Гуаш, будгийн үнэр ханхалсан уран бүтээлч Н.Батбаатарын урлангаар зочиллоо. Түүний урлан бидний хэлж заншсанаар 100 айлд байрлах уран бүтээлчдийн нэгдсэн урлангийн "Г" байрны нэг давхарт бий. Тэрбээр маргааш /2023.03.02/ нээлтээ хийх хамтарсан үзэсгэлэнгийнхээ бэлтгэлийг базааж, тун завгүй угтав. Үүдээр ормогц жижиг хөрөг зургаас эхлээд том хэмжээтэй уран зургууд өрөөстэй харагдана.
Зураач Н.Батбаатар нь 2010 онд Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн сургуулийг төгссөн бөгөөд 2012 оноос уран бүтээлээ эхэлж, өнөөдрийг хүртэл 100 гаруй бүтээл туурвисан залуу уран бүтээлч.
Түүний уран зургийн бүтээлүүдэд хөрөг зураг болон судалбар зураг давамгайлах аж. Сүүлийн жилүүдэд монгол зургийн элементүүдээр баяжуулан холимог техниктэй хослуулсан аж байдлын, түүхэн сэдвүүдийг багтаасан шинэ туршилт бүхий бүтээлүүдийг хийж буй. Тухайлбал, абстракт болон монгол зургийн элемент бүхий хэлбэрүүдийг багтаасан, реалист зургийн барилыг нэгтгэхийг эрмэлзсэн бүтээлүүдээс нь баригдахгүй хоосон зүйлс, үлгэр домгийн сэтгэлгээ харагдана. Түүнтэй "Адил үгүй ертөнц" хамтарсан үзэсгэлэнгийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
-Үзэсгэлэнгийн бэлтгэл ажил гээд завгүй явна уу. Үзэсгэлэнгийн нэр их сонирхол татаж байна?
-Зураач Л.Бумандорж, Ж.Анунаран, Н.Батбаатар, Д.Баатарсүрэн нар хамтран "Адил үгүй ертөнц" үзэсгэлэнг гуравдугаар сарын 2-нд "Монгол арт" галерейд дэлгэх гэж байна. Өөрөөр хэлбэл дөрвөн өөр ертөнцийг нэг дор харж, мэдрэх боломжтой. Бид үзэсгэлэнгийнхээ талаар хоорондоо ярилцаад уран бүтээл болгон нь хувь уран бүтээлчийн ертөнцөөс үүдэлтэй гэдэг утгаарааа дөрвөн өөр хүн, дөрвөн өөр ертөнцийг харуулахыг зорьсон. Энэ үзэсгэлэнг дэлгэх болсон гол шалтгаан нь “Нандин зүрх” төрийн бус байгууллагаас “Artscape” төсөл хэрэгжүүлж, уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг цувралаар толилуулж буй. Уг цуврал үзэсгэлэнгээр хүүхэд, залуусын урлагийн боловсролын ойлголтыг сайжруулах, өргөжүүлэх, түүнчлэн бага болон өсвөр насны хүүхдүүдэд урлагаар дамжуулан өөрийгөө таних, нээх боломжийг шат дараатай олгох зорилготой юм.
Үзэсгэлэнд дөрвөн уран бүтээлчийн 40 гаруй бүтээл буюу олон янзын арга барил, хэлбэр, илэрхийлэл бүхий уламжлалт бүтээлээс орчин үеийн холимог арга техник, барилтай бүтээлийг нэгэн зэрэг хослуулан үзүүлнэ.
-Урланд орж ирэхэд энэ том хэмжээний бүтээл нүдэнд туслаа. Хараахан дуусаагүй юу?
-Энэ бүтээл маань хараахан дуусаагүй байгаа. Уг бүтээлээрээ монголчуудын нийтлэг дүр төрхийг Чингис хааны дүрээр дамжуулан харуулж буй юм. Нарийн харвад Их эзэн Чингис хааныг хувь хүн талаас нь, түүний түүхэн байлдан дагуулалт, бидний өвөг дээдсийн их нүүдэл, тэнгэрийн бөө шүтлэг, монгол орны байгалийн үзэсгэлэн зэргийг харж болно.
Өөрөөр хэлбэл, Б.Шарав зураачийн "Монголын нэг өдөр" хэмээх алдартай бүтээл шиг гэсэн үг.
Энэ бүтээлээ хоёр сар орчим зурж байна. Хамтарсан үзэсгэлэндээ оруулах гэсэн боловч нарийн ажиллагаатай учраас амжиж дуусгаж, чадсангүй. Одоохондоо энэ бүтээлдээ нэр өгөөгүй. Ер нь би уран бүтээлийнхээ агуулгыг нь зурчихаад оновчтой нэр өгөхдөө жаахан тааруу. Уг бүтээлийн урт нь гурван метрийн хэмжээтэй. Үүнээс гадна 350 метрийн хэмжээтэй том бүтээл ч бий. Нийт дөрвөн уран бүтээлчийн 10 гаруй зураг нь үүн шиг том хэмжээний бүтээлүүд эзэлж байгаа. Бусад нь дундаж хэмжээ буюу 120-150 метрийн хэмжээтэй зургууд байх юм.
-Уран зургийг монгол зурагтай хослуулна гэдэг амаргүй. Зураач хүнээс ямар ур чадварыг шаардаж байна вэ?
-Тун хэцүү. Залуу уран бүтээлч учраас заримдаа ур чадвар хүрэхгүй байх тохиолдол гарна. Аль болохоор хичээж, нэг ёсондоо уран бүтээлчийн хувьд "үзэж тарж" байна. Өөрийнхөө арга барилыг олохыг хичээж явна.
-Таны хувьд урландаа хэр хугацааг өнгөрүүлж байна вэ?
-Миний ажигласнаар гадаадын уран бүтээлчид хагас цагаар урландаа сууж, ажилладаг. Миний хувьд сүүлийн гурав дөрвөн жил бүтэн цагаар урландаа сууж, уран бүтээлдээ цаг зарцуулж байгаа.
-Уран зургуудаасаа нэгийг нь онцолж танилцуулбал?
-Одоо үзэсгэлэнд дэлгэгдэх гэж буй "Лхам" гэдэг нэртэй бүтээл бий. Би багадаа хөдөө нутагт өвөө, эмээ дээрээ өссөн. Цагаан сарын баяр болохоор надаар гэрийнхээ тотгоны дээр гурван мөсийг тавиулж, ямар учиртай гэдгийг нь тайлбарлаж өгнө. Их шүтлэгтэй хүмүүс байсан. Цагаан сар болохоор хуучны бурхадын танка зургуудыг гаргаж тавина. Бага байхад бурхадын зураг намайг дагуулж харж байгаа юм шиг санагддаг байсан.
Сүүлд ойлгоход алдартай зураач Да Винчигийн Мона Лизагийн хөрөг зураг хүнийг дагуулж харж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэгтэй адилхан ч юм шиг.
Лхам бурхны унаж буй морь нь мөс долоож ундаалдаг гэдэг. Тэр хүүхэд насны төсөөллөөрөө "Лхам" бурхныг төсөөлж, зурсан бүтээл. Өнгөрсөн оноос 2023 онд дамжин зурж дуусгасан юм. Уран бүтээлчийн дүрсээр илэрхийлж болохгүй санаа гэж бий. Тэр болгоныг гаргахыг хичээсэн.
-Урланд нь хөрөг зураг олон харагдана. Хүмүүс захиалга их өгдөг үү?
-Би байгалийн судалбар зураг зурах их дуртай. Тэндээсээ эрч хүч, сайхан энергийг мэдэрдэг. Мэдээж уран бүтээлч хүн хөрөг зураг зурах чадвартай байх ёстой. Зарим нь таньдаг уран бүтээлчийнхээ хөргийг зурна. Захиалгатай хөрөг зургууд тэр дороо эзэндээ очдог.
Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн
Холбоотой мэдээ