“Оюутолгой”-н үнэ цэн 11 хоногийн дараа нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2023.03.02-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н үнэ цэн 11 хоногийн дараа нэмэгдэнэ

“Оюутолгой”-н үнэ цэн 11 хоногийн дараа нэмэгдэнэ

"Оюутолгой"-н үнэ цэнийг газрын гүнийн хүдрийн биетээс нэмэгдүүлэх түүхэн эхлэл энэ сарын 13-нд тохиох таатай мэдээллийг “Оюутолгой” ХХК-иас өнөөдөр (2023.03.02) өглөө. Дэлхийн хэмжээний “Оюутолгой” ордын газрын гүнд орших хүдрийг олборлож эхэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд ихээхэн эерэг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, төсвийн болон экспортын орлого нэмэгдэхийн зэрэгцээ Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хамгаалах, сайжруулах гол хүчин зүйл болох билээ.

Цаашлаад Монгол Улсыг сонирхож буй хөрөнгө оруулагчдыг татах, “нүүр буруулсан” хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээх “алтан боломж” болно. “Гүнийн уурхайн олборлолт эхэлснээр монголчууд ирэх жилүүдэд дэлхийн уул уурхайн экспертүүдийн эгнээнд олноороо нэмэгдэх нь дамжиггүй” гэж “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болдын хэлснийг энд дахин дурдъя.

“Оюутолгой”-н гүнийн уурхайн төслийн захирал Жак Ван Тондер “Бид өнгөрсөн 2022 оны эхээр цар тахлын дараах шинэ нөхцөл байдалд шилжиж, гүнийн уурхайгаа нээж, анхны тэсэлгээгээ хийсэн. Энэ онцлох үйл явдлыг хамтдаа тэмдэглэсэн нь үнэхээр бахдам байлаа. Түүнээс хойш 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар гүнийн уурхайн 19 хүдэр буулгуурыг амжилттай тэсэлсэн. Бид богино хугацаанд гайхамшигтай амжилт үзүүлжээ” гэж мэдээлсэн юм.

Тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригийн мэдээлснээр, 2023 он гарснаас хойш “Оюутолгой” гүнийн уурхайн 8 буулгуурыг амжилттай тэсэлжээ.

Нийт ажилтны 97 хувь нь монголчууд болсон “Оюутолгой” нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэж байгаа аж. Уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг усны алдагдалгүй байхаар загварчлан, усны дахин ашиглалт хамгийн дээд түвшинд байхаар тооцсоны дагуу үйлдвэрлэлийн усны 85-аас дээш хувийг дахин ашиглаж буй юм байна.

“Оюутолгой” компанийн 2010-2022 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 15 тэрбум ам.доллар буюу 34 их наяд төгрөг давсны 75 хувийг дотоодын худалдан авалт эзэлсэн байна. Тус компани Монгол Улсын Засгийн газарт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 314 сая ам.доллар буюу 980 тэрбум төгрөг төлжээ.

Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 4 тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөгийг дээрх хэлбэрээр төлсөн байна. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтсан байна. 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 863 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 567 нь үндэсний ханган нийлүүлэгч байжээ.

ӨДӨРТ 95,000 ТОНН ХҮДЭР ОЛБОРЛОХ БОЛОМЖТОЙ БОЛНО

Тус компани гүнийн уурхайн олборлолтыг 2023 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөж байсан. “Оюутолгой”-н баг хамт олны хэрэгжүүлсэн сайжруулалтын санаачилгын үр дүнд хүдэр буулгуурын тэсэлгээний ажил ихээхэн ахиж, Панель 0-ийн тогтвортой үйлдвэрлэл буюу олборлолтыг 2023 оны эхний улиралд эхлүүлэхээр болсон нь сайн мэдээ юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд, хойд амын нэвтрэлтийн ажил газрын гүнд 378 болон 507 метрт хүрчээ. Босоо нэвтрэлтийн явцад аюулгүй ажиллагааны шаардлагаас үүдсэн түр зогсолтуудаас хамаарч дөрөвдүгээр улирлын ажлын гүйцэтгэл 2022 оны урьдчилсан төлөвлөгөөнд туссанаас хоцрогдолтой гарсан байна.

Агааржуулалтын урд, хойд амын нэвтрэлтийн ажил 1,148 болон 1,149 метрт хүрснээр дуусах аж. Хүдрийн биетийг газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуулагчийн барилга угсралтын ажил дөрөвдүгээр улирлын турш үргэлжилж, тус хугацаанд барилгын ажил дуусч, бүтээн байгуулалтад ажиллах бусад гүйцэтгэгчдийг уурхайн талбарт хүлээн авчээ.

Панель 1 болон 2-ын судалгааны ажлыг (уг хоёр панелиас олборлож эхэлснээр өдөрт 95,000 тонн хүдэр олборлох боломжтой болно) 2023 оны эхний хагаст дуусгах төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж буй юм байна. Өмнөх тайлангуудад дурдсанчлан, 2022 онд үүссэн КОВИД-19-ийн хязгаарлалт, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг эрэмбэлэх шаардлага үүсч, агааржуулалтын урд, хойд амын ажил саатсантай холбоотой үүсэх аливаа агааржуулалттай холбоотой асуудлыг судалгааны ажилд хамруулан тооцох ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж