудлыг шийдэхийн тулд ойрын хугацаанд хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байна. Мөн бид цаашдаа сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглах цаг ирсэн. Учир нь Монголын газар зүйн байрлал тархмал, хүн ам сийрэг тул нар, салхины эх үүсвэрээр тогоо гаргаж, хөрсний дулаан, агаарын хэмийг ашиглаж халаалт, халуун усны асуудлаа шийдэх нь зүйтэй юм” гэлээ.

Г.ХУЛАН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж