Хятадын нэгэн компани өнгөрсөн сарын 6-нд Афганистантай 25 жилийн хугацаатай газрын тос олборлох гэрээ байгуулсан. Олон сая ам.доллараар үнэлэгдэх энэхүү гэрээ нь Афганистаны хувьд анхны томоохон гадаад хөрөнгө оруулалт болжээ. Эцсийн гүйцэтгэл ямар байх талаар нарийн тооцоо судалгаа дэлгэсэн зүйл байхгүй ч адаглаад ажлын байр, ашиг орлогыг нэмэгдүүлнэ гэж шинжээчид харж байна.
Гэрээ байгуулсан компани нь Шинжаан Төв Азийн газрын тос, байгалийн хийн компани юм. Энэ нь Хятадын төрийн өмчит Хятадын үндэсний газрын тосны компанийн охин компани ажээ. Гэрээний дагуу Төв Азийн орнууд болон Афганистаны хооронд сунаж тогтсон Амударъяа мөрний сав газраас газрын тос олборлоно. Амударъяа мөрний сав газар нь нийт 4.5 хавтгай дөрвөлжин км талбайг хамардаг.
Хөрөнгө оруулалтын хэмжээ эхний жилд 150 сая ам.доллар байх бол дараагийн гурван жилд 540 сая ам.доллар байна. Талибаны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр өдөрт олборлох газрын тосны хэмжээ 1000-2000 тонн байх аж. Гэрээний эхэн үед Талибууд 20 хувиар түншлэх бол цаашдаа 75 хувь хүртэл сунгана.
“Өнөөгийн нөхцөл байдлыг, манай ард түмэн хэрхэн тэмцэж байгааг харахад энэ төсөл нь өөрсдийн нөөц баялгаас ашиг хүртэх боломжийг афганчуудад олгоно. Ашгийн ихэнх хэсэг засгийн газарт очсон ч ажлын байр бий болох давуу талтай. Энэ нь сайн хэрэг. Гэхдээ хэрэгжилт ямар байхаас бүх зүйл шалтгаална” гэж Афганистаны Газрын тосны газрын ерөнхий захирал асан Абдул Жалил Жумрайни хэллээ.
БҮТЭЛГҮЙ ТҮҮХ
Афганистаны өмнөх засгийн газар авлигын улмаас огцорч байсан удаатай тул зарим хүн энэ хөрөнгө оруулалтад болгоомжтой хандаж байна. Өмнөх засгийн газрын үед буюу 2011 онд Афганистаны “Ватан групп” болон Хятадын төрийн өмчит “CNPC” компанийн хооронд Хайгуул хийх, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байсан. Энэ нь Амударъяа мөрний сав газрын тендерт хамаарах гурван блокийн нэг “Кашкари” блокийн гэрээ байсан. “Хятадын төрийн өмчит компани маш том учраас, мөн тус улс бүс нутагтаа газрын тос, байгалийн хийн худалдан авалтаараа тэргүүлж байсан учраас энэ гэрээ засгийн газрын хувьд маш том ялалт байсан” гэж Абдул Жалил Жумрайни дурссан юм.
Хятад улс Туркменистанаас дөрвөн хоолойгоор хий импортолдог бөгөөд үүний гурав нь Узбекистан, нэг нь Тажикстанаар дамждаг. Тэд Афганистанд дөрөв дэх хоолойн нэг хэсэг болох боломжийг санал болгосон.
Тухайн үед Афганистаны засгийн газар “CNPC” компанийг тендер шалгаруулалтын нэг хэсэг болгохыг хүссэн боловч Хятадын тал татгалзжээ. Угтаа хятадууд тендер шалгаруулалт шударгаар явуулахыг зөвшөөрсөн бол Афганистанд газрын тосны салбараа хөгжүүлэх сайхан боломж гарах байсан аж. 25 жилийн хугацаатай уг гэрээний дагуу 87 сая баррель газрын тос олборлохын тулд 400 сая ам.долларын анхны хөрөнгө оруулалт хийхээр байсан. Эцэст нь Афганистаны талд очих ашиг нь долоон тэрбум ам.доллар байв. Гэвч хөрөнгө зарцуулалт, төсөвт асуудал гарсан учир “CNPC” компани олборлолтын талбайг хааж, ажилтнууд нь Афганистаныг орхижээ. Жумрайнигийн хэлснээр зардал тун өндөр байсан бөгөөд худалдан авах ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөөгүй байхад засгийн газар Хятадын талтай гэрээгээ хийсэн байна. Засгийн газар Хятад улсыг Афганистаны зэс, газрын тос, байгалийн хийн олборлолтын салбарын томоохон хөрөнгө оруулагч болно гэж найдсан ч төдийлөн санаснаар нь болоогүй юм.
Афганистаны засгийн газар хэлэлцээрийг сэргээхийн тулд хэд хэдэн оролдлого хийсэн ч амжилт олоогүй. Тэд Хятадад айлчилж, хэлэлцээрээ үргэлжлүүлэхийг хүссэн боловч нөгөө тал өөдөөс нь Амударъяагийн сав газрын 10 блок бүхий талбайг бүхэлд нь хариуцах хүсэлтийг сөргүүлэн тавьсан байна. Гэвч Афганистаны засгийн газар эсрэг шийдвэр гаргаж, оронд нь хийн түлшний блокыг тендерт оруулжээ. Хятадуудад тендерт оролцох санал тавьсан ч тэд сонирхоогүй.
Афганистанд газрын тос, байгалийн хийн асар их нөөц бий. Тус улс нь Туркменистанаар дамжин ЗХУ руу экспортлогчдын нэг байсан. Гэхдээ олон тэрбумын хөрөнгө оруулалт шаардагддаг учраас сүүлийн жилүүдэд хангалттай хэмжээний хайгуул хийгдээгүй.
Хятад, Афганистан хоорондын өмнөх гэрээ бүтэлгүйтсэн нь хэлэлцээрийг төрийн байгууллагатай бус харьяа компаниар дамжуулан хийсэнтэй холбоотой байж магадгүй гэж үзэж байна.
Дээрхээс гадна Мес Айнакийн зэсийн уурхайн бүтэлгүй жишээг энд дурдаж болно. Мес Айнакийн уурхай нь Кабулаас зүүн өмнө зүгт 40 км зайд орших ба дэлхийн хамгийн том ашиглагдаагүй зэсийн ордод тооцогддог. Хятадын нэгэн компани 2008 онд 11.08 сая тонн зэс олборлохын тулд Мес Айнакийн уурхайнуудыг 30 жилийн хугацаатай түрээсэлжээ. Түрээсийн хугацаа талдаа орсон ч ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй байна.
Тиймээс элдэв тоо, зорилтыг зарлахын оронд газар дээр нь бодит хөрөнгө оруулалтыг хийх хүртэл афганчууд эргэлзсээр байх нь зөв юм. Энэ удаад нэг жилийн дотор гэрээгээ биелүүлэхгүй бол гэрээ автоматаар хүчингүй болох аж.
АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АШИГ СОНИРХОЛ НЭГДҮГЭЭРТ
Афганчууд Хятадын хөрөнгө оруулалтаас юм олж долоож чадах эсэх эргэлзээ байгаа хэдий ч энэ хэлэлцээр Талибаны засгийн газрын хувьд улс төрийн нэн чухал ач холбогдолтой. “Хятадын компаниуд өмнөх бүтэлгүйтсэн хэлэлцээрүүдийг дахин эхлүүлэхийн тулд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Талибантай байнга холбоотой ажилласан. Одоогийн шинэ гэрээ нь үндсэндээ эдгээр яриа хэлэлцээний үр дүн юм” гэж Хятадын геополитикийн чиглэлээр мэргэшсэн судлаач Жиай Жоу хэлэв.
Хятад, Афганистаны харилцаа нь эдийн засгийн ашиг сонирхол гэхээсээ илүү аюулгүй байдалд тулгуурладаг аж. Тодруулбал, энэ нь Зүүн Туркистаны Исламын хөдөлгөөнийг бэхжүүлэхээс сэргийлэх болон АНУ-ыг эргэж ирэхээс сэргийлэх гэсэн хоёр том хүчин зүйлээс үүдэлтэй. Зүүн Туркистаны Исламын хөдөлгөөн бүлэглэл нь “Аль-Каида”-тай холбоотой зэвсэгт бүлэглэл бөгөөд Хятадын эх газарт халдлага үйлдэж байсан удаатай. Тиймээс Талибаны засгийн газрыг тогтворжуулах нь Хятадын ашиг сонирхолд нийцнэ гэж үзэж байна.
Аюулгүй байдлын ашиг сонирхол нь ямар ч тохиолдолд эдийн засгийн ашиг сонирхлоос дээгүүр тавигдах юм.
Талибууд Хятадаас гадна өөр хэд хэдэн хөрштэй хэлэлцээр хийж, эдийн засгийн хамтын ажиллагааны төслүүдээ сэргээж байна. Хөрш орнууд нь бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах үүднээс Талибантай ямар нэг байдлаар харьцахаас өөр аргагүй гэдгийг судлаач Жиай Жоу онцоллоо.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ