С.Бямбацогт: Айлчлалын үр дүн гарч, БНСУ-руу 80 нислэг хийх боломж бүрдлээ

Хуучирсан мэдээ: 2023.03.01-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Айлчлалын үр дүн гарч, БНСУ-руу 80 нислэг хийх боломж бүрдлээ

С.Бямбацогт: Айлчлалын үр дүн гарч, БНСУ-руу 80 нислэг хийх боломж бүрдлээ

Засгийн газрын өнөөдрийн /2023.03.01/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дараах мэдээллийг хийлээ.

Тэрбээр "Засгийн газраас агаарын тээврийн либералчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээх, "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг агаарын тээврийн зангилаа төв болгох зорилт дэвшүүлсэн.  Эдийн засгаа солонгоруулж, олон тулгууртай болгоход аялал жуулчлалыг хөгжүүлэх  шаардлага байгаа.  Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээврийн салбар чухал үүрэгтэй. Энэ хүрээнд Зам тээврийн хөгжлийн яамнаас бодлогын томоохон арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн 2021 онд 30 гаруй улс руу нислэг үйлддэг байсан бол 2023 онд 50 орчим улс руу агаарын тээврийн хэлэлцээр байгуулах бодлого ,зорилт дэвшүүлж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас 105 чиглэлд гадаад улс руу нисэх боломжтой болгосон. Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилсан. Айлчлын үр дүн эхнээсээ гарч эхэлсэн. Тухайлбал, БНСУ руу нислэгийн тоо, нислэгийн багтаамжийг нэмэгдүүлсэн. Долоо хоногт 44 нислэг хийх боломжтой байсан бол одоо  80 орчим нислэг хийх боломжтой болсон. Өдөр болгон 11 нислэг Монгол Улс, БНСУ хооронд хийх боломжийг бид бүрдүүлсэн байна.  Зөвхөн Сөүл хот руу нислэг хийдэг байсан бол одоо Бусан, Дэгү, Мянгу гэсэн хотууд руу нислэг хийх боломжтой болсон.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Катар, Кувейт улстай агаарын тээврийн хэлэлцээр байгуулах эрхийг надад олголоо.  Энэ асуудлыг шийдвэрлэснээр Ойрхи дорнодын орон, баруун Азийн орнууд руу шууд нислэгтэй болох юм. Шууд нислэгээр экспортын бараа таваар тээвэрлэх, аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой.

Өнгөрсөн нэгдүгээр сард Зам тээврийн хөгжлийн яам АНУ-тай Open sky агаарын тээврийн хэлэлцээрийг үзэглэсэн. Ирэх  оны зургадугаар сард хэлэлцээрийг зурна. Ингэснээр  АНУ, Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болно. Өөрөөр хэлбэл, МИАТ компани болон Америкийн авиа компаниуд Америк- Монголын хоорнд шууд нислэг үйлддэг болно.

Австрали улс руу шууд нислэг үйлдэхээр, мөн 2023 онд Англи, Грек, Унгар зэрэг улсууд руу шууд нислэг үйлддэг болохын тулд хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Энэ нь Монгол Улсад олон жуулчин авчрах боломжийг бүрдүүлнэ.

Түүнчлэн Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт оруулснаар Монгол Улс -Япон улсын хооронд нислэгийн давтамж 7 хоногт 26 байсныг 62 болгох боломжтой болгосон. Өдөрт 10 удаагийн нислэг үйлдэх.

Монгол Тайландын хооронд 7 хоногт 10 удаагийн нислэг үйлддэг байсан бол 7 хоногт 30 орчим болгож, гурав дахин нэмэгдүүлсэн.

Монгол Туркийн хоронд нислэгийн давтамж 6 байсан бол 34 болгож, нэмэгдүүлсэн. Турк эйрлинестэй Монголын МИАТ аяллын дугаар хувааж эзэмших боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, МИАТ дээр тийз захиалаад дуртай улс руугаа Турк эйрлинсээр дамжаад хямд үнээр нисэх боломж бүрдүүлсэн.

Бээжин хот руу өдөрт 6 удаа нислэг хийх, долоо хоногт 42 удаагийн ислэг үйлдэх боломжтой болсон.

Дотоодын агаарын тээврийн компаниуд 2022 онд 13 агаарын хөлөг оруулж ирсэн. 2023 онд том оврын 4, орон нутгийн нислэгт нисэх 2 хөлөг оруулж ирэхээр ажиллаж байна.

МИАТ компани Бойнг 787-900 маркийн хоёр том онгоц оруулж ирэхээр ажиллаж байна.  Ингэснээр АНУ, Австрали тив, баруун Европын орнууд руу дунд нь буухгүйгээр шууд нислэг үйлддэг болно.

Нислэгийн томилгоотой холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд салбарын сайд давуу эрх олголоо гэдэг хэл ам их гардаг байсан. Энэ асуудлыг цэгцлэх зорилгоор нислэгийн таван авиа компани ярилцаад тохирсон нислэгийн томилгоог шийддэг байх эрхийг олгож, зөвхөн сайд батламжилдаг болсон. Үр дүнд нь нислэгийн тоо нэмэгдэж, нислэгийн цэгүүд нэмэгдсэн" гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж