Дайралтаас шантааж руу…

Хуучирсан мэдээ: 2023.03.02-нд нийтлэгдсэн

Дайралтаас шантааж руу…

Дайралтаас шантааж руу…

 

Туулай жилийн шороон үхрийн зурлага хүртэл зусардсан гэлтэй гарчээ. Тэрхүү зурлагын үхэр хариулаач нь өвгөн агаад царай нь хөх биш улаан, хөх гутал өмсөж үхрийн өмнө яаравчлан гүйж явна. Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцаас Төрийн золголтын үеэр төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар суугаад дээдэст ээлтэй жил гэсэн биз ухааны юм асуух агаад хамба ч инээмсэглэн толгой дохих ажээ. Нэг нам дангаар эрх барьж даналзаж ахуйд шороон үхрийн зурлага хүртэл тэдэнд таацуулж гардаг бололтой. Тэрхүү зурлагын тайлбараар “Настанд буюу өндөр дээд суудалтанд ээлтэй сайн амгалан ажил үйлс бүтэмжтэй, идэр залуус буюу дунд түшмэдэд дунд зэрэг, нялхас буюу энгийн ард иргэдэд ширүүвтэр байх төлөвтэй ба жилийн ерөнхий төлөв хааны хүч их болж ард түмний амьдрал доройтож, үймээн самуун, хямрал тэмцэл гарах талтай” гэсэн нь бүр эгдүүтэй. Зурхайн зурлага хүртэл ингэж таарах гэж. Улаан царай, үүх түүхийг нь өвгөн хүнээр илтгэн зурсан байхыг батлахгүй ч үгүйсгэх арга алга. Тэгсэн атлаа хөлдөө хөх гутал жийсэн нь дэгсдүүлсэн хүнд хөх монголчуудыг, цэнхэр тугтай намыг хэлээд ч байгаа ч юм шиг…

Өнөөдөр Монголын төр эрх мэдэлтэнд ээлтэй, хийж бүтээх гэсэн залууст халтай, бага балчирууд маань эмчлүүлэхэд ч ор, эмнэлэг хүрэлцдэггүй, авлигын хэрэг ярьж ярьж дундчуудаараа л туг тахьдаг ийм бусармаг байдал нүүрлэсэн, бузар нийгэм болчихлоо.

Эрх барих мандат авсан цагаасаа хойш сөрөг хүчнээ газар доор ортол муулж, аливаа асуудал болгоныг “Ардчилсан намын үед..” гэж буруугаа бусад руу чихсээр ирсэн тэд Хөгжлийн банкны хэргийг илрүүлсэн нь бид, идсэн нь тэд гэх ухааны юм яриад сууж байна. Тэд сөрөг хүчнээ сөхөө авах завгүй балбасан. Нүдсэн. Өнөөдөр сэхэх эсэх нь ч эргэлзээтэй төдийгүй шинээр томилогдсон дарга нь төөрч будилж, эрх барьж байгаа аятай юм яриад явж байна. Өөрсдийг нь сөрсөн болгоныг янз бүрээр үгүйсгэж, болохгүй бол барьж хорьсоор ирсэн тэд одоо шүүх руу тодорхой давтамжтайгаар дайрдаг болов.

Хөгжлийн банкны хэргийг зарлахаасаа эхлээд шүүх яахыг харах үлдлээ гэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сар шинийн босгон дээр МҮОНТ-д өгсөн ярилцлагадааЭрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмшлийн 49 хувь хууль бусаар хувьд очсон, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой хэргүүд шүүхэд шилжсэн. Шүүх ямар шийдвэр гаргахыг нүд цавчилгүй харцгаая” гэж дахин сануулав. Шүүх өөрсдийнх нь хүссэнээр шийдвэр гаргахгүй бол дараагийн сум нь шүүх рүү чиглэх нь хэнд ч ойлгомжтой. Ерөнхий сайд, Ардын намын эрх мэдэлтнүүд удаа дараа ийн мэдэгдэл хийж, шүүх эрх мэдэл руу халдаж, нөлөөлөхийг завдан Үндсэн хууль зөрчсөөр байгаа ч Цэцэд асуудлыг нь өгье гэхнээ нэгдүгээрт нэр хэлдэггүй, хоёрдугаарт Цэцийг өөрсдийн хүссэнээ хөдөлгөдөг болсон болохоор яаж ч чадахгүй өдийг хүрчээ.

Монгол Улсын Үндсэн хуульд “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасан байтал ийнхүү мэдэгдсээр ирэв. Мөн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэсэн ч өнөөдөр шүүхээс өмнө олон нийтийн сүлжээнд “яллаад” шүүх тэрхүү ялаас нь өөр шийдвэр гаргавал шүүхийг авлигажсан, адгийн шаар гэж ялладаг болсон. АТГ-ынхан ч бид илрүүлээд шилжүүлээд байтал шүүх хэрэгсэхгүй болгодог гэж их ярьдаг болоод удаж байна.

Энэ бүхний шалтгааныг “Мөрдөн байцаахынхан ажлаа хийчихдэг юм билээ. Шүүгчдийн тал нь Ц.Элбэгдоржийн, тал нь Х.Баттулгын томилсон хүмүүс байгаа. 30 жил явж ирсэн авлигын сүлжээ хэвийн хэмжээнээс хэтэрсэн учир арга буюу Засгийн газрын тэргүүн авлигатай холбоотой асуудлыг цэгцлэх зорилт тавьж, 2023 оныг Авлигын эсрэг жил болгон зарлаж байгаа нь шүүх ажлаа хийгээгүй л гэсэн үг. Шүүх энэ бүх асуудлыг хуулийн дагуу шийд, эсвэл тайлбараа хий л дээ” гэж Ерөнхий сайд дайрч байна. Гэтэл шүгэлдээд байсан Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэргээс мөрдөн байцаалтын явцад хэн хэнийг сугалж үлдээв гээд харвал арай өөр. Тэрбумаар тооцогдох хөрөнгөөр барьсан гэх Андлалын хөшөөний мөнгийг буцаад төрийн санд төлсөн гээд буй компанийн мөнгөний эх үүсвэр хаанаас хэрхэн гарсан бэ гэдгийг яагаад шалгахгүй байгааг л харахад шүүх биш АТГ, бусад албатууд ажлаа ялгаваргүй хийж байна уу, Ерөнхий сайд өөрөө ашиг сонирхлын зөрчилгүй байна уу гэдэг эргэлзээтэй.

Иймэрхүү байдлаар хэдэн тэрбумаар яригдах хэргүүдийг илчилсэн гавъяаг өөртөө өргөмжлөөд ирэх намар сонгууль хийж, шударга ёсны тэмцэгчийн дүрээр дахин мандатаа сунгахаар тэр шийдсэн нь өчигдөр болсон “Шилэн нам” эрдэм шинжилгээний хурлын үеэр ил болов.

Ингэхдээ “Нэг нам давамгайлсан үед сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагагүй гэж үзвэл Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд энэ асуудлыг авч үзэхэд бидний зүгээс татгалзах зүйлгүй” гэж Ерөнхий сайд шантаажлав. Эсвэл бидэнд Үндсэн хуульд гар дүрэхийг хүлээн зөвшөөр. Үгүй бол хуучнаараа сонгууль хийнэ гэж тэр тулгаж байна. Холын бодлого гэхээсээ хонзогносон, хүчээр өрсөлдөгчдөө, нам доторх фракцуудаа хуулиар дарж авах гэсэн богино тоглолт л Ерөнхий сайдаас гараад байх шиг. Өөрсдөө гоё статистик танилцуулж, эдийн засаг өссөнийг гайхан шогширч байгаа ч үнэндээ олон улсын байгууллагуудын гаргасан индексүүд бүгд сөрөг. Бүр улаан гэрэл асаад байгаад анхааруулж байна. Гэтэл энэ бүхнээ шийдэхийн оронд өнгөрсөн рүүгээ дайрах тактик барьсаар ирсэн бол өдгөө бүр шантаажилдаг болов. Монгол зуун жилийн түүхтэй, түүний гучин жилд нь энэ бүх гутамшиг бий болсон мэтээр ололт, уналтаа ч ялгалгүй дэмийрэх ийм явган хэрүүл бидэнд тос биш ус л болох биш үү. Ерөнхий сайд ядаж нөхөртөө амар заяа үзүүлдэггүй айлын хэрүүлч авгай шиг баймааргүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж