“Эрдэнэс Тавантолгой”-гоос нэг шанага нүүрс ч аваагүй гэх тайлбар хийн, хөрөнгө орлогоо нотлохоо мэдэгдэж байсан УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг Авлигатай тэмцэх газраас хоёр зүйчлэлээр буруутган, яллагдагчаар татсанаа зарласан нь дуулиан тарьсан хэвээр байна.
Тодруулбал, сайд Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 20.3.3 буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, мөн тус хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиудаар буруутган яллагдагчаар татаад буй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ерөнхий захирал асан Б.Ганхуяг нартай холбоотой асуудлаар сайд Т.Аюурсайханыг шалгаж эхэлсэн тухай мэдээлэл өнгөрсөн хугацаанд цацагдсан. Мөн хамтарч ажилладаг байсан эсэх талаараа ч тайлбар хийх бүрийдээ гүжирдлэг гэж няцааж ирсэн.
Тухайлбал, намрын чуулган завсарлахын өмнө УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Эрдэнэс Тавантолгой дээр миний хуулиар хүлээсэн удирдах ямар ч чиг үүрэг байгаагүй, хувийн харилцаагаараа ороогүй. Нүүрс тээврийг баздаг байсан гэж хэлж байна уу. Шуугиад байгаа шиг 540 машин явуулдаг бол том компани биз дээ. 633 гэрээ байгуулсан компани дээр юм байна уу, оффтейк гэрээ дээр юм байна уу, байхгүй. Эрх ашгаа хийж байгаагүй. Олон нийтийн эргэлзээг тайлах ёстой, хөрөнгө орлогоо шалгуулна. Бизнесийн салбараас би улс төрд орсон хүн шүү. Олон юм яриад байгаа хүмүүс бас адилхан шалгуулчихаарай. Зохион байгуулалттайгаар ингэдгээ боль. Арай хэтэрч байна шүү” гэж хэлж байв.
Харин намрын чуулган завсарласан даруйд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Шоронд орсон Б.Ганхуяг нүүрсний хулгайн хэрэгт 19 УИХ-ын гишүүн, хоёр сайд холбоотой” гэж мэдүүлэг өгсөн. Тэрнээс хойш олон гишүүн хулгайн хэрэгт орооцолдонгуут цурманд оруулахын тулд койны асуудал гаргаж ирж, анхаарал сарниулахыг оролдож байна” гэж мэдэгдсэн удаатай. Цөөнхийн бүлгийн гишүүний дээрх үгэнд үнэмшсэн нь ч бий, дэмийрч байна гэж ач холбогдол өгөөгүй хүн ч бий. Тэгвэл Засгийн газрын танхимаас нүүрсний хулгайн хэрэгт хоёр сайд хамааралтай гэж хэлснээс нэг нь зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр шалгагдаж байна. Харин хоёр дахь сайд нь хэн бэ. АТГ хэзээ түүний асуудлыг олон нийтэд ил болгох вэ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ