БАЙР СУУРЬ: Гүнээс олборлож эхэлснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ

Хуучирсан мэдээ: 2023.03.01-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Гүнээс олборлож эхэлснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ

БАЙР СУУРЬ: Гүнээс олборлож эхэлснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ

Монгол Улсад дэлхийн хэмжээний “Оюутолгой”-н гүнийн уурхайн олборлолт 2023 оны эхний улиралд эхлэх таатай мэдээлэл хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна. “Рио Тинто” компани Монгол Улсын Засгийн газартай өнгөрсөн оны нэгдүгээр сард харилцан ойлголцож, хэлэлцээрт хүрснээр олон жил яригдаж ирсэн олон асуудлыг цэгцэлсэн. Тухайлбал,

Эхний хүдэр буулгуурын бүтээн байгуулалтыг 2022 оны зургадугаар сард дуусгаснаас хойш өдгөө нийт 27 хүдэр буулгуурыг бүтээж, гүнийн уурхайн олборлолт эхлэх хугацааг энэ оны нэгдүгээр улирал болгон наашлуулж чаджээ.

“Рио Тинто” компани өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ны өдөр 2022 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулахдаа “Оюутолгой” төслийг онцлов. Тайлангаас онцлон дурдвал, “Оюутолгой” 2022 оны дөрөвдүгээр улиралд 32,343 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэснээр өнгөрсөн онд нийт 129,468 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэж, 110-150 мянган тонн үйлдвэрлэх төлөвлөгөөгөө биелүүлсэн байна. Мөн улиралд төлөвлөгөөний дагуу 34,222 унц баяжмал дахь алт үйлдвэрлэснээр 2022 онд нийт 183,787 унц үйлдвэрлэж, 165-185 мянган унц баяжмал дахь алт үйлдвэрлэжээ.

Өнөөдрийн байдлаар, “Оюутолгой”-н гүний уурхайгаас хүдрийг газрын гадаргад хүргэх туузан дамжуургын ажил 30 орчим хувьтай байгаа аж.

“Оюутолгой”-н гүнийн уурхайн олборлолт эхэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. Энэ талаар “Рио Тинто” компанийн  Зэсийн группийн захирал Б.Болд болон эдийн засагч Ч.Отгочулуу нарын илэрхийлсэн байр суурийг хүргэе.


“ОЮУТОЛГОЙ”-Н ҮНЭ ЦЭНИЙГ ГАЗРЫН ГҮНИЙН ХҮДРИЙН БИЕТЭЭС НЭМЭГДҮҮЛЭХ МӨЧ ОЙРТЛОО

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.БОЛД:

-Ил уурхайгаас олборлосон анхны зэсийн баяжмал экспортод гарч, олон улсын зах зээлд хүрснээс хойш 10 жилийн дараа ийнхүү бид Монгол Улсын Засгийн газартай үр дүнтэй хамтран ажиллаж, “Оюутолгой”-н үнэ цэнийг газрын гүнийн хүдрийн биетээс нэмэгдүүлэх мөч ойртлоо. Би хувьдаа үүгээр маш их бахархаж байна. Гүнийн уурхайн олборлолтыг эхлүүлснээр бид газрын гүнд орших хүдрийг олборлож, түүнээсээ орлого олж эхэлнэ. Хэдийгээр гүнийн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэл дахиад хугацаа шаардлагатай ч бид хөрөнгө оруулагчид, нийт ажилтнууд, манай түншүүд, эх оронд минь тустай чухал нэг зорилтдоо хүрлээ.

Энэ бол үндэсний хэмжээний их бүтээн байгуулалт, мөн ололт, амжилт.

Ирэх 12 сарын хугацаа бидний хувьд маш чухал үе. Энэ хугацаанд бид блокоор нураан олборлох үйл явц хэрхэн үргэлжлэхийг сайтар ажиглана. Блокоор нураан олборлох нь нэлээд нарийн ярвигтай, уулын даралтат хүчийг ашиглан хүдрийг татаж авдаг аргачлал юм. Бид “Оюутолгой”-н гүнийн уурхайд дата өгөгдөл цуглуулах, анализ дүгнэлт хийх хамгийн сүүлийн үеийн систем, технологийг “Рио Тинто”-гийн блоклон олборлох уурхайнууд ажиллуулж ирсэн 25 жилийн туршлагатай хослуулснаар амжилттай ажиллах үндэс суурь бий болно. Нураан олборлолт маань төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Олон сорилт бий ч гүний уурхайн бусад панелиудын бүтээн байгуулалттай холбоотой ажлууд урагшилсаар байна. Гүний уурхайн үлдсэн хэсгүүд буюу Панель 1, 2-ийн зураг төсөл, загвар бүтээн байгуулалтыг Панель 0-ээс цуглуулсан өгөгдөл, туршлагад үндэслэн сайжруулан ажиллаж байна. 4-р босоо ам 500 метрийн гүний шугамыг давсан байгаа бол 3-р босоо ам 400 метрийн гүнд хүрсэн, цаашид малталт нэвтрэлтийг зорилтот түвшин 1,100 метр хүргэхээр ажиллаж байна.

Бид Монгол Улсад урт хугацаанд хөрөнгө оруулж, үйл ажиллагаагаа явуулж, түншлэл, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна.

“Туркойс Хилл Ресурс”-ийг худалдан авч, "Оюутолгой"-д хөрөнгө оруулсаар байгаа маань Монголд тууштай, итгэл үнэмшил дүүрэн хөрөнгө оруулан ажиллахаар сэтгэл шулуудсаныг харуулж байна. Бид Монгол Улсын Засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажиллаж байгаа төдийгүй өнгөрсөн, одоо, ирээдүйн аливаа асуудалд хоёр талаас хүлээцтэй, хүндэтгэлтэй хандан хичээл зүтэл гаргаж байна. Асуудлуудыг хамтдаа шийдвэрлэж, нээлттэй хэлэлцэж ирсэнд би хувьдаа машид урамшиж байна.

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах нөөц бололцоо их бий. Бид гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээ тэмдэглэн хөрөнгө оруулагчдыг энэ жил уурхайдаа хүлээн авч, нөр их бүтээн байгуулалтаа танилцуулна. Манай чадварлаг ажиллах хүчний 97 хувь нь монголчууд бөгөөд дотоодын 850 ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж байгаагийн 100 нь Өмнөговьд үйл ажиллагаа эрхэлдэг. Ирэх жилүүдэд дэлхийн уул уурхайн экспертүүдийн эгнээнд монголчууд олноороо нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Өдгөө 100 орчим монгол мэргэжилтэн АНУ, Мадагаскар, Австрали зэрэг улсад “Рио Тинто”-гийн өөр өөр бүтээгдэхүүний группүүдэд ажиллаж байна.

“Tуркойс Хилл Ресурс”-ийг худалдан авч, "Оюутолгой"-н гүнийн уурхайн олборлолт, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх нь манай Зэсийн группийн цаашдын өсөлтийн стратегийн нэг хэсэг. 2030 он гэхэд бид зэсийн үйлдвэрлэлийн нийт гарцаа хоёр дахин нэмэх томоохон зорилт тавьсан. Бид энэ онд дэлхийн хэмжээний “Оюутолгой”-н гүнийн уурхайн үйлдвэрлэлийг аажмаар өсгөн, гарцыг нэмэгдүүлэх бөгөөд тэвчээр, сахилга баттай ажиллах болно.


ЭКСПОРТЫН ОРЛОГО НЭМЭГДЭЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛНӨ

 Эдийн засагч Ч.ОТГОЧУЛУУ:

-"Оюутолгой"-н гүнийн уурхайн олборлолт эхэлснээр экспортын орлого нэмэгдэнэ. Энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэсэн үг. Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хамгаалах, сайжруулахад харгалзах гол хүчин зүйл болно. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр дамжин төсвийн орлого сайжирна. Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх нааштай алхам болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж