"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа сүүлийн үед нэрд гараад буй “Last of Us” телевизийн цувралын гол дүрийн жүжигчин Белла Рамзиг онцолж байна. Өдгөө 19 настай тэрбээр анх “Game of Thrones”-ийн Лианна Мормонтын дүрээр олонд танигдаж байсан бол одоо Эллигийн дүрээр алдаршиж буй. Ингээд “HBO”-ийн хайртай жүжигчинтэй танилцъя.
ЭГЧИЙН АРААС УРЛАГТ ОРОВ
Изабелла Мэй Рамзи 2003 оны есдүгээр сард Английн Ноттинхем хотод мэндэлжээ. Тэрбээр гурван настайгаасаа эгчийгээ даган сонирхогчдын театрын бүлэгт элсч, жүжиглэх эрдэм суралцаж эхэлсэн аж. Харин дөрвөн настайдаа “Stagecoach Theatre Arts” урлагийн сургуульд элсч, долоон жил суралцав. Үүнийхээ дараа “Television Workshop” гэх залуучууд, хүүхдүүдэд телевиз, кино, радио, театрын чадвар эзэмшүүлдэг байгууллагын нэг хэсэг болж, дүрийн сонгон шалгаруулалтад орж эхэлсэн гэнэ.
2016 онд өгсөн ярилцлагадаа Рамзи “Би үргэлж өөрийгөө жүжигчин болно гэдгийг мэдэж байлаа. Үргэлж миний төсөөлөлд тийм зүйл байсан. Би хамгийн анх орон нутгийнхаа мэргэжлийн бус “The Idols” театрын “The Music Man” гэх тайзны жүжигт тоглож байлаа. Тэр миний анхны жүжиг байсан. Би Амариллис гэх гол дүрийн охины дүрд тоглосон. “Television Workshop”-д орох хүртлээ би бүхнийг хөгжилдөх гэж хийдэг байлаа. Харин орсны дараа энэ бүхнийг нухацтай авч үзэх болсон” гэж ярив.
АНХНЫ ДҮР НЬ АЛДАР НЭРД ХҮРГЭСЭН
Хамгийн гайхалтай нь залуу охинд олдсон дэлгэцийн анхны дүр нь “Game of Thrones”-ийн ширүүн, эрч хүчтэй дүр болох Лианна Мормонт байлаа. Рамзи кино урлагийн дебютээ “Game of Thrones”-ийн зургадугаар улирлын долдугаар анги болох “The Broken Man” дээр хийжээ. Түүнийг алдарт “The Hollywood Reporter”-ийн зүгээс зургадугаар улирлын цахиур хагалсан од байлаа гэж тодорхойлсон түүхтэй. Рамзи ч олдсон анхны дүрээ шаварт хутгасангүй өндөрт авч гаран алдарт телевизийн цувралын долоо, наймдугаар улиралд ч дүрээ бүтээсэн.
Рамзи “Game of Thrones”-д тоглосон гэдгээ сургуулийнхаа найзуудаас бүтэн нэг жил нуусан.
Лианна Мормонтын дүр сонгогдсон талаараа тэрбээр “Сонгон шалгаруулалтын дараа би гэртээ ирээд дүрээсээ гарч чадахгүй байсан. Ээж минь надаас үнэхээр айсан. Хоолны ширээний ард гэр бүлээрээ хооллож байх үеэр хэн нэгэн инээвэл би “Битгий миний гэрт инээ. Битгий миний өмнө инээ. Давсаа наашаа өг” гээд дүрдээ орчихсон ярьж байлаа” гэжээ.
Хэрэв Рамзи жүжигчин болоогүй байсан бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг хүн болох байсан гэнэ. Энэ талаараа “Би тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах хүсэлтэй. Тэдэнтэй дуулж, бүжиглэж, жүжиглэн тэднийг хэзээ ч ирсэн аюулгүй, тав тухтай газар бий болгохыг зорьж, тэднийг яг өөрсдөөр нь байлгана” гэв.
ХАМГИЙН МУУ ШУЛАМ
2016 онд дэлгэцийн дебютээ том цувралд хийсэн Белла Рамзи 2017 онд “The Worst Witch” алдарт хүүхдийн цуврал номны ижил нэрт телевизийн цувралд Милдред Хаббл гэх гол дүрийн охинд тогложээ. Тус дүрээрээ тэрбээр 2019 онд “BAFTA” буюу Их Британийн кино ба телевизийн академийн шагнал гардуулах ёслолоос шилдэг залуу жүжигчин, шилдэг хүүхдийн бүтээл гэсэн хоёр шагналын эзэн болжээ.
“The Worst Witch” хүүхдийн цуврал нь нийт дөрвөн бүлэгтэй бөгөөд Рамзи эхний гуравт нь л тогложээ. Учир нь энэ цуврал түүнийг их ядрааж, сэтгэл санааны хямралд оруулсан гэнэ. Түүнийг орлож, Лидиа Пэйж гэх охин цувралын дөрөвдүгээр бүлэгт Милдрд Хабблын дүрийг бүтээсэн.
Белла Рамзи тухайн үед инстаграм хуудаснаа “Үнэхээр хэлж чадахгүй шалтгааны улмаас энэ цувралд баяртай гэж хэлэх нь миний шийдвэр байсан. Үүнийг уншиж байгаа хүн бүр сэтгэцийн эрүүл мэндээ нэн тэргүүнд тавьж, өөрт тохирсон зүйлийг хийцгээе" гэж бичсэн байжээ.
Гэхдээ тэр удаан хугацаанд урлагаас хол байж чадсангүй. “HBO”-ийн “His Dark Materials” болон “Hilda”, “Becoming Elizabeth” зэрэг кино, уран бүтээлүүдэд дүр, дуу хоолойгоо мөнхөлсөн аж.
ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЭЦСИЙН НАЙДВАР
Видео тоглоом хөгжүүлэгч “Naughty Dog” студи 2013 онд “The Last of Us” гэх нэртэй тоглоомыг танилцуулж, тэсрэлт хийсэн. Амжилтад хүрсэн видео тоглоомынхоо хоёр дахь хэсгийг хүртэл дахин гаргаж, сүүлдээ телевизийн цуврал болсон нь өдгөө бидэнд хүрч байна. Үйл явдлын тухайд мутацид орсон мөөгөнцөр халдвар тарааж, зомбитой төстэй шинэ төрлийн мангасуудыг үүсгэдэг. Халдвар тархсанаас хойш 20 жилийн дараа Элли гэх 14 настай, онцгой дархлаатай охин Жоэл Миллер гэх ахимаг насны эртэй хамт Америкийг хөндлөн туулж, эмчилгээ, вакцин гарган авахыг зорино.
2021 оны хоёрдугаар сард Белла Рамзи “HBO”-ийн шинэ цувралын гол дүрд тэнцсэн нь Элли охины дүр байжээ. Харин Жоэл Миллерийн дүрд түүнтэй хамт нь “Game of Thrones”-д дүр бүтээж байсан Педро Паскаль сонгогдсон.
Цувралыг бүтээгчдийн зүгээс Рамзид хандан видео тоглоомыг нь битгий тоглоорой гэж зөвлөжээ. Харин үүний оронд “Youtube”-ээс тоглоомын хэсгүүдийг харж, дүрийн судалгаа хийгээрэй гэсэн аж.
Хэдий Рамзи, Паскаль хоёр өмнө нь нэг цувралд дүр бүтээж байсан боловч хэзээ ч биечлэн уулзаж байгаагүй гэнэ. Ийнхүү цувралын зураг авалт 2021 долдугаар сард Канадын Калгарид эхлэх үед хоёр гол дүрийн жүжигчид анх удаа уулзацгаав. Мөн Рамзи дүрийнхээ төлөө үсээ богиносгожээ.
Анхны уулзалтынхаа талаар Рамзи “Маш товчхон, онцгой уулзалт болсон. Бид бие биенээ мэддэг байсан ч бие биенээсээ ичиж байсан. Гэхдээ Жоэл, Элли хоёр бие биенээ мэддэг шиг бие биенээ мэдэх хэрэгтэй болсон” гэжээ.
Бараг бүтэн жил үргэлжилсэн зураг авалтын үеэр Рамзи зураг авалтын хуваарь, цар тахлын журмын улмаас гадаад ертөнцөөс бараг л тусгаарлагджээ. Одоо тэр их сургуулийн зайны сургалтад хамрагдаж, байгаль орчны шинжлэх ухааныг сонирхон жолооны шалгалтдаа бэлдэж байгаа сурагтай. Мөн Лондон руу нүүх бодол бий аж.
НОНБАЙНАРИ
Белла Рамзи өөрийгөө эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсэнд багтааж үздэггүй. Тэрбээр энэ оны эхээр “The New York Times”-д өгсөн ярилцлагадаа “Миний хүйс хувирамтгай. Хэн нэгэн намайг эмэгтэй хүн шиг дуудвал надад хамаагүй ээ. Харин эрэгтэй хүн шиг дуудвал сэтгэл хөдөлнө шүү. Би зүгээр л хүн баймаар байна. Хүйстэй байх эсэх нь надад нэг их таалагддаггүй. Гэхдээ төлөөний үг дээр би санаа зовдоггүй” гэжээ.
Холбоотой мэдээ