Гадаад паспортынх нь хугацаа дууссанаас Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудалд саатуулагдаад буй ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын иргэн Боромангнаев Монгол Улсаас орогнол хүссэн гэх асуудал яригдаж буй.
Монгол Улсад мөрдөж байгаа хууль, олон улсын гэрээ конвенциор дээрх иргэний хүсэлтийг нь хүлээн авах боломжтой юу гэсэн сэтгүүлчийн асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан дараах хариулт өглөө.
Тэрбээр "Халимагийн иргэн Казахстан улсаас ирээд Монгол Улс руу нэвтэрч болохгүй болсон шалтгаан нь уг иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссанаас болж саатсан. Дэлхийн аль ч улс хугацаа нь хэтэрсэн, хүчингүй болсон паспорттой иргэнийг улсдаа нэвтрүүлдэггүй, боломжгүй. Олон улсын яриа хэлэлцээр, агаарын олон улсын яриа хэлэлцээрийн төвшинд энэ асуудлыг зохицуулсан байдаг.
Орогнол хүсэх, хугацаа нь дууссан гадаад паспортоор нэвтрэх гэх нь хоёр тусдаа асуудал гэдгийг зөвөөр ойлгоорой. Хууль зүй, дотоод хэргийн сайд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.
Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг Засгийн газар хэзээ шийдвэрлэх вэ гэсэн асуултад “Нэг сайд албан ёсоор яллагдагчаар татагдсан. Тэр даруйдаа УИХ-ын болон Засгийн газрын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхлэхээр уг асуудал яригдана.
2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилохдоо Ерөнхий сайд нь Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулсны үндсэн дээр чөлөөлөх, огцруулах асуудлыг шийддэг процесстой болсон. Өргөдлөө өгсөн сайдын асуудлыг УИХ-ын хаврын чуулган эхлэхээр танилцуулан, чөлөөлж дараагийн сайдыг томилох асуудал тухайн цаг үед яригдана.
Улс төрийн намын тухайд дүрмийн дагуу намын гишүүн нь яллагдагчаар татагдсан тохиолдолд нэг сарын дотор түдгэлзэх өргөдлөө өгнө. Хэрвээ дээрх сар дотор багтаан хүсэлтээ өгөхгүй бол Намын хяналтын ерөнхий хороо хуралдаж шийдвэр гаргадаг" гэж хариуллаа.
Харин Засгийн газрын өнөөдрийн /2023.03.01/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар дараах мэдээллийг өгөв.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчлахдаа нэг зүйлийг онцгойлон тавьсан нь Монгол Улсын иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгодог болох хүсэлт байсан.
Уулзалт үр дүнтэй болж, БНСУ-ын Ерөнхийлөгч улсынхаа Ерөнхий сайд, Хууль зүйн сайд болон холбогдох албаны тушаалтнууддаа үүрэг өгч, Монгол Улсаас тавьсан саналын дагуу визгүй болох нөхцлийг судалж, богино хугацаанд танилцуулах үүрэг өгөгдсөн. Ерөнхий сайдын айлчлалын үеэр яригдсан энэ асуудлыг ажил хэрэг болгохын тулд гуравдугаар сард БНСУ-ын Хууль зүйн сайд Монгол Улсад айлчлахаар болж байна.
Мөн Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хүрээнд визний нөхцөл хөнгөрсөн. Эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилгоор БНСУ-д зорчих шаардлагатай иргэн, түүний асран хамгаалагч, донорын визний нөхцөлийг нэн хөнгөлөлттэй болгохоор болсноо танилцуулсан. Эмнэлэгт зайлшгүй үзүүлэх шаардлагатай, эмнэлэгт хэвтэх яриа хэлцлээ хийсэн, зарим тохиолдолд, урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэдийг визгүй нэвтрүүлнэ гэдгээ хэлсэн.
Мульти виз гэж байдаг, түүнийг нэг, хоёрхон төрлөөр олгодог байсан. Бизнес эрхлэх зорилгоор мульти виз олгодог байсан бол Солонгосын тал төрлийг нь олон болгоё гэсэн. Тэгэхээр эрүүл мэндийн шалтгаан, гэрээт байдлаар ажилладаг, бизнесийн төрлөөр зорчих тохиолдлуудад энэхүү виз олгодог болох.
Гуравдугаарт, Солонгосын тал ч тэр Солонгос дахь Монголын Элчин сайдын яам хүчин чадал хүрэлцэхгүй байна гэдэг асуудлыг ярьсан. Жишээлбэл, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд консулын хоёрхон ажилтан ажилладаг. Энэ олон мянган хүмүүсийн визийн хүсэлтийг судлахад цаг их зарцуулдаг учраас хүчин чадлаа нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.
БНСУ-д Монгол Улсын 53 мянган иргэн ажиллаж, амьдарч байна, жижгэвтэр аймгийн хэмжээний хүн байгаа. Тэдэнд Элчин сайдын яамны 17 хүн үйлчилгээ үзүүлж байгаа тул 53 мянган хүнд хүрч ажиллах бүтэц бий болгох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс Гадаад харилцааны сайдад үүрэг болгож, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг чиглэл болгосон гэлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ