Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын 32 хүнд хилийн хориг тавилаа

Хуучирсан мэдээ: 2023.03.02-нд нийтлэгдсэн

LiveЕрөнхийлөгч асан Х.Баттулга нарын 32 хүнд хилийн хориг тавилаа

Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын 32 хүнд хилийн хориг тавилаа

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнгөрсөн хоёрдугаар сарын 15-16-ны өдөр үргэлжилж, гэм буруугийн шүүх хурлын товыг зарласан. Тус хурал өнөөдөр /2023.03.02/ болно. Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэгдүгээр сарын 25-нд хүлээн авч, хуульд заасан журмын дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа юм.

Прокуророос одоогийн байдлаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд хүргүүлсэн. Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүхийн эцсийн шийдвэр огт гараагүй бөгөөд хэлэлцүүлэгт нийт 257 оролцогч оролцсон юм.

ХЭДИЙ ХУГАЦААНД ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖЛЭХИЙГ ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ

ШЕЗ-ийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.БИЛГҮНЗАЯА:

-Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой гэх 80 гаруй холбогдогч 257 оролцогчтой 460 гаруй хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх тус хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гарсан хүсэлтийн дагуу Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчдын гэм буруугийн асуудал болон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй..

Яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтийг шийдвэрлэх, шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны танхим Монгол Улсад байхгүй. Гэхдээ Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах холбогдох арга хэмжээг авсан.

Шүүх хуралдааныг шүүх танхимаас бусад газарт хийх нийтлэг журмын дагуу тухайн танхимын техник тоног төхөөрөмжийг хангаж ажиллаж байна.

Хэргийн оролцогч болоод хавтаст хэрэг маш их байгаа учир шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргана. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө дүгнэх, хэдий хугацаанд шүүх хурал болохыг урьдчилан хэлэх боломжгүй.

17 : 37
2023-3-2

32 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлав

Нийслэлийн Прокурорын газраас Б.Батбаяр нарын нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн 1741000380228 дугаартай хэргийн шүүгдэгчдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт Улаанбаатар чуулгын байранд эхэлсэн боловч шүүгдэгч Х.Ганхуяг, Н.Баярчимэг нар нь гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа,  шүүгдэгч Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.Ганбадрах, шүүгдэгч О.Хуягцогтын өмгөөлөгч А.Золжаргал нарын зүгээс өөр шүүх хуралдаан давхацсан, шүүгдэгч О.Батбаатарын өмгөөлөгч Г.Гансүх хичээлтэй байгаа гэх, шүүгдэгч Б.Будхүүгийн өмгөөлөгч Б.Даваажанцан эрүүл мэндийн шалтгааны улмаас, шүүгдэгч Б.Чинзориг өмгөөлөгч сонгон авах хүсэлтэй тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус гаргасныг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

Уг шүүх хуралдаан хүртэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс  урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Б.Баттөр, Б.Даажамба, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Ж.Үхэртар, Т.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Т.Оюунчимэг, Д.Уянга, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, О.Хуягцогт, Г.Гантогтох, Х.Баттулга, Ц.Баярсайхан, Л.Аззаяа, Б.Цэрэндаваа, Ё.Доржсумьяа, Ц.Цэвэгмэд, Ё.Баатарбилэг, Ц.Билгүүн, Г.Байгалмаа, Г.Санжмятав, Г.Цолмон, Ж.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Л.Ням-Очир, М.Золжаргал, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Б.Батзаяа, Н.Баярчимэг нарын 32 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг нэмж авч, үлдсэн бусад 40 шүүгдэгчид урьд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, 6 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон тодорхой нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох, 1 шүүгдэгчид  албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, 1 шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан шийдвэрийг тус тус хэвээр үлдээж, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр болох шүүх хуралдааныг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай явуулахаар тогтов.

Түүнчлэн хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдаанд дуудан оролцуулах гэрч, шинжээчийн талаарх асуудлыг өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Жич: шүүх дээр хянагдаж байгаа энэ хэргийн асуудлаар зарим улс төрийн хүчний зүгээс тухайн хэргийн шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай байдлаар явуулж шүүгдэгчдэд ял завшуулах, эсхүл хэлмэгдүүлэх гэж байна гэх агуулга бүхий улс төржсөн мэдэгдэл гаргасан явдлыг шүүхийн зүгээс хариуцлагатайгаар няцааж байна.

Учир нь шүүх хуралдаан бүхэлдээ хаалттай горимоор явагдахгүй бөгөөд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэхээс бусад үед шүүх хуралдаан нээлттэй явагдах юм.

Мөн өнөөдрийн шүүх хуралдааны дараа нэр бүхий зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтуудаар шүүх 32 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг цуцалсан шийдвэр гаргасан мэтээр шүүхийн шийдвэрийг илтэд мушгин гуйвуулсан ташаа мэдээ, мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ 

12 : 13
2023-3-2

Шүүх хурал хойшилж, 32 хүнд хилийн хориг тавилаа

Шүүх хуралдаанд оролцогчдын өмгөөлөгчид хуралдааныг хойшлуулах санал гаргасныг шүүх хүлээн авчээ. Мөн 32 хүнд хилийн хориг тавьсан байна. Шүүх хурлыг 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэл хойшлуулжээ. 

12:00
2023-3-1

"Шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой"

BAL_6834-scaled-1

Хөгжлийн банкны шүүх хуралдаан эхлэлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нээлттэй явуулах хүсэлт гаргалаа. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Шүүх хуралдааныг хаалттай явуулах нь буруу. Нээлттэй хийж өгөх хүсэлт албан бичгээ өгсөн. Нээлттэй явуулъя гэсэн хүмүүсээ нээлттэй явуулах хэрэгтэй. Миний хувьд Ерөнхий сайд байсан хүний хувьд Засгийн газрын гаргасан бодлогын шийдвэр гэж юу болох талаар бүгдийг нь нотолгоотой бүх юмтай нь тайлбарламаар байна. Надтай холбоотой хэргээ Хөгжлийн банкнаас тусад нь явуулах хэрэгтэй.  Миний ярих юм эд нарынхтай огт таарахгүй.  Би Монгол Улсын Засгийн газрын нүүрсний экспортыг дэмжих тогтоол болон Төмөрлөгийн үйлдвэрлэлийг дэмжих тогтоолын тухай ярина. Тиймээс энэ бол хоёр өөр асуудал юм.  Ер нь цаашдаа МУ-ын Засгийн газрын гаргасан шийдвэрийг нэг хэсгийг нь аваад шүүх дээр ярих нь зөв үү буруу юу гэдэг дээр эргэлзэж байна. тэхдээ хамгийн гол ил тод явуул. Энэ асуудал сар гаруй хугацаанд хойшиллоо. Улс төрч хүний хувьд бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудал жил орчим яригдаж байна. Энэ тухай бас хаалттай явагдсан. Тиймээс заавал ил тод нээлттэй явуулах ёстой. Энэ Монгол Улсын цаашдын үйл ажиллагаанд хэрэг болно. Мөн олон талын сургамж ч гарч ирнэ. Ер нь хаалттай юм бүхэн ялзарсан муудсан байдаг” гэлээ.

Мөн Хөгжлийн банкны асуудалтай холбоотойгоор өнөөдөр УИХ-ын Н.Алтанхуягийн өмгөөлөгч шүүх хуралдааны үеэр ЗГХЭГ-ын сайд асан Сайханбилэгийг гэрчээр оролцуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Гэсэн хэдий ч Ч.Сайханбилэг гадагшаа явсан гэрчээр татан оролцуулах боломжгүй гэдгийг шүүгчдийн зүгээс хэлэв.

 

Н.Уянга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж